Төвийг сахих нь | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хуучирсан мэдээ: 2015.10.20-нд нийтлэгдсэн

Нийтлэлч А.Баатархуяг бичиж байна.


Монголын талд хэн байна вэ?

Огт хошигнолгүйгээр эхлэхэд сэтгүүл зүй бол хамгийн ихээр төвийг сахихыг шаарддаг юм. Гэвч амьдрал дээр яадаг билээ дээ. Үйл явдлын эргүүлэг дунд төөрөлдөх, хэлбийх нь олонтаа, дээр нь байгаа мэдээллийн агуулга хэмжээнээс их зүйл хамаардаг, өөрөөр хэлбэл “төвд” тэнцвэр барьж чадах эсэх нь субьектив шалтгаантай байдаг. Ур чадварын хувьд тусдаа асуудал л даа, ер нь сэтгүүл зүй утга зохиолоос ялгаатай нь мэдээлэл олох, боловсруулах нь нийт ажлын 90 хувь, харин найруулах, “гоё бичих” бол үлдсэн 10 хувь юм даа.

Ерөнхийлөгч “Төвийг сахих” санаачлага дэвшүүлсний дараа аядуугаар хэлэхэд нийгмийн хэлэлцүүлэг идэвхтэй өрнөж байна. Шударгаар хэлбэл хэрүүл шуугиан болж байна. Нэг талаас нийгэм хямарсны шинж, улсын тэргүүн юу ч хэлж байсан нулимдаг энэ эрээ цээргүй явдал бол ямар ч ардчиллаар тайлбарлаж болшгүй утгагүй эд л дээ. Үүнийг тэгээд улс гэр гэх үү? Бас улс төр гэх үү?

Хэрэв ийм санаачлага гарсан бол шинжээчид, судлаачид, тоймч, нийтлэлчдийн зэрэгцээ эрх барьж буй болон идэвхтэй сөрөг хүчин, эрх барилцагч намуудын удирдлагууд өөрсдийгөө бодлого тодорхойлоход оролцдог гэдгээ ойлгодог л юм бол албан ёсны байр сууриа зарчмын хувьд илэрхийлэх ёстой. Гэтэл тэд дуу гаргахгүй болохоор дуртай сонирхогчийн амны зугаа болж байгаа юм. Эцсийн дүндээ энэ нь хямралыг өдөөгөөд шийдэлгүй үлддэг. Зөөлнөөр хэлэхэд аль ч нам асуудлаа эрэмблэх чадваргүй байгаа хэрэг. АН ч үүнд хамаатай, учир нь ”Ерөнхийлөгч тэртэй тэргүй манай намын хүн” гэж тооцох нь бүдүүлэг логик, хуулиараа Ерөнхийлөгч “АН-ын хүн биш”. Тиймээс ийм зааг ялгааг байнга барьж байх ёстой.

Сүүлийн хоногуудад ямарваа айлчлалын сонин хачинг сонсоход ч, дипломатуудын хүлээн авалтын үед ч ярианы нэг гол сэдэв нь “Монголын төвийг сахих статус” гэгч болсон байна. Гадаад улс орнууд, хөршүүд энэ санаачлагыг маш их анхаарч сонирхож байна. Францын элчин сайд Ив Дэлүнэ гуай “Гадаад бодлогод батлах нь чухал биш, хэлэлцэх нь чухал, хэрэв хэлэлцүүлэг идэвхтэй байгаа бол сайн хэрэг” гэж байна.

Харин дотоодод олонхи санаа бодлыг харахад асуудалд хандах хандлага нь хэт субьектив юм, жишээ нь би “арчилсан-либраал” хүн, АН-ын гишүүн гэвэл АНУ-ын талд л байх ёстой, эсбөгөөс би Элбэгдоржид дургүй, би Орост хайртай, МАН-МАХН-ын “угшилтай комнийст” тиймээс “Төвийг сахих нь буруу” гэсэн логик гаргалгаанууд л мэдрэгдээд байна. Үүнээс болж хэлэлцүүлэг олонхдоо хаа байсан Путлер, Обама сармагчингийн тухай сэтгэгдлээр дуусч байна, энэ хэнд хэрэгтэй вэ? Хамгийн гол нь монгол нь хаана байна аа? Эхлээд “Монголын тал” болчихоод асуудалд хандвал арай дээргүй юу?

Ахиад “Хүйтэн дайн” уу?

Дэлхийн “II хүйтэн дайны босгон дээр” байгаа гэлцэж байгаа нь үнэн. Оны эхээр ОХУ-ын “Россия сегодня” агентлагаас манай агентлагийг ШХАБ-ын орнуудын голлох хэвлэл мэдээллийн байгууллагуудын хуралд оролцохыг урилаа. Манай агентлагаас гадаад мэдээлэх хэлтсийн дарга оролцсон, ирээд өгсөн тайланд дурдсанаар бол оролцогч орнууд ялангуяа зохион байгуулагч ОХУ-ын агентлагаас “Шинэ хүйтэн дайны” нөхцөл байдал үүссэн гэж үзэж, ШХАБ-ын орнууд үүнд нэг тал болж идэвхтэй ажиллах санал гаргаад, цаашид хурлыг тогтмолжуулж санал солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Энэ тал дээр Оросууд нэн идэвхтэй байна.

ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын гол агентлагууд, буурь суурьтай хэвлэлүүд, телевиз радиогийн удирдлагууд, тоймчид оролцсон энэ хуралд “Монцамэ” ажиглагч,  төвийг сахигч л байсан. Ямар нэгэн хандлага илэрхийлсэнгүй ээ.

ШХАБ-ын нөгөө талд АНУ-д ч суртал нэвтрүүлгийн ажлыг орхигдуулсан, ялалтандаа эрдэж давуу талаа алдсан гэх шүүмжлэл хүчтэй өрнөж байна. Хувьчилсан агентлагуудын хувьцааг худалдаж авах, төрийн мэдлийн агентлагуудыг чадавхижуулах ажлыг эрчимтэй хийж байна. Үүнд орчин үеийн мэдээллийн технологийг ашиглахыг хөхүүлэн дэмжиж байна.

Хэдий төсөв хүндрэлтэй байгаа ч “Монцамэ” хэвлэлийн захиалгыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ сайтаа хоёр ч удаа шинэчилж орчин үеийн түвшинд дөхүүллээ.  Хэдийгээр сард 10 сая хандалт авах зорилго тавьсан ч чадсангүй, 8 саяас бууж дунджаар 6 сая дээр тогтож байна, гэхдээ оргил үедээ эрэмбээрээ 131 800-д хүрэв. Оросын “РИА Новости” 93 мянгад байхыг бодоход Хятадын “China daily”-г давсныг харахад овоо дэвхэрсэн авч хөрөнгө оруулалт тасалдсанаас алдчихлаа л даа.

Гэвч Японы “Nikkei” гэрээ хийх санал тавьж манай сайтад рекламны баннераа байршуулах болсон нь өөрөө нэр төрийн баталгаа юм. Мэдээллийг хүргэх талд анхаарч орлогоо рекламнаас олдог системд шилжиж байгаа ч хямрал нэрвэж л байна. Хамгийн гол нь “Монцамэ”-г монголд мэддэггүй, байдаг юм уу л гэх юм. Хандалтын ердөө 1,5 хувь нь л дотоодоос байдаг.

Гэхдээ “Монцамэ” гадаадад мэдээлэх чиг үүрэгтэй учраас дотоод сурталчилгаа хийж болдоггүй, хуулиар хориотой “зэвсэг” болчихоод байна. Гэвч агентлагийн гадаад чиглэлтэй мэдээлэл яаж ч байсан “төвийг сахих” чиг шугамаас хазайх боломжгүй байгаа нь манай гадаад бодит нөхцөл байдлыг илтгэдэг.

 

Тооцоогүй шалтгаан

Авч буй мэдээллүүдийг уншаад миний л бодох нь Монголд “Төвийг сахих” нэг том шалтгаан байна. Энэ бол хоёр хөршийн хэт ойртолт юм. Ийм үед манай гадаад бодлогод томъёолсон “гуравдагч хөрш” маань одоо бодит байдалд “хоёрдогч хөрш” болж байна.

Коммунизмын үедсэн бол үүнийг “Хэт их жанжлагч Америкийн империалистуудын санаархлыг тас цохихын тулд ах дүү Орос-Хятадын ард түмэн ган бат найрамдлын гэрээ байгууллаа” л гэж мэдээлэх байсан биз.

Монголыг тойрсон энэ хөршүүдийн нягтрал нь Монголыг хатуухан амтай бахинд хавчуулж байгаагаас ялгаа юун. Газар зүйн байршлын хувьд далайд гарцгүй, экспортод ашигт малтмал  зонхилсон Монголын хувьд энэ нэг их таатай ойртолт биш ээ. Наад зах нь манай нүүрсний экспорт огцом хумигдаж буй нь цэвэр хоёр хөршөөс шалтгаантай. Өөрөөр хэлбэл манай хойгуур байршилтай нүүрсний ордуудаас өмнөд хөрш нүүрс авч байна. Нэгэнт хоёр хөршийн эрх ашиг ийм байгаа бол бид яах вэ? Тэд биднээс эрх ашгаа асууна гэж үү? Өөр зах зээл, өөр зам хайхаас аргагүй.

Өмнөд хөрштэй ярилцаж тохиролцоод энэ байдлыг зөөллөх алхам хийж БНХАУ-ын дарга Си Жинпиний айлчлалын үеэр Монголоос тээвэрлэх нүүрсний тээврийн тарифыг “нэн таатай” нөхцлөөр тогтоов. Нэн таатай гэдэг нь бараг дотоодын тарифаас хямд гэсэн үг. БНХАУ-тай хиллэж байгаа бүх орноос манайх л ийм хэлэлцээрт хүрч чаджээ.

Үүний дараа манай Ерөнхийлөгч айлчлалынхаа үеэр Германы канцлерт “Манай нүүрс Оросоос гадна өөр замаар Европт хүрэх боломжтой болсон” гэж хэлснийг “Бид нүүрсээ Оросоор дамжуулахгүй гэж хэллээ, Оросуудыг гомдоож байна” гэж мушгиж бөөн шуугиан дэгдсэн. Шалгаж үзэхэд уг сурвалж нь “Россия сегодня” агентлагийн мэдээ байсан ба хоёр өгүүлбэрийн байрыг сольчихсон тул ингэж мушгихаар болжээ. Анхдагч эх сурвалж нь Германы Засгийн газрын албан ёсны сайтад байсан, тэнд бүх яриа бүрэн эхээрээ байсныг орчуулж залруулав. Уг нь Ерөнхийлөгч нүүрсээ л зарах гэж яваа нь тэр шүү дээ. Гэтэл Монголд ийм л юм болж байв.

Өнгөрсөн зууны тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн явцад бидэнд “Төвийг сахих” боломж өчүүхэн ч байгаагүй юм. Монголчууд их ухаантайдаа, эсвэл тэнэгтээ коммунизмыг сонгосонгүй ээ. Сонголт биш тулгалт байсан юм. Үүний улмаас өмнөд хөрш БНХАУ хүйтэн дайны жилүүдэд хамгийн хүнд дарамтыг умардаас л авч байсан, тийм ч учраас өнөөгийн Хятадын цэргийн долоон тойргийн дөрөв нь Монгол Улсын хилийн өмнөд бүсэд байдаг.

Монголчууд коммунизмыг сонгосон нь тусгаар тогтнолын тулгуур болохын хувьд Умард хөршөө л дагасан хэрэг. Тэгж яривал БНХАУ ч коммунист улс, чухамдаа 1990-ээд онд дэлхий дахинд өрнөсөн ардчилсан өөрчлөлтийн давалгаанд Монгол улс хамрагдахдаа мөн л Умард хөршид гарсан өөрчлөлтийг л дагасан. Түүнээс коммунизмдаа үнэнч байж өмнөд хөршөө дагаагүй. Хэрэв ЗХУ-д өөрчлөн байгуулалт эхлээгүй бол, Зөвлөлт гүрэн задран унаагүй бол бид ардчиллыг сонгох байсан уу? гэж асуугаад бодоод үзэх л хэрэгтэй. Тийм учраас өнөөдөр ч олон хүн манай тусгаар тогтнолын гол тулгуур бол Орос гэж үздэг хэвээр, энэ нь ч бас үнэн.

Энэ бол хоёр хөршийн хооронд, бүр коммунист системийн доторх явцуу орчин дахь манай гадаад улстөрийн тоглолт, тэнцвэрийн түүх юм. Төр улс оршин буй цагтаа эрх ашгаа л урьтал болгодог, хэдийгээр хүний нийгэм хөгжсөн гэдэг ч байгалийн хатуу ширүүн хуулиар л амьдрал үргэлжилж л байна. Орост дэглэм ямраар тогтоно, монголд тийм л байсаар ирсээр XX зууныг туулсан даа.

1990 онд Ардчилсан хувьсгал ялсны дараа Монголчууд дэлхий нийттэй бүх талаар нээлттэй харилцах боломжтой болсон. Гадаад бодлогод ч энэ бол хамгийн том өөрчлөлт байсан юм. Үүнийгээ бид “гуравдагч хөршийн бодлого” гэж нэрлэж тогтсон. Тэр цагаас манай гадаад орчин хамаагүй өргөжин тэлсэн.

Гэвч бид хоёр хөршөөсөө хаашаа ч холдохгүй. Монголчууд тусгаар тогтнол аюул занал учирвал өмнөд хөршөөс л учирна гэж үздэг. Панмонгол үзэл гаргахдаа үргэлж Өвөрмонголын асуудлыг ярихаас буриад, тува, уул алтай, халимагийн тухайд аядуу хандлагатайг бүгд л мэднэ. Хэзээ ч Оросууд Монголыг эзэлнэ гэдэггүй. Чухамдаа 200 мянган цэрэг нь байрлаад, арми нь өмнөд хөрштэй хийх дайнд “өөрийн үүргийг гүйцэтгэх хэмжээнд” шүдээ хүртэл зэвсэглээд байсан тэр үед хэн ч “эзлэгдлээ” гэж бодож байгаагүй юм. Үнэндээ тэгэхэд гараад л явчихсан шүү дээ. Энэ бол том итгэл найдвар үлдээсэн үйл явц байсан.

Дэлхийн шинэ дэг журам нэг туйлт системээс олон туйлт системд шилжих ёстой гэж хоёр хөрш маань дуу нэгтэй хашгираад эхэлсэн энэ үед Монголчууд яах ёстой вэ? Хоёр хөршийн зөрчил дунд тусгаар тогтнолоо хамгаалж, хадгалж ирсэн улс нөгөө зөрчил нь намжаад гар гараасаа барилцаад нэг зорилгод нэгдээд эхэлбэл бид яах вэ? Энэ халуун тэврэлтийн дунд бид хайлчих юм биш биз? Хоёр хөрш хамтдаа туйлын нэг талд гарчихаад “хоёр туйлт дэг журам”-аа бидэнд тулгаад эхэлбэл яах вэ?

Үүлэн чөлөөний нар шиг гадаад эдийн засгийн, улстөрийн орчны таатай нөхцөл арилж байна. Энэ нь дэлхийн улстөрийн нөхцөл байдалтай холбоотой. Эцэстээ манай эдийн засагт ч нөлөөлж эхэллээ. Орос орон түүхий эд экспортлогч болохоос импортлогч биш, тиймээс эдийн засгийн хувьд хуучин “худалдан авагч маань” манай өрсөлдөгч болж хувирсан байна. Энэ их том өөрчлөлт. 25 жил ертөнц энэ хэвээр явах юм шиг найрлаж суусан үе өнгөрч байна. Өнгөрсөн 25 жилд Монголчууд Хятадын хүчирхэгжлийг болгоомжлон харж, Орос буцаж тэнхрээсэй л гэж залбирч суусан. Яагаад гэвэл жингийн тулгуур нэг тийш савлан унахаас болгоомжилсон.

Хятадын нөлөөллийг хаахын тулд хуучин ЗХУ-ын орон зайг “гуравдагч” хөршүүдээр яаж ийгээд дүүргэхийг л хичээж байсан. Асуудлын гол ардчилалдаа ч биш, тусгаар тогтнолын баталгаа нь ардчилсан дэглэм учраас бид өнөөдөр ардчиллаас, эдийн засгийн либерализмаас яаж ч хүсээд ухарч болохгүй. Гэвч Орос буцаад хүчирхэгжихдээ тулбал Хятадыг тулан өндийнэ гэсэн прогноз манайд байсан уу? гэдэг л хамгийн чухал асуулт байхгүй юу.

Энд бидний алдаа байсан юм биш биз? Сүх далайтал үхэр амар гэгч болчихгүй байгаа гэсэн сандрал л манай нийгмийн маргааны цаад сэдэл болоод байгааг анзаарах хэрэгтэй шүү дээ. Ийм нөхцөлд өмнөхийн адилаар бүр “нэн шинэ түүхийн (сүүлийн 25 жилийн)” уламжлалаар маргаад, мэтгэлцээд суух цаг үлдсэн үү?

