Өнгөрөгч тавдугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулагдсан “Холливуд Монголд” фестивальд Холливудын алдартай продюсер, найруулагч, жүжигчин, зураглаачид уригдан ирж, Монголын кино уран бүтээлчидтэй мэдлэг туршлагаа хуваалцаж, санал бодлоо солилцсоны зэрэгцээ ур чадварын сургалт зохион байгуулсан юм.
Зохион байгуулагчдын зүгээс ирсэн зочдод Төрийн соёрхолт Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэж, МУСТА Г.Эрдэнэбилэгийн найруулсан “Хийморь” уран сайхны киног үзүүлсэн бөгөөд зураглаачийн ажлыг ихэд магтан сайшаасан байна.
Америкийн зураглаачдын нийгэмлэг (The American Society of Cinematographers)-ийн ерөнхийлөгч Kees Van Oostrum уг киноны Ерөнхий зураглаач Б.Баатартай тусгайлан уулзаж, баяр хүргэхдээ “ASC монгол гишүүнтэй болвол бид баяртай хүлээж авах болно” гэсэн байна.
Америкийн зураглаачдын нийгэмлэгээс зохион байгуулдаг тухайн жилийн шилдэг бүтээлийг шалгаруулах The ASC Outstanding Achievement Awards энэ сарын 25-нд зохион байгуулагдах юм.
34 дэх удаагаа зохион байгуулагдаж буй кино зураглаачдын хамгийн том наадамд Америкийн зураглаачдын нийгэмлэгийн зүгээс зураглаач Б.Баатарыг Лос Анжелес хотод тусгайлан урьсан байна. Энэ үйл явдал нь дэлхийн нэр хүндтэй наадамд монгол кино зураглаач уригдсан анхны тохиолдол болж байна.
Америкийн зураглаачдын нийгэмлэг нь Холливудад 1919 онд байгуулагдсан 100 жилийн түүхтэй байгууллага. Кино зураглаачдыг нэгтгэж, санал солилцож, арга техникийг хэлэлцэж, киноны зураг авалтыг урлагийн төрөл хэмээн сурталчлах зорилготой байгууллага бөгөөд энэ зорилгоо одоо ч хадгалсаар байгаа юм. ASC нийгэмлэг дэлхий даяар 360 гаруй гишүүнтэй, гишүүд нь Холливуд болон дэлхийн томоохон кино уран бүтээлд уригдан ажилладаг нэр хүндтэй байгууллага билээ. ASC шилдэгийг шалгаруулах авардс Оскарын наадмын өмнөхөн зохиогддогоороо онцлогтой. Тэр ч утгаар дан ганц кино зураглаачид бус бүхий л томоохон алдартай уран бүтээлчид уригдан оролцдог байна.
Үзэгчдийн хүртээл болж сайшаалд нийцсэн “Үргээлэг”, “Ар хударга”, “Яллагч” зэрэг 20 гаруй уран сайхны киноны ерөнхий зураглаачаар ажилласан Б.Баатар нь Монголын кино зах зээлд ур чадвараараа үнэлэгдэж, кино уран бүтээлчдийн дунд хамгийн эрэлттэй зураглаачаар нэрлэгддэг билээ. Зураглаач Б.Баатар кино наадамдаа оролцохоор өчигдөр /2020.01.24/ АНУ-ыг зорьсон байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