УИХ-ЫН ГИШҮҮН АСАН З.БАЯНСЭЛЭНГИЙН ШҮҮХ ХУРАЛ ХОЙШЛОВ
УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгийн гэм буруутай эсэхийг шүүх хурал энэ сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон ч улсын яллагч өвчтэй байгаа тул шүүх хурлыг ирэх хоёрдугаар сарын 6-ны өдрийн 09.00 цаг хүртэл хойшлуулсан юм.
Түүнийг нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 дахь хэсэгт зааснаар албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр шүүж буй.
Эргэн сануулахад, З.Баянсэлэнгэ нь Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж "Бэрэн групп" ХХК-ийн барьсан "Хангай" хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч, улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт шалгагдаж байгаа юм.
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГАД ОНООСОН ХОЁР ЖИЛИЙН ЯЛЫГ ХЭВЭЭР ҮЛДЭЭВ
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны арваннэгдүгээр сарын 12-нд болсон. Шүүхээс түүнд холбогдох эхний хэрэгт нэг жил дөрвөн сар, хоёр дахь хэрэгт найман сар нийт хоёр жилийн хорих ял оноосон юм. Түүний давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 23-ны өдөр болж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Хэргийг эргэн сануулахад, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хоёр ч удаа хүчингийн хэрэгт холбогдсон байдаг. Д.Гантулга 2017 оны зургадугаар сард 25 настай эмэгтэйг хүчиндсэн хэрэгт холбогдон, УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзах хүсэлтээ гаргасан бол 2018 оны арваннэгдүгээр сарын 27-нд өөр нэгэн эмэгтэй гишүүн асан Д.Гантулга өөрийг нь хүчирхийлэхийг завдсан хэмээн хуулийн байгууллагад хандсан байдаг.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр,
Шүүгдэгч Д.Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйл /хүчиндэх/-ийн 1 дэх хэсэг /Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/-т зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.
ШИНЖЭЭЧДЭД НЭГ ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЖ, 12-19 САЯАР ТОРГОХООР ШИЙДВЭРЛЭВ
Дашрамд дурдахад, УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын хэрэгт шүүхийн шинжилгээний дүгнэлтийг өөрчилсөн шинжээч эмч нарт холбогдох шүүх хурал энэ сарын 20-ны өдөр болсон. Тодруулбал, ШШҮХ-гийн шинжээч Н.Золжаргал, тус хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын дарга Х.Түвшин-Эрдэнэ, ахлах шинжээч Ж.Оюунаа нар УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хүчингийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бусаар өөрчилсөн болох нь мөрдөн шалгалтын үеэр тогтоогдсон аж.
Улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Түвшин-Эрдэнэд нэг жилийн хугацаагаар хорих ял оноож, шүүгдэгч Ж.Оюунааг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 19 сая 200 мянган төгрөгөөр, шүүгдэгч Н.Золжаргалыг мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 12 сая 240 мянган төгрөгөөр тус, тус торгох шийдвэрийг гаргасан билээ.
Э.БУРАМ