Дэлхий дахинд улсаа төлөөлдгийн хувьд Ерөнхийлөгч, түүний институц, гадаад хэргийн яам энэ талаар шийдэл олох үүрэгтэй улс. Дээр нь стратегийн болоод бусад судалгааны хүрээлэнгүүд, ҮАБЗ бүгд Ерөнхийлөгчийн институцтэй илүү ойр ажиллаж байгааг бид бүгдээрээ мэднэ. Түүнээс Ц.Элбэгдорж гэдэг нэг “бие хүн” жаахан шаналж байгаад нэг л өглөө “Төвийг сахина” гээд шийдчихсэн хэрэг биш шүү дээ. Энд эрхбиш ардчилсан, тусгаар улсын төрийн институциуд ажиллаж байгаа шүү дээ. Тэр ч байтугай ямар ч дарангуйлагч шийдвэр гаргахдаа ямагт мэргэжлийн байгууллагуудын зөвлөмж мэдээлэлд тулгуурладаг.

Хямрал, ялангуяа нийгмийн оюун санааны хямралын цаад шалтгаан нь “айдаст” үндэслэсэн байна. Тиймээс хийрхэл түргэн зуур тархаж байгаа бөгөөд аливаад шүүмжлэлтэй хандах, ингэхдээ эрүүл ухаанаа хадгалах тэр чадвар нийгмийн өргөн хүрээнд үе үе алдагдаад байгааг ажиглаж болно. Мөн энэ “аймшигт асуудал” тун удалгүй мартагдаж байгааг ч анзаарч болно.

Ийм үед тунгаан бодоцгооё та минь. Төвийг сахих гэж юу вэ? Судалцгаая. Бидний мэдэх бараг цорын ганц жишээ Швейцарь. “Үлгэрлэвээс Швейцарь лугаа хөгжих” Ж.Цэвээний эшлэлээс өөр юуг бид мэдэх вэ? Дэлхийн сүүлчийн дайны өмнөх Швейцарь, өнөөгийнхөөс ялгаатай юу? Ядаж Швейцарь өнөөг хүртэл “Төвийг сахисан” хэвээрээ юу? гэдэгт олон хүн хариулж чадахгүй хэрнээ “Төвийг сахих” боломжгүй гэж дүгнэх хэрэг юун.

Орос-Хятадын эвсэл буюу манай нэг, хоёр дахь хөрш манай гуравдагч хөршийн “толгойлогчийг” сөрж байгаа нь найдвартай юу, баттай бол хэдий болтол? Энэ эвсэл ямар нөхцөлд оршин тогтнох бол, ямар нөхцөлд сарних бол, ямар нөхцөлд батжин бэхжих бол… гэх мэтийг тооцох л цаг.  

Ийм үед нэг л зүйл дээр хүмүүс нэгдэх юм, хэзээ ч өмнөд хөрш манай тусгаар тогтнолын баталгаа биш, тэндээс л аюул учирч мэднэ гэдэгт. Энэ бол түүхэн шалтгаантай.  Ингэж нэгдсэн атлаа яг тусгаар тогтнолын баталгаа хэн бэ? гэхээр ОХУ, АНУ гэж талцаж байна. Нэгдэл байна, талцал байна, харин одоо талцлаа шийдэх ёстой. Гэхдээ аль нэгний талд биш Монголынхоо талд байх нь чухал.

Өмнөд хөрш

Ерөөсөө өмнөд хөрш муу муухайн үүр уурхай монголыг залгих гэж бүхнээ зориулдаг улс ч биш, манай найрсаг хөрш. Чухамдаа өнөөгийн нөхцөлд Хятадын талаас харвал Монгол улс бол Оросоос халхавчлах бас л буфер. Өмнө дурдсанчлан цэргийн тойргуудаа огт өөрчлөлгүй хагас жарныг үдэж байна. Ю.Цэдэнбалын үе шиг юу юугүй Умард хөрштэйгээ эвсээд, хил дээр нь зэр зэвсэг хангинуулаад, өвөрлөгчид рүү ухуулга хийгээд байхгүй, түүхэн нутгийн маргаанаар хийрхээд байхгүй, амар амгалан, цатгалан хөрштэй байхыг Хятадууд ч бодож байгаа.

Нөгөө талаас харвал АНУ хэдийгээр манай гуравдагч хөрш гэдгээ зарласан ч түүхэн ой санамжаараа “Монголыг” биднээс өөрөөр төсөөлдөг улс. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Хэнри Кессинжер Дэн Сяопинээс “Та Америкийн тухай ямар бодолтой байдаг вэ? гэж асуухад “Нас нь залуу байна, дүгнэхэд эрт байна” гэсэн гэдэг.

Англи хэлтнүүд Хятадыг “China” гэдэг энэ бол Чин гүрний үед “нээсэн” гэсэн үг. Гэтэл Оросууд “Китай”, Испани “Cathay” буюу манай Кидан гүрний нэрээр нэрлэдэг. Америк “ой санамжаар” бол Монгол нь Чин гүрний нэг хэсэг, Оросууд л салгаж тоглоомын улс байгуулсан гэж үздэг. Энэ ойлголт коммунизмын сүүл үеийн ЗХУ-БНХАУ-ын зөрчлийн үед Хятадтай ойртсон АНУ-ын албаныхны авсан ойлголт. АНУ бий болж байхад гүүдэлчдийн сүүлийн эзэнт гүрэн Зүүнгарын хаант улс Чингийн мэдэлд орж байсан давхцал бий. Америк “ухаан суухад” Монгол Улс гэж байгаагүй. Тиймээс China, Cathay гэдэг үгийн ялгаа нь л их зүйлийг өгүүлдэг. Хоёр мянга гаруй жилийн түүхтэй улс, 200 гаруй жилийн түүхтэй гүрний л ойлголцлын ялгаа шүү дээ. Харин Орос, Хятад хоёр хөрш маань олон зуу, олон мянган жилийн түүхийнхээ туршид сайн, муугаа үзэлцэж явсан учраас яаж ч тоглосон эрхбиш эртний үндэстэн улсын үлдэл болохыг ямагт санасаар байдагт бидний “нэр төр” оршдог.

Үүнтэй адил бид Хятадыг мэддэггүй, нарийвчилж судлаагүй, 70-аад жил “төмөр хэрэмний ард” байснаас орчин үеийн судалгаа дутмаг, тэр ч байтугай Хятад хэлний нэршил зүйгээ ч зөв тогтоогүй учраас удирдагчийнх нь овгийг хүртэл Си, Ши гэж өөрөөр бичдэг болчихсон ийм л улс. Хятадад өчнөөн асуудал байна, ялангуяа өмнөд тэнгисийн бүсэд хөршүүдтэйгээ асуудалтай байна. Амар мөрнөөс Амдо, Казахын хил хүртэл тархан суусан Хятадын харъяат монголчууд энэ уудам тал нутгийн хаа нэгтэй нэг хот айл Хятадын нүүрсний машинд няц дарууллаа гэдгийг сэтгэл нэгтэй сонсож байдаг. Хэрэв тэд түрхрэн хөдөлбөл нэг өөртөө засах оронд биш Хятадын хамгийн эмзэг гурван өөртөө засах орныг самууруулах боломжтой.

Хуучин стратегийн баримт бичгийг харахад манай арми өмнөд хөрштэй муудалцвал хоёр үүрэгтэй. Зүүнбаянгийнх хориглох, харин Өвөрхангайн дивиз болоод баруун тойрог Ланжоугийн чиглэлд давших. Манай хилийн баруун өмнөдөд ХАЧА-ийн баруун жигүүрийн хамгийн гол тойрог Ланжоугийн цэргийн тойрог байдаг. Эндээс Төвд, Шинжаан дахь цэргийг удирддаг, Шинжааны тойрог гэж байдаггүй юм. Сүүлийн үеийн мэдээллээр энэ тойрогт сөнөөгч онгоцны таван хороо, бөмбөгдөгч онгоцны нэг хороо байна. Бүтцийг харвал хориглолтын шинжтэй, онгоцнууд нь Оросын МИГ 21, 24-ийн хувилбар загварынх. Хэрэв бөмбөгдөгчид дайрагчид олон бол давшилтын шинжтэй байх ёстой. Эндээс нэг дүгнэлт гарна.

Харин манай хойд хилийн дагуу дандаа тусгай хороо, сумангууд байршсан байна. Тусгай гэдэг нь химийн, цөмийн гэх мэт төрөл цэргийнх. Хэрэв өмнөд хөршөөс Монголд довтолж, Оросын хилд ойртдог юм гэхэд монголтой хятадтай нь ниргэчих хүч бий. Лав л одоохондоо цэргийн аюул занал бага байна, гэхдээ юмыг яаж мэдэх вэ? гэж цэргийг мянган өдөр тэжээдэг биз?

