Мэргэжлийн талбайн теннисний өнөө цагийн шилдгүүдийн нэг, цагтаа дэлхийн чансааг тэргүүлж байсан Каролина Воцняцки их спортоосоо зодог тайлж буйгаа албан ёсоор зарлалаа. 29 настай Дани бүсгүй өнөөдөр /2020.01.24/ Австралийн нээлттэй тэмцээний гуравдугаар шатанд Тунис бүсгүй Онс Жабуртай тааран тоглож гурван сетийн тоглолтонд 7-5, 3-6, 7-5 гэсэн харьцаатай ялагдал хүлээсэн юм. Тус тоглолтын дараа Каролина Возняцки гэр бүлтэйгээ хамт тусгайлан зассан тайзан дээр гаран өөрийнх нь мэргэжлийн теннисний замналыг эргэн сануулсан онцгой бичлэгийг үзэж сонирхсон. Тэрбээр “Би үргэлж уйлдаггүй шүү. Гэхдээ энэ мөчүүдээ би үргэлж санах болно.Үнэхээр гайхалтай зүйлсийг тууллаа. Би одоо дараагийн амьдралдаа бэлэн байна. Юу ирж байгаа бол гэж бодохоос бүр сэтгэл хөдөлж байна” хэмээжээ. Мөн тэрбээр Австралийн нээлттэй тэмцээний тухай “Би Мельбурн хотод хайртай. Миний сэтгэлд хоногшсон газар. Би энд Гранд слам хүртэж байлаа. Би энд карьераа төгсгөж байгаадаа баяртай байна” хэмээжээ. Анх 2005 онд мэргэжлийн дебютээ хийсэн тэрбээр замналдаа 55 шигшээ тоглолтонд шалгарч 30-25 гэсэн амжилттай байсан юм.
Дэлхийн чансааг тэргүүлж байсан тэрбээр өнгөрсөн арванхоёрдугаар сард өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан энэ жилийн эхний тэмцээн түүний хувьд сүүлийн тэмцээн байх болно гэдгээ зарласан. Түүний нөхөр мэргэжлийн сагсанбөмбөгийн тоглогч, Голден Стэйт Уарриорс багтай NBA-ийн аварга авч байсан Дэвид Ли билээ.
Холбоотой мэдээ