
Би 12- той байхдаа л хүүхэдтэй болохгүй гэж боддог байлаа. Намайг хажуу айлынхаа хүүхдийг харж байгаад орж ирэхдээ ууртайгаар “ Би хэзээ ч хүнтэй суухгүй бас хүүхэдтэй болохгүй” гэж хэлж байсныг ээж маань сайн санадаг юм.
Түүнээс гадна аав ээжийг ажилтай үед би дүүгээ байнга хардаг байлаа. Намайг 12 –той байхад дүү 8 настай байсан ч гартаа олон хутга барьчихаад намайг гэрээр нэг элддэг байв. Тэр надаас өшөө аваагүй үедээ л хөлд царгууцалдаж, хөөрхийлөлтэй гөлөг шиг миний анхаарлыг татах гэж байдгаараа хичээдэг байсан юм. Яг энэ дүр зураг намайг хүүхэд төрүүлэхгүй гэж хатуу шийдэхэд хүргэсэн байх.
Гэрлэлтийн хувьд ч миний бодол хоёр хуваагддаг. Би 19-тэйдөө галзууртлаа дурлаж, түүнтэй гэрлэнэ гэж аав ээждээ хэлсэн юм. Харин ухаалаг аав ээж минь аз болж юу ч дуугараагүй билээ. Би ч өөрийнхөө бололд үнэнч үлдэхээр шийдэж, гэрлэлт бол миний сонирхол биш гэдгийг ухаарсан.
Миний дараагийн дурлал Бразил залуу байлаа. Бид Америкт танилцаж, түүний гэр бүлийнхэнтэй уулзахаар эх орон руу нь хүртэл явсан юм. Эргэж ирэх үед тэр надад хуримын бөгж бэлэглэж бид хуримын ёслол, баталгаа маш ойрхон байлаа.
Хэдэн сарын дараа хурим жинхэнээсээ болох нь гарцаагүй болж хүүхдийн дуулиан ч гар эхлэв. Тэр надад зургаан хүүхэдтэй болно гэж хэлсэн юм.
Надад хүүхэдтэй болох ямар ч хүсэл байгаагүй ч би хүүхэд асрагчтай болвол би хоёр хүүхэд төрүүлж өгнө гэлээ. Бид хүүхэдтэй ч болоогүй бас гэрлээгүй юм.
Дараа нь би хүүхэд хүсдэггүй найз залуутай болсон. Тэр хүүхэдтэй болохыг хүсдэггүй гэсэн ч би түүнд итгэхгүй байлаа. Гэвч тэр бас нэг болзол тавьсан нь намайг жингээ хастал гэрлэхгүй гэдэг байв. Би тамхиа хаяснаас хойш нэлээд жин нэмсэн ч жингээс болоогүй гэдгийг би мэдсэн. Бүх учир надад байгааг би гадарлаж байв. Удалгүй бид салсан бөгөөд тэр өөр хүнтэй гэрлэж хүүтэй болсон.
Миний амьдралд хүүхдийн дуу чимээ огт байдаггүй. Найз нөхөд, дүү маань ч одоо хэр нь хүүхэдгүй. Би хүүхдийг үзэн яддаггүй, тэд харин ч намайг өөрийн эрхгүй инээмсэглүүлдэг билээ. Гэвч насанд хүрсэн хүний хувьд би хүүхэдтэй хамт байж огт чаддаггүй. Учир нь хүүхэд байнга анхаарал шаарддаг бөгөөд хүүхдийн дуу шуугиан надад яг л дүүрэн хүнтэй үзэгчдийн танхимыг санагдуулдаг юм .
30 гарсан хойноо би ганцаардмал амьдралдаа сэтгэл хангалуун байж чадахаа больсон юм. Би маш нээлттэй хүн болохоор бусдын дунд байх дуртай.
Ингээд өөртэйгээ адил бодолтой хэн нэгэнтэй амьдралаа холбохоор шийдлээ. Гэвч бид зөвхөн сайн найзууд болох хувь тавилантай байж.
Эцэст нь өөрөөсөө ингэж асуухад хүрсэн юм. Гэрлэлтийн утга учир юу юм бэ? Миний дунд сургуулийн маань найзууд, аав ээжийн найзууд бараг ихэнх нь салсан. Нэг нь бүр дөрвөн удаа гэрлэсэн. Харин намайг 40 шүргэж явахад үе чацуутнууд маань бүгд гэрлэж, нэг нь л гэрлэлтээ цуцлуулсан билээ. Хүмүүс мөнх амьдрахгүй гэдгээ мэдсээр байж мөнхийн зүйл амладаг нь тэнэг хэрэг. Мөнхийн зүйл гэж байдаггүй. Хүн олон удаа гэрлэж, салахад буруу нь юу байгаа юм бэ? Аль нь ч мөнх үргэжилдэггүй.
Би олон зүйлд өөрийгөө буруутгадаг. Хүүхэдтэй болдоггүй хачин эмэгтэй гэж дуудуулж ч байсан. Гэхдээ зарим харилцаа маань зарим нэг гэрлэлт гэдэг зүйлээс хавьгүй удаан үргэлжилсэн. Хүмүүс надаас “Хөгшрөх үед чинь хэн асарч халамжлах юм бэ?” гэж асуухад үзэн яддаг. Эмэгтэйчүүд эрчүүдээс урт насалдаг ч хөгширсөн хойноо асруулах гэж үр хүүхэдтэй болдог хэрэг үү? Би амьдралдаа олон алдаа гаргасан ч хүүхэдтэй болоогүйдээ огт харамсдаггүй юм.
Гэрлэлтийн тухайд би амьдралдаа хэзээ ч ийм зорилго тавьж байсангүй. Гэвч би хэзээ ганцаараа байж үзээгүй. Бас ганцаардаж ч байгаагүй. Надад гэр бүл, найз нөхөд, амраг хайрын аль аль нь байсан.
Бэлтгэсэн Н.Энх