Өнөө цагийнханд өөр цагийн оюутнаас

Хуучирсан мэдээ: 2015.10.20-нд нийтлэгдсэн

Өнөө цагийнханд өөр цагийн оюутнаас

Одоо цагийн оюутнуудыг ондоо нэгэн цагт оюутан явсан бид нар ойлгох биш дээ гэж дүү нараа өмөөрнөм. Бидний үед оюутнуудыг “өлсгөлөн” тодотгол үнэгүй дагана. Харин өнөөгийн оюутнууд өлсгөлөн зарлах хүртлээ цатгалан болжээ. Асуудлаа шийдүүлүүлэхийн тулд тэд өлсгөлөн зарладаг болж.

Улс төрийн мэдрэмж ч өндөр болж. Үүл даргыг огцрохыг шаардан уриа лоозон бариад оффисынх нь урд ширээ засаад шилбэлзсэн шигээ суугаа харагдана.

Сургалтын төлбөрөө хийхийн тулд ажил гололгүй хийж, ах эгч нартаа адлуулан алгадуулан дүү нараа харж, хаяахан ангиараа доргиж аяга юм сэнгэнүүлчихээд айхдаа автобусанд суулгүй алхдаг байлаа.

Аль ч цагийн оюутнууд адилхан л даа. “Өлсгөлөн зарлана” гэснээс манай ангийн хоёр нөхөр дотуур байранд нэг өрөөнд аж төрдөг байлаа. Гэтэл Дорнодын нөхөр нь нэг өглөө их л ууртай орж ирлээ. Өрөөнийхөө өнөөхийг зүхсээр шүү. Бид ч аминдаа “яав, ийв яриач” гээд татаж чангаана. Дуугардаггүй шүү. Автобусныхаа мөнгийг нийлүүлж байгаад хоёр хуушуураар аашийг нь аргалаад ам нээлгэв. Ярьж байна аа. Хашир гэртээ өлсч үхэх гэсэн амьтан ортол нөгөөх нь согтуу унтаж байж. Архи гудрахын оронд аяга хоол хийчих юм авахгүй гэсэн шүү юм бодоод цонх руу хартал тавцан дээр Завханы задарсан этгээдийн хэтэвч нь түнтийчихсэн байж байна гэнэ шүү. Гэрээс нь мөнгө ирж, тэгээд гударчихаж гээд тэрүүхэн хооронд айхтар анализ хийсээр бөөн баярласан амьтан “хоол авч иднэ, ингэнэ тэгнэ” гэсэн баахантөлөвлөгөө зохиосоор очоод үзтэл 80-ийн гөөхий түрүүвчнийхээ нэг талд хийгээд хадгалчихсан байх нь тэр. Өглөө босоод идэх юмтай л гэсэн үг. Тэрийг нь харсан Дорнодын нөхөр өлссөнийг ч хэлэх үү, өөрийн эрхгүй доголон нулимс унгаж, нөхөртөө гомдсоор орж ирж билээ. Өөр нэг маань “9-ийн” тос уучихаад өдөржингөө “цатгалан байна” гээд нэрэлхүү амьтан номын санд суудаг байлаа. Тийм л зарлаагүй өлсгөлөн нөхөд байлаа шүү дээ, манайхан. Хаа ч очиход хөөгдөн хөөгдөтлөө номын санд суудаг байсан.

Харин өнөө цагийнханд номын сан гэсгээлийн танхим аятай байдаг гэж их сургуульд багшилдаг ах маань хэлнэ. Одоо цагийнхан өөр л дөө. Номын сан гэхээсээ нөөтбүүкээ асаагаад л гүүглэдээд интернэтээс хүссэнээ олоод авчихсан. Гэм нь гүүглээс авсан курсын ажлаа өөрсдөө уншаагүй орж ирээд унадаг гэнэ лээ.

Ер нь ч тэрийг уншиж, тогтоож цагаа барахын хэрэггүй биз дээ. Утас нэгжтэй байхад хурууны үзүүрээр хаанаас л бол хаанаас олоод харчих юм чинь.

Өнөө цагийн оюутнуудад би хувьдаа атаархдаг. Сурах бүх боломж нь нээлттэй байна. Ажил хийх шаардлагагүй оюутны тэтгэлэг авна. Алхах хэрэггүй. Автобусанд үнэгүй суучихна. Арван жилийн бацаан л автобусны мөнгөгүй гэж алдаг болсон цаг. “Олон ном унш” гэж чардайлгадаг багшид тал засах хэрэггүй. Өргөх бичиг бариад л гүйцээ. Өөрийг нь хөөлгөж орхино.

Ийм л сайхан эрин үед оюутан яваа дүү нартаа атаархахгүй өөр яахсан билээ. Бидний үе, та нарын үеэс огт өөр гэж тэд маань хэлдэг. Үнэн л дээ. Өөр юм. Өнөө цагийн оюутнууд автобусанд үнэгүй суулгасангүй гэж өлсгөлөн зарлах хүртлээ цатгалан болжээ. Гэрийн тэжээвэр амьтад шиг аав ээжийгээ зарж, аяга хоолоо хүртэл амандаа хийлгэх шахсан, аягүй нь хүрвэл хичээлдээ явахгүй гэж айлгадаг айхтар нөхдүүд болж. Балар эртний бидний үед төлбөрөө төлсөнгүй гэж хөөгдчихөөд хулгайгаар ширээний доороос багшийн лекцийг сонсдог байснаас огт эсэргээрээ. Хөгжиж л байна даа, бид чинь.

Хаа ч очиход бидний үеийнхэн мөнгөгүйн зовлонд хөөгдөн хөөгдөн сурсан ч өнөөдөр сонгосон салбартаа гялалзаж яваа. Харин дүү нар минь, та нарын хэд нь мэргэжлээрээ ажиллаж, хэд нь их сургуулийн ширээнээс хүнсний дэлгүүрийн лангуу руу, хэд чинь баклаврын диплом өвөртөлсөн баарны үйлчлэгч, хичнээн нь “Би дээд боловсролтой хүн шүү” гэж эжий, аавдаа эрхлэн элгээ тэвэрч хэвтэх бол… одооны оюутнууд ч ондоо доо, ондоо…

А.ШАРХҮҮ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж