УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргав

Хуучирсан мэдээ: 2020.01.24-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргав

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргав

НЭМЭЛТ: 19.30

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооноос дөнгөж сая гаргалаа. Энэ асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалт, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ.  Хурлын шийдвэрийн талаар дэд хорооны таван гишүүн мэдээлэл хийлээ. Хуралдаанд Улсын Ерөнхий прокурор, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нар байлцаж, мэдээлэл өгсөн байна.

УИХ-ын гишүүн, дэд хорооны дарга Ц.НЯМДОРЖ:

-Дэд хорооны хуралдаан хаалттай явагдсан, прокурорын бичиг нууцын зэрэглэлтэй, мөрдөн байцаалтын ажиллагаа нууц байх учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр гишүүнийг тойрсон хардлага сэрдлэг их байгаа, нөгөө талаас шалгахад гишүүнийх нь албан тушаал саад болж байгаа гэсэн ярианууд байгаа учраас түдгэлзүүлээд шалгуулаад нэр төрөө сэргээлгэх нь зөв. Тэгвэл аль аль талдаа дээрээ гэдэг зүйлийг ярьсан. Мөрдөн байцаалтын ажилд саад учруулж байна, нууц задруулж байна гэж Ерөнхий прокурор ярьсан. Түүнээс дотор нь байгаа асуудлаар нарийвчилж ярих боломжгүй. Ерөнхий прокурор ч гэсэн мөрдөн байцаалтын нууц гээд мэдээлэл өгөхгүй байгаа. Түүнээс гадна гишүүд нэг зүйл дээр санаа зовж байгаа. Гол асуудлаа шалгахгүйгээр тойроод явах, өөр зүйл хөөцөлдөх вий гэдэг дээр санаа зовж байна. Гэхдээ Ерөнхий прокурор асуудлаа оруулж ирсэн учраас хариуцлагаа цаашид хүлээх байх гэсэн зүйл яригдсан.

Одоо байнгын хороо, чуулганы хуралдаан хуралдах юм.

Н.Номтойбаяр: Ямар шийдвэр гаргах нь УИХ-ын асуудал

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаас гарч ирсний дараа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр “Бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг ярихдаа  нууцлаад байгаа боловч ирэх долоо хоногийн  УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар орно. Тэр үед би ярина. УИХ-ын дэгийн тухай хуулиар энэ асуудлыг нээлттэй хэлэлцэж болох хуулийн зохицуулалт бий.

Гол асуудал нь талийгаач Б нас барсантай холбогдуулаад өнөөдрийг хүртэл хэрэг бүртгэл нээгээд явж байгаа.

Гурван удаа буюу өнгөрсөн оны тавдугаар сард хоёр, зургадугаар  сард нэг удаа  надаас мэдүүлэг авсан. Мэдүүлэг нь гэрчийн мэдүүлэг. Гэрчийн мэдүүлэг өгөхдөө худлаа мэдээлэл өгсөн гэсэн.

Энэ тохиолдолд зургаан сар нийтийн хөдөлмөр эрхлэх, гадаадад зорчих эрхийг зургаан сараар хязгаарлах, 4 сая төгрөгөөр торгодог зүйл ангитай. Худлаа яриагүйгээ нотлоод УЕП-т хандахаасаа өмнө өргөдлөө өгсөн.

Өмгөөлөгч Б. Батхуяг миний хийсэн мэдээллийг гуйвуулсан. Фолигараф тестийн хариуг буруу мэдээлсэн. Хүзүүнд нь улайлт  үүссэн нь боолтоос үүдэлтэй гээд. Миний нэг буруутай үйлдлийг харуулж байна лээ.

Би цагдаад гурван үндэслэлээр гомдол гаргасан. Тэр хүний амь насаа алдсан хэрэгтэй холбоотойгоор намайг шалгаад өгөөч ээ гэсэн” гэлээ.

-Таныг намын дарга тань бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуулчих гэж хэлсэн юм уу?

-Зарим гишүүд өөрийн хүсэлтээр түдгэлзэх хувилбар байна гэсэн.  Миний хувьд  УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд хэрэг бүртгэлийн ажиллагаанаас зугтаагүй.  Харин ч арваннэгдүгээр сарын 25-ноос хойш өөрөө  очоод хөөцөлдөөд яваад байгаа. Мэдүүлэг аваагүй.

Би бүрэн эрхийн байдлаа давуу тал болгож, зугтаасан зүйл байхгүй байгаа биз. Тэгэхээр энэ бол өөрөө түдгэлзэх үндэслэл биш. Мэдээлэл задалсан гэсэн, задлаагүй. Хэн задалсан талаар би мэдээлсэн.

Нэг, хоёр дахь үндэслэл нь угаас үндэслэлгүй учир УИХ-ын гишүүнээс өөрөө түдгэлзэх бичиг яаж хийх юм бэ гэдэг үндэслэл гарч байгаа.

Авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа хэргийн тухайд хууль зөрчөөгүй, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс гаргасан шийдвэрийг л биелүүлсэн.

-Түдгэлзүүлэх шийдвэр гаргавал хэрхэн хүлээн авах вэ? 

-Одоо яах вэ дээ, УИХ-ын л асуудал. Ямар шийдвэр гаргахыг нь харъя.

 


НЭМЭЛТ: 

УЕП Б.Жаргалсайхан үндэслэлээ танилцуулав

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан өнөөдөр 16.00 цагийн орчимд эхэлсэн ч одоог болтол дуусаагүй үргэлжилж байна. Тус хуралдаанд Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан оролцож, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай гурван үндэслэлээ танилцуулан, мэдээлэл өгөөд саяхан хуралдаанаас гарч ирлээ. Мөн 30 орчим минутын өмнө УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр тус хуралдаанд биечлэн оролцохоор орсон юм.

Халдашгүй байдлын дэд хороо Н.Номтойбаяргүй хуралдаж байна

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо яг одоо Төрийн ордонд хуралдаж байна. Тус хорооны хуралдаанаар Улсын ерөнхий прокурор /УЕП/ Б.Жаргалсайханаас ирүүлсэн УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж байгаа юм. Тус дэд хорооны хуралдаан хаалттай болж байгаа бөгөөд УЕП-ын дарга Б.Жаргалсайхан оролцож байна.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хуралдааныг нээлттэй болговол оролцохоо мэдэгдсэн ч хуралдаан хаалттай болж байгаа тул тэрбээр чуулганы хуралдаанд оролцож байна. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороонд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Ч.Улаан, Н.Энхболд, Д.Лүндээжанцан нар багтдаг бөгөөд тус дэд хороог Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ахалдаг юм.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
52
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж