Сониноос, жүжигчин М.Баярмагнайг /Бумтан Сэргэлэн/ харахаар хэсэгтээ жихүүдэс төрөх бололтой. Энд тэнд яг халз тулбал тээр холуур тойрох ч юм шиг хагассайнаас хойш сэтгэл сонин байгаа шүү. Лав л хараад инээхгүй, айгаад байна аа. Өнгөрөгч хагассайнд хоёр “шинэ” давхацсан өдөр байв. “Гэгээнтэн” кино театрт анхны үзвэрээ үзсэн, “Single ladies-2”-ын нээлтийн үзвэрт зочилсон сониноо та бүхэнтэй хуваалцах гэж байна.
Ингэхэд ганц бие охид бүсгүйчүүд караокед таалагддаг залуутайгаа орвол ямар дуу дуулдаг бол? Та бүхэн дор бүрнээ бодож байгаарай. Яагаад ингэж асуусны учрыг удахгүй мэдэх болно. Ингээд “Single ladies-2”. Түр наашаа сууцгаа.
Би 40-тэй ш дээ, зүгээр үү?
Гандан буурахгүй Ариунсанаа /Г.Ундармаа/ нөгөө л янзаараа ажлаа гялалзуулж чөлөөт цагаараа эрх чөлөөт бүсгүйн ямбыг эдэлсэн хэвээр. Тэгж явсан тэрбээр найзынхаа ажил дээр зураг авалтын талбайд цагаан морьтой ханхүүг олж харна. Бүр яг цагаан морьтой, дотуур хувцастай, бие хаа нь яг байгалиараа, нэр нь хүртэл Ханхүү /жүжигчин /Г.Дөлгөөн-Аюуш/ гээд л бодчих.
Загвар өмсдөг 30 настай царайлаг, булчинлаг жинхэнэ охид бүсгүйчүүдийн мөрөөдлийн дүр болсон залуугийн дүрийг дэлгэцнээ жүжигчин Г.Дөлгөөн-Аюуш амилуулав. Теле сериалд цагдаагийн дүрээр тоглож байсан энэ нүд хөмсөг болсон хархүүгийн нэрийг цээжлээгүй, хэн болохыг нь санаж ядаад байх шиг үзэгчид бие биенээсээ асууж сурав. Товчхондоо Ариунсанаа тэр хоёр дэлгэцэнд бол яг тохирсон хөөрхөн хос. Үйл явдал өрнөж залуу бүсгүйг ээж аавтайгаа танилцуулна. Цааш хэрхэн өрнөснийг та бүхэн үзэх тул ингэсгээд товчильё. Энэ хэсэг хүртэл Ариунсанаа үзэгчдийн элгийг хөшөөх шахав.
Ямар “амьтан” залууд таалагдах гэж хичээлгүй караокед “Алтайн хангайн унага нь ээ хө …” гэж цангинуулж, хоол идэхдээ шүгэлдэж байх вэ дээ. Залуу ч гэнэт гэнэт гайхшрах тусам бүсгүйд татагдаж үзэгчид ч Ариунсанаагийн цочирдом үйлдлийг сандал дээрээ тогтож ядан хүлээж авч байлаа, Браво!
Карьер, мөнгө, албан тушаал, эрх мэдэл дутуу гуцуу юмгүй Ариунсанаа шиг ганц бие бүсгүйчүүд нийгэмд олонх байж мэдэх юм. Гэхдээ түүний хэлсэнчлэн “Амжилт хэдий гайхалтай ч хүйтэн шөнөөр хэнийг ч дулаацуулдаггүй” гэдэг үнэний ортой. Бас энэ амьдралд хэн хүсэж байгаа нь төлбөр төлдөг. Амьдралын энэ гашуун үнэнийг эхний хэсэгт инээдээр хачирлан ойлгууллаа. Харин та төлбөр төлсөөр явна уу, эсвэл төлүүлж байна уу?
Тийм олон спонсортой байх зүгээр үү?
Залуу жүжигчин О.Дөлгөөн энэ удаад хэв маягаа бүрэн эвдэв. Гоо төрхтэй ч хэнэггүй, хайнга, задгай, ам хэл нь гүйцэгдэхгүй этгээд бүсгүйн дүрээр тэр гарч ирлээ. Байнга бохь зажилж хэнэггүй яриагаар алмайруулан өөрийнхөө эрх ашгийн төлөө найзыгаа ч хаяхад бэлэн төрх.
Тэр товчхондоо олон спонсортой оюутан охидын нийтлэг төрхийг илэрхийлэх гэж оролдсон бололтой. Харамсалтай нь цорын ганц хайр дурлалын спонсроо ижил хүйстэн байсныг мэдсэнээр бүсгүй хайр гэгч зүйлээс зугтаж дотоод сэтгэлээ гадна төрхөөрөө илэрхийлэх аж.
“Надад туранхай хүмүүс хорхой шиг санагдаад байдаг юм. Нүдний шилтэй бол бүр … ” Найз бүсгүй нь аятайхан залуутай танилцах гэж байхад “Моргт ажилладаг ш дээ, задлангийн эмч. Амьдрал нь шөнөөр цогцсон дунд өнгөрнө. Тийм амьдрал таалагдаж байвал дугаарыг нь ав ав” гэх зэргээр залууг нь үргээнэ.
Бид эр хүний ноён нуруу хаана хугардаг талаар их ярьдаг. Тэгвэл энэ киноноос эмэгтэй хүний “ноён” нуруу, бүсгүйчүүдийн нөхөрлөлийн үнэ цэнэ хаана хугарахыг та харах болно. Ганц бие ээжийн дүрийг бүтээх жүжигчин А.Туяа, спонсортой оюутан О.Дөлгөөн хоёр тэрбумтан Сэргэлэн /Г.Баярмагнай/ хэмээх эрийн араас хоёул сэтгэл алдарна.
Сэтгэл алдрах нь ч хаашаа юм, баян, өндөр нуруулаг, жилийн орлого нь толгой эргэм тоонд эргэлдэх Бумтан Сэргэлэн тэр хоёроор зогсохгүй бүх бүсгүйчүүдийн дунд эрэлттэй нэгэн байв. Гэхдээ энэ залуу яагаад өдий хүртэл ганц бие байгаа талаар хэн ч бодоогүй нь алдаа болох шахав. Бумтан Сэргэлэн мөн чанартаа … За за тэр хэсгийг бодохоор айгаад байна. Өөрсдөө үзээрэй.
Single байх ер нь зүгээр үү?
Харин ямар бол, та юу гэж бодож байна? Бүх цаг заваа өөртөө л зориулна, нөхрийн харц, хадмын нүдэнд ээрэгдэхгүй, үр хүүхэд яанаа гэхгүй, нийгэмд нийтлэг тохиолддог зодуур нүдүүр амсахгүй. Товчхондоо юуг ч тэвчих шаардлагагүй. Нөгөө талаас ганц бие ээжүүд нийгэмд маш олон бий. Та бидний хэнийх нь ч эргэн тойронд ганц бие ээж сайхан бүсгүйчүүд бий. Хүүхэдтэй хүнийг хайрлана гэдэг тийм хэцүү юм болов уу? Гадаа гарч эр, гэрт орж эм болох ганц бие бүсгүйн амьдрал бас ч харагдаж байгаа шигээ 100 хувь сайхан биш. Маш олон зүйлийг тус кино богино хугацаанд харууллаа. Нэгдүгээр ангиасаа тэс өөр, бараг энэ нь нэгдүгээр анги нь юмуу байр нь солигдож гэх сэтгэгдэл төрөв.
Нийгмийн хөндөгдөөгүй сэдэв, хэн ч зүрхэлж ганц бие бүсгүйчүүдийн талаар ийм тийм гэж коммент хэлээд байдаггүй. Би ч эргэн тойрны ганц бие хүмүүстээ шууд хэлж чаддаггүй тэр зүйлсийг кино өгүүлж байлаа. Тийм хүнд сэдвийг ийм гэгээлэг, хөгжилтэй, элэг хөшим инээдтэй үзүүлнэ гэдэг аргагүй л кино урлаг хамгийн гайхалтай нь юм. Инээсэн, нулимс дусалсан, хөнгөхөөн айж цочроо авч эд эсээ сэргээсэн юм юмтай амралтын өдрийн үдэш байлаа.
Баярлалаа, Single ladies!
У.ЦАХИРМАА
ЭХ СУРВАЛЖ: WWW.GRANDNEWS.MN