Өмнөд хөршийн цэргийн шинжээчид “Монголын армийн зэвсэг хуучирсан, гэхдээ дайны нөхцөлд бэлтгэгдсэн 8000 гаруй хүнтэй цомхон армитай, жил бүр болдог олон улсын “Хааны эрэлд” (яг оносон орчуулга нь “Хааны сорил” юм) цэргийн сургуулилт нь манай улсад аюул занал учруулахгүй, Монголчууд л зальжин зангаараа үүгээр дамжуулж эдийн засгийн сонирхлоо хангаж авахыг эрмэлзэж байгаа хэрэг, одоохондоо Америкчууд газар нүхлээд эсвэл сансраас монголыг хамгаалах технологитой болоогүй” л гэсэн байдаг.

Хэрэв уншигчид хүсвэл Хятадын олон улсын шинжээч Сун Гоатаогийн бичсэн “Зүүн хойд Азийн дөрвөн орон” номын “Хэлж болдоггүй нууцууд” нэртэй дөрөвдүгээр бүлгийг цувралаар тавьж болно. “Монцамэ” агентлагаас дэлхийн улс орнууд ялангуяа хөрш орнуудад гарч буй Монголын талаарх мэдээ мэдээллээр Засгийн газрыг хангах ажлыг Н.Алтанхуяг Ерөнхий сайдын үед ажил авмагцаа эхлүүлсэн, энэ хүрээнд манай тоймч Ц.Сүрэнжав энэ номыг орчуулсан болно. Энэ номоос өмнөд хөршийнхөн Монголын талаар ямархуу ойлголттой, судалгаатай, төсөөлөлтэй байдгийг мэдэх, мэдрэх боломж бас бий юм. Сайн ч юм бий, муу ч юм бий. Эндээс хардлага ба бодит байдлыг нийлэгжүүлэх боломж бий.

Манай арми хуучирсан Т-54, 55 танкуудаа Т-72 болгон өөрчилсөн байна. Танкийн биатлонд оролцож байгаа нь түрүүлэх эрмэлзэлдээ ч биш Монголын арми энэ танкийг ашиглаж сурсан гэдгийг л харуулах зорилготой нь ойлгомжтой. Хятадууд өөрийн T-80 танкаар оролцдог ч Оросын танкийн л сайжруулсан хувилбар. БТР-60 хуягт тээвэрлэгчид маань БТР-80 болсон ба агаараас эсэргүүцэн хамгаалахад “Печора 125” пуужингийн систем нэвтэрсэн байна. Одоохондоо манай боломж энэ, угаасаа дайнд бэлтгэж байгаа биш. Бас таван МИГ 29-ийн захиалга өгсөн, Боингтой хийсэн онгоц худалдан авах гэрээний цаана цэргийн тээврийн онгоц авах асуудал бий гэх мэтийг л ярьж байгаа шүү дээ. Оросууд яахав дээ, “Монголын ганц нисдэг тэрэг уначихаж, Ерөнхийлөгч нь уурлаад Батлан хамгаалахын сайдаа буудчихсан чинь бүх сум нь дуусчихжээ” маягийн онигоо л шидэлцэж суугаа.

Өөр аймаар юм юу байна?

Нэгэнт цэргийн аюул ийм төвшинд байгаа бол Монголд өөр энэ талын аюул тун бага шүү дээ, хоёрхон хэт их хөрштэй юм хойно. Тэднийг даваад маньд хүрдэг хэн байх вэ? Хүн амын олонх шашингүйн үзэлтэй, манай хасгуудыг муслим энэ тэр гэдэг ч тэдний дотор ч шашингүйн үзэл жин дарна, нарийндаа буддизмыг шашингүйн үзэлд хамруулдаг тал байна, Монголын буддизм бол бүр прагматик учраас шашны зөрчил байхгүй. Хүн амынх нь үнэмлэхүй “монгол буддист” учраас бусад шашныг “үл тэвчих” уламжлал алга. Улстөрийн хямралтай байгаа ч гэсэн хэн ч дарангуйлагч тоталитар байтугай авторитар дэглэмийг сурталчилдаггүй, үнэндээ нийтлэгээрээ ардчиллын үнэт зүйлийг хамгаалах, зарим нэг гажуудлыг засах, их холдоо үндэсний эрх ашгийг дөвийлгэх, өөрийн орны онцлогийг харгалзан үзэх уриа л бий.

Эдийн засгийн хувьд ч гэсэн либерализмыг эрс шүүмжилдэг хүчин байхгүй, гагцхүү “Бороо  ба Сентерра” гоулд, “Туркойз хиллс”-тэй хийсэн ашиг багатай гэрээг л шүүмжилж байна, бид ингэх эрхтэй. Чухамдаа “барууны хөрөнгө оруулагч” далбаан дорх тэдний энэ ааш авир нь зарим талаар улстөрийн болон эдийн засгийн эрх чөлөөний үзэл-либерализмын нэр хүндийг бас гуравдагчдын маань нэр нүүрийг унагаж, биднийг цөхрөөж байгаа нь үнэн. Барууныг шүүмжлээд Хятадыг орхилоо энэ тэр гэдэг ч тэднээс бусад нь Япон, Өмнөд Солонгос, Европын хөрөнгө оруулагчид сайн л нэртэй байгаа. Зөвхөн тэднийг шүүмжлэхээс илүүтэй бид өөрсдийгөө, тэдний идэш болсон авилгачдаа хатуу шүүмжилж, шийдвэртэй тэмцэх ёстой. Хэдийгээр бид амихандаа их л үймж бужигнаж буй мэт авч яг үнэндээ ийм л асуудлууд байгаа шүү дээ.  

Ерөнхийлөгч барууны ямарваа хөрөнгө оруулалтыг дэмждэг, баруунд сургууль төгссөн учраас “Монголоо барууныханд худалдах гэж байгаа” гэх мэтийн гаргалгаа бол үнэн инээдтэй ичиж үхмээр дүгнэлт, гайхалтай нь үүнээс болоод Ерөнхийлөгчийн зарласан “Төвийг сахих” бодлогоос өөрөөр хэлбэл “өөрийнхөө бодлогоос өөрсдөө айгаад” эсэргүүцээд унана гэдэг бүр ч хөгийн л юм байхгүй юу. “Москвад унгахад Улаанбаатарт дусаачихдаг” үе өнгөрсөн, тэр үеэ ахиж давтахгүйн тулд бид бодлого гаргаж хэлэлцэж байна, ингэлээ гээд “Америкт улсаа худалдах гэж” байгаа хэрэг биш.

Алдаатай мадагтай олон гэрээний цаана авилгын л хар хор явдаг, гэтэл авилгатай хамгийн идэвхтэй тэмцэж байгаа хүн нь Ерөнхийлөгч гэдгийг бүгд л харж байна. “Юу ч хийдэггүй” гэж шүүмжлэх, ямарваа санал санаачлага дэвшүүлэхээр утга учиргүй улайран эсэргүүцэх нь нийгмийн сэтгэцийн өвчлөлийн шинж болохоос эрүүл саруул шүүмжлэлийн үнэр ч байхгүй байгаа нь харамсалтай. “Юм хийнэ” гэдэг нь тэгээд Ерөнхийлөгчийн хувьд юу юм, эксковатор бариад газар ух гэсэн үг үү? Тэрийг чинь Ерөнхийлөгч биш эксковаторчин гэдэг хүн хийдэг. Ардчилсан нийгэмд хоёул ижил эрхтэй.

Тиймээс “Төвийн сахих” бодлого гэж юу болох, хэрхэн хэрэгждэг ямар үр дүнд хүргэдэг яавал зохих талаар энэ талын мэргэжилтэн, мэргэшсэн хүмүүс хялбаршуулсан тайлбар, өгүүлэл, нийтлэлийг олноор гаргаж олон нийтэд таниулах л ёстой юм байна.

Төвийг “Шивцаар” л сахидаг уу?

Миний л ажиглаж, ойлгож байгаагаар энэ “Төвийг сахих” бодлого нь өнгөрсөн зууны тэнцвэрийг барьж байсан уламжлал дээр сүүлийн нэн шинэ түүхэнд бий болсон гуравдагчийн бодлогыг нэмж дипломатын үйл ажиллагаагаар тусгаар тогтнолоо баталгаажуулах алхам юм гэж ойлгогдож байна. Айгаад байх юм байхгүй, бид ингэх ёстой, эрхтэй. Өөрөөр хэлбэл хуучин ЗХУ-ын орон зайг өнөөгийн ОХУ ба БНХАУ мөн гуравдагчийн оролцоог тэнцүүлэн дүүргэх, ингэхдээ аль нэг талтай дайсагнах буюу нэг талд хэтэрхий ойртох замаар бусадтай нь зөрчилдөхгүй байх дипломатын бодлого гэж ойлгож байна. Хамгийн товчдоо “Дайсангүй байя аа” л гэсэн үг шүү дээ.

Өөр зарим шалтгаан бий, жишээ нь Монголыг ШХАБ-ын гишүүн болгох шахалт байнгын шинжтэй байна. Гурван улсын удирдагчдын байнгын “Улаанбаатарын уулзалт” хийх санал энэ шахалтаас болоод явахгүй байна. Манайх л ШХАБ-аас гадуур яриа хэлэлцээрийн механизм бий болгох гэж оролдсон хэрэг. Үүнийг “Элбэгдорж Хятадад худалдагдлаа, Си Жинпин нүдээ ирмэв” гэж гутаах хэрэг байна уу? 

ШХАБ-ын гишүүн жижиг улсуудын эдийн засгийн дорой буурай байдал биднийг тийш алхахаас хойш нь чангааж байна. Хамгийн ойрын Киргиз, Тажикийн эдийн засгийн байдал нь ШХАБ-ын хамтын ажиллагааны хүрээнд эдийн засгийн сэргэлт хүлээх нь тааруухан үр дүнтэй байж болохыг харуулаад байна. Дэлхийн зах зээлтэй ямар нэг сувгаар холбогдохгүй л бол Орос, Хятадын зах зээлд түшиглэж хөгжих нь өөрөө өрөөсгөл гэдгийг бид ойлгож л байгаа шүү дээ. Эцсийн дүндээ бодит байдалд бид жижиг улс, манай гадаад дотоод бодлогын бүх цөм зангилаа “эрх ашгаа тулгах хүртэл хүчирхэгжихэд” биш эдийн засгаа өөд татахад л чиглэж байдаг “даруухан амбицтай” улс шүү дээ.

Харин ШХАБ-ыг АНУ-ыг сөрсөн эвсэл, бараг л “шинэ Варшавын гэрээ” шахуу ойлгодог АНУ Монголын тийш хандсан ямарваа алхам бүрт эмзэг хандаж байгааг анзаарахгүй байхын аргагүй л байна. Үүний тулд л “Бид танай гуравдагч хөрш” гэж зарласан. Илүү прагматикаар сэтгэж ШХАБ-ыг “эдийн засгийн интеграци” гэж ойлгоод элсэж, оролцоогоо зохицуулаад явах саналтай АН-ын гишүүд ч олон бий. Үүний зэрэгцээ сүүлийн жилүүдэд манай улс, төлөөлсөн Ерөнхийлөгч нь олон улсын байгууллагуудтай, АПЕК, АСЕАН-тай ойр хамтран ажиллах талаар идэвхтэй ажиллаад байгаагийн эцсийн санаа нь “Манай бараа бүтээгдэхүүнийг л зах зээлдээ нэвтрүүлээч” гэсэн хүсэлт байдаг.

Үүнийг л “1, 2, 3”-дагчдад ойлгуулахын тулд ямарваа нэг томъёолол хэрэгтэй байгаа, тэр нь “Төвийг сахих” гэж нэрлэгдсэн байна. Монголын төрийн жолоонд ямар ч хүчин, ямар ч хүн гарсан нэг, хоёр, гуравдагч хөршүүдээсээ аль нэгийг тоохгүй орхиж чадахгүй, болохгүй нь тодорхой энэ үед бодлогыг шүүмжлэхээсээ өмнө маш тодорхой мэдээлэл шаардаж, яг юу болохыг нарийн задлаж хэлэлцэх нь илүү үр дүнтэй байна. Түүнээс Төвийг сахих, Шивцаар, Цэвээн гурвыг л яриад л байвал яриад л байна.

Нэг бол өвөг дээдэс л дандаа ухаантай байдаг, нэг бол хойд урд хөршийн удирдагчид ухаантай байдаг, эсбөгөөс Америк, Европын удирдагчид ухаантай байдаг, Монгол л болдоггүй “тэнэгүүдийн орон” гэлцэж, үргэлж субьектив хүчин зүйлээс аврал эрж, өөрсдийгөө голдог энэ өвчнөөс салж, идэвхтэй оролцоогоороо бодлогод нэмэр болдог баймаар. Энэ л боловсролтой монголын дүр төрх болж чадна.

Яагаад энэ бидний үе ухаалаг шийдвэр гаргах чадваргүй гэж, яагаад бид муу гэж, ирээдүй хойч маань энэ бидний үед “Төвийг сахих” маш оновчтой бодлого томъёолсон шүү гэж яагаад дурсаж болохгүй гэж? Тэр тусмаа Монголын “төвийг сахих” бодлого нь хөгжил дэвшил аажмаар шилжиж буй цэцэглэсэн дорнын ертөнцөд үлгэр дуурайл шинэ үзэгдэл болж болохгүй юу? “Үлгэрлэвээс монгол лугаа адил төвийг сахих…” талаар хэн нэгэн бичиж ч магадгүй. Түүнээс “Элбэгдорж лугаа адил…” гэж хэн ч бичихгүй, энэ бол улсын бодлого. Шүүмжлэл сайн, ингэх тусам алдаа гаргах боломжийг хааж гэмээ нь шүүмжлэл тустай байх гол үүргээ гүйцэтгэнэ гэдгийг л санацгаавал ямар?…

А.БААТАРХУЯГ

Эх сурвалж: baabar.mn

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-10-20 103.229.120.234

Төвийг сахих гэхээр сайхан л сонсогдож байна. Маш энгийн ойлголтын түвшинд шүү. Гэхдээ олон талаас нь бодмоор байгна. Тэгэж бодох олон талын эерэг зүйл, эрсдэлийг сэтгүүлч гаргаж чадсангүй л дээ. Төвийг сахисан орнууд ихэвчлэн хөгжлийн хувьд хөл дээрээ зогссон орнууд байдаг, аа манайх. Нөгөө хөрөнгө оруулалт татах, гадаад хамтын ажиллагаанд яаж нөлөөлөх бол. Газар нутгаа аваад хаашаа ч нүүхгүй манай орны хувьд 2 хөрштэй харилцах харилцаанд ямар нөлөө үзүүлэх бол. Өмнө олон улсын байгууллага, гадаад орнуудтай байгуулсан урт хугацааны гэрээ хэлэлцээрт хэр нийцэлтэй бол. Төвийг сахих бодлого маань олон улсад хэр дархлаатай, баталгаатай байх бол. Нөлөө бүхий гүрнүүд үүгээр далимдуулж ямар хязгаарлалт, хамтын ажиллагааны хүрээ хэмжээ тогтоох бол. Эсвэл бүр сөрөг хандлага гарах болов уу. Маш сайн бодууштай байхаа. Манай томоохон, туршлагатай диплотатууд маш их болгоомжилж байгаа юм билээ шүү.

lodon 2015-10-20 24.17.202.49

elbegdorjiin ambiz mongol orniig hyatadaas haraat bailgah chigleled neg alham hiilee dee

tyyhch 2015-10-20 103.9.90.232

XX zuund delhii deer hentei ch negdedgui 2 uls baisan: Umard solongos, Albaniin udirdagch nar heniig ch sonsohgui, hend ch zahiragdahgui geseer uls oronyh ni ediin zasag ni ch hugjuugui, ard tymen ni ih ulsuj zovson . Unuugiin tuviig sahihch Sweizari ni delhii deer ediin zasgiin ursulduh chadvaraaraa 1-d yavj bgaa uls. Mongol shig orny huvid undesnii erh ashig en terguunii asuudal yum. Ene ashig sonirhol ni hursh orny undesnii erh ashigtai niitsej baih yostoi. Hoid hurshiin strategi sudlaachdad "Hezee negen tsagt urd zugt hun am ni bagtahaa bna, uragshaa teleh, ezleh gazar ugui...Ter ued "tsartsaany nuudel", tankiin tsuvaa mglyg dairan ungurnu gesen aimshigtai scenari bdag yum. 2 hursh bidniig hamtarch hugjiie geed l bgaa. Manai zarim nuhud l ayultai 2 mangasyg zohiogood, tavisan sanalyg ni huleej avahgui, shahlaa hemeen ard tymniig ailgaj, anu-d tal zasaj, integracichlah uil yavtsad saad hiij, deggui huuhed shig bh yum...

Зочин 2015-10-20 85.220.76.218

demjinee

БААТАРХУЯГТ 2015-10-20 203.194.114.242

Хамгийн товчдоо “Дайсангүй байя аа” л гэсэн үг шүү дээ. МОНГОЛ УЛС ЭРХ АШИГГҮЙ БАЙЯ, БСАН Ч ЭРХ АШГАА ХАМГААЛДАГГҮЙ БАЙЯ ГЭСЭН ҮГ Ш ДЭЭ. ӨӨР ЗАМ БХГҮЙ. ХОЁР САНДАЛ ДЭЭР ЗЭРЭГ СУУХ БОЛОМЖГҮЙ. ЖНЬ, ОЮУТОЛГОЙ ТАВАН ТОЛГОЙ ГЭЭД БҮХ БАЯЛАГИЙГ ТЭД БУЛААН АВСАН. ЗЭВСЭГ ЦЭРГИЙН ХҮЧГҮЙ "ТУСГААР ТОГТНОСОН УЛСТАЙ" ИНГЭЖ Л ХАРЬЦДАГ ЮМ АА. КАПИТАЛИСТУУД ГАНЦХАН ЗЭВСГИЙН ХҮЧИЙГ Л ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРДӨГ/// БУСАД НЬ ХООСОН ҮГ БИДНИЙ ХООСОН ГОРЬДЛОГО ШҮҮ..

Зочин 2015-10-20 202.179.11.90

НАДАД ЭСВЭЛ ЧАМД Ч БАЙЖ БОЛНО. ГУРВАН ОХИН ХАЙР ЗАРЛАЖЭЭ. БАС ӨӨР ОХИДУУД Ч БАС СОНИРХОНО. ГЭХДЭЭ ЭДЭН ДУНДААСАА МАША ХУАНЖУ БАРБАРА ГУРАВ АРАЙ ИЛҮҮ ТҮРЭМГИЙ ОХИДУУД БОЛОХООР БУСДААСАА ИЛҮҮ ЧАМАЙГ ӨМЧИРХӨНӨ. ХОЁР НЬ ИХ БАЯН АЙЛЫН ОХИДУУД. НЭГ НЬ ЦАГТАА ЧАМД ИХ ТУС БОЛЖ БАЙСАН. 2 НЬ ТАНАЙ ХӨРШ. ТЭГТЭЛ ЧИ БИ ДУНДЫГ САХИНАА ХЭНТЭЙ НЬ ТУСГАЙЛАН УУЛЗАХГҮЙ УЧРАХГҮЙ ГЭЭД ЗАРЛААД БАЙВАЛ ЯМАР УУ? ЯМАР БАЙХ УУ? ЭСВЭЛ ДУУГҮЙ Л ТЭНЭГ ЦАРАЙЛААД ГӨЛИЙГӨӨД БАЙХ УУ? ХЭН НЭГ НЬ ЯАЖ ӨӨД ТАТАХЫГ ХАРАЯ ГЭЖ БАЙГАА ЮМ ШИГ. ХЭН НЬ ХАЛАМЖ САЙТАЙ ИРЭЭДҮЙТЭЙ БОЛ ГЭЭЛ ХЭН НЬ НАМАЙГ ӨӨД ТАТАХ БОЛ ГЭЭЛ. ХЭНТЭЙ НЬ ИЛҮҮ ЖАРГАЛТАЙ АМЬДРАХ БОЛ ГЭЭЛ. ЭНЭ ГУРАВ НЬ БОЛОХООР БИД 3-ЫН ХЭНИЙГ СОНГОХ БОЛ ГЭЭЛ ГОЁЖ ГООДООЛ. ИЙМ ҮЕД ЧИ ЯАХ УУ? ХЭН НЭГНИЙГ НЬ СОНГОХ. АЛЬ ЭСВЭЛ АЛЬ НЭГ ХОЁР НЬ НЭГЭНДЭЭ ЗАЙГАА ТАВЬЖ ӨГӨХ. ЭСВЭЛ ГУРВУУЛАА БАЙЖИЙ ГАНЦААРАА НАСЫГ БАРНАА. ЭСВЭЛ ГУРВУУЛАНТАЙ ЧИНЬ ЯВЪЯАА ГЭЭЛ. ЕР НЬ ИЙМ ҮЕД ЯАДАГ ЮМ ТА НАР.

Зочин 2015-10-20 85.220.76.218

shal teneg zuirlel bna

Зочин 2015-10-20 202.179.11.90

ГЭХДЭЭ ДЭЛГҮҮРИЙН ЛАНГУУ ТАВИУР ДЭЭР Ч ГЭСЭН ӨРСӨЛДӨГЧ КОМПАНИУДЫН ӨРСӨЛДӨӨН ТУЛАЛДААН БОЛДОГ. ГОЛ АШИГТАЙ БАЙРШИЛ ХАРААНЫ ТҮВШИНД АЛЬ КОМПАНИЙН ТАЛХ ЧИХЭР АРХИ ПИВЫГ ЗАРАХ ТУХАЙ ОЙЛГОЛТ БИЙ. ТЭГЭХЭЭР БАС Л ХЭН НЭГНИЙГ НЬ ГОМДООНОО ЛГЭСЭН ҮГ. АПУ СББ ЖЕМ ГУРАВ БОЛ ХАМГИЙН АШИГТАЙ БАЙРШИЛЫН ТӨЛӨӨ БАЙНГА ӨРСӨЛДДӨГ. ХЭДИЙ ЗЭРЭГЦЭЭД БАЙЖ БАЙГАА Ч ГЭСЭН ХЭН УРДАА ХОЙНОО ДЭЭРЭЭ ДООРООГОО БАЙНГА ӨРӨЛТИЙН УРАЛДААН ЭНЭ ТЭР ЗАРЛАЖ ӨРСӨЛДӨНӨ ШҮҮ ДЭЭ. ЗАРИМ ТОМООХОН ДЭЛГҮҮРҮҮД ЛАНГУУГАА ШУУД ХУДАЛДАНА. ЗАРИМ НЬ МАНАЙД ЭНЭ БҮТЭЭГДЭХҮҮН ИХ ОРЛОГО ОРУУЛДАГ ГЭЭД ИЛҮҮ САЙН БАЙРШИЛД СОНГОНО. ТЭГЭХЭЭР ДЭЛГҮҮРТ ХҮРТЭЛ ХАРИЛЦАГЧ БАЙГУУЛАГУУДЫН БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД НЬ ХООРОНДОО ӨРСӨЛДӨЖ БАЙДАГ ГЭСЭН ҮГ. ТЭР ТЭМЦЭЛ ХУДАЛДАН АВАГЧЫН НҮДЭНД ТЭР БҮР ХАРАГДАХГҮЙ.

Зочин 2015-10-20 202.179.11.90

ГЭХДЭЭ ДЭЛГҮҮР СУПЕРМАРКЕТ БОЛ ӨӨР. АЛЬ НЭГИЙГ НЬ ДАНДАЖ ЗАРАХ ЮМ БОЛ БАС ХУДАЛДАН АВАГЧИДЫНХАА НЭГ ХЭСГИЙГ АЛДАНА ГЭСЭН ҮГ.

Зочин 2015-10-20 202.179.11.90

ЕР НЬ ИЙМ ДУНДЫГ САХИХ ТӨВИЙГ САХИХ ГЭДЭГ БӨӨРӨНХИЙ ОЙЛГОЛТ БИЕЗНЕСТ Л ЛАВ БАЙДАГГҮЙ. ЗААВАЛ ХЭН НЭГНИЙ ТАЛД ОРОХ БУЮУ БИЗНЕССИЙН ХАМТРАГЧ ТҮНШЭЭ ЗААВАЛ СОНГОДОГ. ТҮҮНЭЭС БИШ БИ ПАМПЕРСЫГ Ч ЗАРНА ЛИБЕРО Ч ЗАРНА ХАГГИС ХЕЛЕН МАМИ ПОГО МЕРРИС ГЭЭД БҮГДИЙНХ ЭРХИЙГ АВАААД ДИСТРИБЮТЕР НЬ БОЛНО ГЭВЭЛ ЧИ ЗАЙЛАА Л ГЭНЭ. БИ КОЛА ПЕПСИ ХОЮУЛАНГ НЬ ҮЙЛДВЭРЛЭЕ ГЭВЭЛ ЧИ СОЛИОТОЙ ГЭНЭ.

Зочин 2015-10-20 202.179.11.90

ЭНД ХЯТАДЫГ ДАГАХ СОНИРХОЛТОЙ ЭТГЭЭДҮҮД БАЙНА БАРУУНЫГ ДАГАХ СОНИРХОЛТОЙ НЬ Ч БАЙНА. ОРОСЫГ ДАГАХ ЭТГЭЭДҮҮД БОЛ БҮР ЭНД ҮГЭЭР БУСДЫГАА ЗОДООД ЗАНАЛХИЙЛЭЭЛ БАЙЖ БАЙНА ШД. ТЭГЭХЭД ТӨВИЙГ САХИНАА ГЭЭЛ ЭДНИЙ САНААГ БҮГДИЙГ НЬ АВААЧААД БАЛЛААД ХАЯЧИХ ЮМ.

Зочин 2015-10-20 202.179.11.90

АРД ТҮМНЭЭСЭЭ САНАЛ АСУУЖ БҮХ НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА ЯВУУЛДАГ Л ГАЗАР БАЙХГҮЙ ЮУ. ХЭДИЙ ЕРӨНХИЙЛӨГЧ Ч ГЭСЭН ЮУН ДУРААРАА ЮМ.

Зочин 2015-10-20 202.179.11.90

ХАМГИЙН ГОЛ АСУУДАЛ БАЙНА. ХЭДИЙ МАНАЙ ЕРӨНХИЙЛӨГЧ АРД ТҮМНЭЭ ТӨЛӨӨЛЖ ЕРӨНХИЙЛЖ БОЛНО ГЭХ ОЙЛГОЛТЫН ЭЗЭН МӨН Ч ИЙМ ЧУХАЛ ЗҮЙЛ ДЭЭР ИХ ХУРАЛ МӨН АЮУЛГҮЙН ЗӨВЛӨЛИЙН УДИРДАМЖЫГ ДАГАХ Ч БАГАДНА. ЮУН ТЭД МЭДДЭГ ЮМ БИШ. ТИЙМ ЯАРАЛТАЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ ҮҮСЭЭ Ч ҮГҮЙ БАЙСАН ОДОО ЧҮҮСЭЭГҮЙ Л БАЙНА. ЯДАЖ ЯВЦ НЬ ЭХЭЛЧИХСЭН БОЛ ХАМАА АЛГА.

Зочин 2015-10-20 202.179.11.90

ГЭХ МЭТ. ЕР НЬ ТӨВИЙГ САХИЖ БАЙХААР ДУУУГҮЙ Л СУУЖ БАЙХ НЬ ДЭЭР БАЙСАН ЮМ БИШ ҮҮ. ДЭЛХИЙН 2-Р ДАЙНЫ ТУХАЙ БОДЛОО. ЯЛАГЧ ТОДОРХОЙ БОЛООГҮЙ ҮЕД БИД ХОЛБООТНЫ ТАЛД ЭСВЭЛ ТЭНХЛЭГИЙНХНИЙ ТАЛД ГЭЖ ЗАРЛАХ ХУВИЛБАР БАЙНА. БАС ХЭНИЙХ НЬЧ ТАЛД ГЭДГЭЭ ХЭЛЭЛГҮЙ ДУУГҮЙ Л ЮУ БОЛООД БАЙГААГ ОЙЛГОХГҮЙ БАЙНА ГЭЭД БАЙЖ БАЙХ ХУВИЛБАР. БИД ТӨВИЙГ САХИЛАА ШҮҮ ГЭХ. АНУ ЭХЭНДЭЭ ОРОС ГЕРМАНЫ АЛЬНИЙГ НЬ Ч ДЭМЖИЖ БАЙНА ГЭЖ ЗАРЛААГҮЙ БИЗ ДЭЭ. ЯВЦЫГ НЬ ХАРЖ БАЙГАА Л ХӨДӨЛЖ ЭХЭЛСЭН. МАНАЙХ Ч ГЭСЭН ХАЛХ ГОЛЫН ДАЙН ҮЕД БАЙЛДАЖ БАЙЛДАЖ БАЙГААД ОРОСЫГ ДАЙРАХ ҮЕД Л ЯПОНД ДАЙН ЗАРЛАСАН. ДЭЛХИЙН ХОЁРДУГААР ДАЙНД Ч МӨН АДИЛ ГЕРМАНЫГ ЯЛССНЫ ДАРАА ОРОСЫГ ЯПОНД ДАЙН ЗАРЛААД ДАЙРАХ ҮЕД Л МАНАЙХ ДАГАЖ ДАЙН ЗАРЛАСАН. ТЭГЭХЭЭР АЛЬ НЭГИЙГ ДАГАХ БОЛ ХЭЗЭЭ Ч ОРОЙТОХГҮЙ ШД. ЭХЛЭЭД ЗААВАЛ ЯГ ОДОО НАЙЗАА СОНГО ГЭЖ ХЭН Ч ТУЛГААГҮЙ БИЗ ДЭЭ. ТӨВИЙГ САХИНА ГЭДЭГ БОЛ ШАЛ ДЭМИЙ ҮЙЛДЭЛ БОЛСОН БОЛОВ УУ ЗҮГЭЭР ДУУГҮЙ Л ХЭН ХЭН ЛҮҮ САЙХАН МИШААГААЛ БАЙЖ БАЙХАД БОЛНО ШД.

Зочин 2015-10-20 202.179.11.90

ТЭГЭЭД АНУГ ЯПОН СОЛОНГОСТОЙ ДАГАХ УУ? БОЛОХГҮЙ ЮМ БАЙХГҮЙ. АНУ БАРУУН СҮЙРЛЭЭ ЯПОН ТЭСЭЭД ҮЛДЧИХЭЖ БОЛНО. ТЭГЭЭД ЭНЭ ХЭД МАНИУС ЛУУ ЭНЭ ХОЁР ХӨРШӨӨР ДАЙРЧ Л ИРНЭ Ш ДЭЭ. ИРЖ ОЧООД БОЛОХ Л БАЙХ. ХЭРВЭЭ ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ ДАЙН БОЛВОЛ МАНАЙХ ШУУД ХОЁР ХӨРШДӨӨ БУУЖ ӨГНӨ. МЭДЭЭЖ АНУГИЙН ХОЛБООТОН БОЛСОН МОНГОЛЫГ ХАЖУУДАА БАЙЛГААД БАЙНА ГЭЖ ЮУ БАЙХАВ ДАРЖ Л АВАХЫГ БОДНО.

Зочин 2015-10-20 202.179.11.90

ТЭГЭЭД ХААШАА ЮМ ХЯТАДЫГ ДАГАХ ЮМ УУ БҮГД Л ҮГҮЙГЭНЭ. ОРОСЫГ ДАГАХ ЮМ УУ. ЦАГТАА ДАГАСАН. ОДОО ДАГАЛАА ГЭЭД ОЛИГТОЙ ТООХГҮЙ Л БАЙГАА ГЭЦГЭЭЖ БАЙНА. ЯДАЖ ТЭР ТӨМӨР ЗАМ НҮҮРС ЭНЭ ТЭР ДЭЭР ОРОС МАНАЙ ӨМНҮҮР ДАЙРААЛ ӨӨРСДИЙНХӨӨ ЮМЫГ ЗАРАХ ГЭЭД ДАЙРЧ БАЙГАА ҮНЭН БОЛСОН. БАС ХИЙН ХООЛОЙГ ТОЙРУУЛЖ БАЙНА. ИЙМ ХОЁР ХӨРШИЙГ ДАГАНАА ГЭЭД БАЙЛТАЙ Ч БИШ.

Зочин 2015-10-20 202.179.11.90

ЗА БИ ЕРӨӨСӨӨ Л ОЙЛГОХГҮЙ БАЙНА ЭНЭ ТӨВИЙГ САХИХ ЭСВЭЛ АЛЬ НЭГИЙГ ДАГАХ ГЭДГИЙН ЯЛГААГ. УУЛААС ТУСГААР УЛС. ИНГЭЖ ЯРИАД СУУЖ БАЙХ НЬ УТГАГҮЙ САНАГДААД БАЙГАА ЮМ. ТУСГААР УЛС БАЙЖ. БИ ЕРӨӨСӨӨ Л УХААД УХААД ОЙЛГОХГҮЙ БАЙНА. ЕР НЬ ИЙМ ЯРИА ХЭНД ХЭРЭГТЭЙ ЮМ ГЭЖ.

Зочин 2015-10-20 122.201.24.108

МОНГОЛ УЛСЫГ ШАРЫН ШАШИНААР ДАМЖУУЛААД ГАНЦХАН МААНЬ ХЭЛДЭГ БОЛГООД Л МАНЖИЙН ДАРЛАЛД ОРУУЛСАН ОДОО ЭЛБЭГДОРЖ ТӨВИЙГ САХИЯ ГЭЭД Л ХЭН Ч БИШ БОЛГОХ НЬ ДЭЭ ЯАНА ДАА ЭНЭ ҮХЭР МОНГОЛЧУУД

М 2015-10-20 112.72.13.68

Аятайхан бичжээ.Ер нь зарим ийм улс vндэсний эрх ашгийг хондсон нарийн асуудлыг VАБЗ болон бусад эрх бvхий субъектууд шийдээд явах естой байхаа.Эс тэгвээс эсэх бусан юмнууд янз бvрийн болсон болоогvй юм ярьж олны толгой эргvvлэхийн нэмэр. Бага ч гэлээ улс юм хойно нууж хаах,олноороо хэлэлцэх , эс хэлэлцэх янз бvрийн асуудал байлгvй хаа очив гэж.

иргэн 2015-10-20 112.72.13.228

Төвийг сахих нь аль нэг их гүрнийг дагахгүй, бүх улс оронтой эрх тэгш харьцана гэсэн санаа болов уу. Ялангуяа цөмийн зэвсэгтэй 2 хэт их дээрэнгүй гүрний дунд байрладаг, өөр хэнтэй ч хиллэдэггүй манайх шиг орон гадаад бодлогодоо төвийг сахисан байр суурь баримталж явах нь их зөв алхам болно шүү. Магадгүй ийм шаардлага тулгар ч байгаа тийм цаг үе ирээд байгааг өнөөгийн төр анхааралдаа авна гэж найдъя. Бас иргэдийн олонх нь дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Зочин 2015-10-20 49.0.161.236

Чухам Тусгаар тогтнолын төлөө л мянга мянгаараа цусаа урсган өчүүхэн ч эргэлзэх юмгүй үхлийн сумны өмнөөс өндийн босдог байж. Энэ эрхэм нандин Тусгаар Тогтнол гэдэг зүйл үгүй бол алдар цуу, алт мөнгө, тэр ч бүү хэл ардчилал ч юу ч биш, хэнд ч өчүүхэн ч хэрэггүй хог ***** юм.

Зочин 2015-10-20 49.0.161.236

Төвийг сахивал Түвд болно. Түвд болвол Хятадад залгиулна. Яг одоогийн нөхцөл байдалд Монгол улс төвийг сахивал Түвд, Бутан, Непалын араас л орно. Энэ хэнд ашигтай вэ? Рио Тинтод л ашигтай.

Зочин 2015-10-20 85.220.76.218

medrel

Зочин 2015-10-20 49.0.161.236

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.10.20/ Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төслийг өргөн барив. http://politics.news.mn/content/225345.shtml Баатархуягийн энэ нийтлэлийн зорилго ойлгомжтой боллоо.

Халимаг 2015-10-20 202.179.20.102

Сайн нийтлэл байна, баяр хүргье!

РАВДАН 2015-10-20 202.70.46.213

УЯНГАА ТА 2 ЭЛБЭГИЙН ДЭМЖЛЭГЭЭР ХҮН НАМААС НЭР ДЭВШИХ САНААТАЙ ЧИНЬ ҮНЭН Л БОЛЖ ТААРЛААДАА БИЧСЭНИЙГ ЧИНЬ УНШААД!!!

РАВДАН 2015-10-20 202.70.46.213

ТӨВИЙГ САХИЖ ТӨВД БОЛМООРГҮЙ БАЙНА. БААТАРХУЯГ ЧИ ЭХНЭРТЭЭ Л УНШИЖ ӨГ. ИНГЭХЭД ЧИ ЭНЭ НИЙТЛЭЛЭЭ ЭХНЭРТЭЭ УНШУУЛЖ ЗӨВЛӨГӨӨ АВСАН ЮМ УУ? НООТОЙ Л БАЙХ ШИГ. ТА 2 ЧИНЬ ХҮҮХДЭЭ УНТУУЛЧИХААД ШӨНӨ ГАЛ ТОГООНДОО ЛЕНИНИЙ ТӨР БА ХУВЬСГАЛ ЗОХИОЛЫГ СУДАЛДАГАА БОЛЬЧИХСОН УУ? БИЧСЭНИЙГ ЧИНЬ УНШААД Л ИНГЭЖ БОДЛОО ШҮҮ?

okej. 2015-10-20 182.160.0.14

sociolizm bol songolt bish tulgalt baisan unen ug hellee shdee. Tgeed l Orosiig umuuruud baih um. Zugeer l mongolooroo tuv uzleer baildaa. Orosod uursdud manai uls mash heregtei shdee. Negd 2 tom uls hoorondoo shuud heluul ayultai. Oros Hytadiin hoid hiluud ni amar amaglan bainaa. Uls davaad l baildtal bas l hugatsaa orno. Odoo ene 2 chin suujireed baigaa blohoos tun udahgui bie bien liigee bugsuu haruulna. MOngoliig bodoh um bol bidend hamgiin ueiin hugjiltei tiim uls l heregtei blohoos, Swed , Norweg, Sweiz shig boluul ashigtai shdee. Gehdee bas l 2 hurshgui bol yaltai bilee geed , songolt bish bas tulgalt bolj baih shig bainaadaa. Manai mongolchuud bidnii uvug deedes buh ulsat tulgalt hiideg baisan, Ur ach bid nar ni odoo ter tulgaltand ni barigdaj baina shuu. Uul ni jaahan seheed mungutei hurungutei, avilgalgui bolchuud bustaad yagaad bid tulgalt hiij blohgui gej

Зочин 2015-10-20 112.72.13.87

tuvuug sahih bodlogo heregjsen uls bol zrchmiin huvid sweitsar l bna yagaad gevel ted hugingui ediin zasagtai uchir bid ehleed ediin zasgaa undur hugjitei bolgochihood daraa n ter tuviig sahih bodlogoo zarlasan deer baisan yum ukrainch gesen tuviig sahisan bodlogo barij baisan yumshuu mongolchuudaa

Зочин 2015-10-20 182.160.34.179

Дэлхийн байдал тогтворгуй тодорхойгуй байна Монголын хувьд. Дотооддоо улс торийн намууд торийн байгууллагууд ба иргэд товийг сахих буюу бие биенийхээ угийг сонсож сурах хуйтэн дайнгуй ундэснийхээ эрх ашгийг ард иргэдтэйгээ холбож ойлгож сурах чухал байна даа

Зочин 2015-10-20 112.72.13.87

mongolchuud yajch tuviig cahisan 2 hursh maani teriig chin yas yuman deeree tulah yum bol avch heleltsehch ugui yagaad gevel ter 2 maani daranguilah bodlogotoi uchir tegj baij uls ornoo huchirheg bailgaj baigaa urnudiihen bol zuvshuurluu geed yah vedee huleen zuvshuurluuch bidniig hamgaalj chadahuu uguishdee neg eserguitsel ilerhiileed l gants neg hirig taviad l tegeed l hamgaalalt duusaa gedgiig ukrainaas harj baigaa bizdee uursdiiguu hamgaalah bodlogo genuu hun bur sweitser shig izrial shig zevseg ezemshih yumu haashaa yum tegeed hoorondoo bie bieebuudah ndutaj dee elbegdorj gantsaaraa buhel buten ulsiin barimtlah bodlogiig olon uls uuriin bodsnoor zarlah erhgui buh niitiin sanal asuulga yavuulah baisan yum dandaa hagaran butargasan sanal demshuuldeg ev negdliig sahih uurgee bieluulj chadahgui yumdaa

Тусгаар тогтнолыг тунхаглав 2015-10-20 202.179.20.110

Ю.Цэдэнбал дарга сэргэлэн хөдөлсөн байгаа юм даа. Тусгаар тогтнолоо баталгаажиж эхлэнгүүт шууд Хятадтай урд хилийн гэрээг байгуулах ажлаа эхэлж, баталгаажуулсан байгаам даа. Сэтгэл зүрхтэй л хүн байж дээ. Хятадын Мао зэдун ч хөдөлж чадаагүй гэсэн.

Зөв өө 2015-10-20 202.179.20.110

Монголчууд коммунизмыг сонгосон нь тусгаар тогтнолоо баталгаажуулах тулгуур болохын хувьд Умард хөршөө л дагасан хэрэг. Сайхан үг бөгөөд үнэн үг бөлгөө. Үүнийг Бат-Үүлд сайн ойлгуул. Орос руу явна гэхээр сүнсээ зайлтал айх юм даа.

Зочин 2015-10-20 31.10.172.118

Manai uls hoyor horsh OHU,BNHAU-tai strategiin tunshleliin hariltsaatai. Chuham iimees tednii zugees manai Tuviig sahina gesen bodlogod ergelzej handah l bolov uu.

Зочин 2015-10-20 31.10.172.118

Tuviig sahih bodlogyg evseld ul negdeh uzel barimtlaltai holboj tailbarlah uchirtai bolov uu

асуулт 2015-10-20 103.9.90.2

Нийтлэлчээс асуух нь. Төвийг сахина гэдэг нь зүгээр л Америкийг дагана аа гэсэн үг биш үү. Дайсангүй байя аа, биш Та 2 той дайсан шүү гэж л 2 хөршид орчуулагдана даа.

Зочин 2015-10-20 103.26.193.109

tm ee. Tuvig sahih bol zuv bodlogo. Hen eserguutseed bgaa yum bol oo?

Зочин 2015-10-20 103.26.193.109

tm ee. Tuvig sahih bol zuv bodlogo. Hen eserguutseed bgaa yum bol oo?

go 2015-10-20 202.179.8.6

tuviig sahih ni manaih shig orond yag bolno