Нэмэлт:
Сургууль, цэцэрлэгийг ирэх гуравдугаар сарын 2-н хүртэл хаах шийдвэрийг дөнгөж сая Улсын Онцгой комисс/УОК/ -ын хуралдаанаас гаргалаа. Энэ шийдвэрийг ирэх долоо хоногийн даваа гариг буюу нэгдүгээр сарын 27-ноос эхлэн улс даяар мөрдөхөөр хугацаа заажээ.
Монгол Улсад коронавирус илрээгүй ч урьдчилан сэргийлэх, ханиад томууны үеийн эрсдлийг бууруулах үүднээс УОК дээрх шийдвэрийг гаргасан юм байна. Энэ шийдвэрийг ерөнхий боловсролын сургуулиуд өмчийн хэлбэр үл харгалзан мөрдөнө.
Мөн хил хаах эсэх асуудал яригдаж байгаа ч энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх аж.
Д.Сарангэрэл: Шинжилгээнд хамрагдсан хүнээс коронавирус илрээгүй
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Өнөөдөр бид Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын бүсийн ерөнхий захиралтай албан ёсны ярилцлагыг утсаар хийлээ. ДЭМБ-аас өглөөний 10.40 цагийн байдлаар БНХАУ-д коронавирусын халдварын тохиолдол 844, нас баралт 25 болсон тухай мэдээлэл өгсөн.
Дөнгөж сая биднийг хуралдаж байхад нас баралт нэгээр нэмэгдэж 26 боллоо. Тохиолдол нь 887 болсон. Тэгэхээр коронавирусын тархалт өдөртөө хурдацтай нэмэгдэж байна.
Томуу томуу төст өвчний дэгдэлттэй байгаа энэ үед коронавирус орж ирэх юм бол хүүхдээр тогтохгүй насанд хүрэгчдийн ч амь нас эрүүл мэндэд ноцтой асуудал үүсэхээр байна.
Улсын онцгой комисст Эрүүл мэндийн яамнаас дөрвөн санал оруулсан. Нэгдүгээрт, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг ирэх гуравдугаар сарын 2-ныг хүртэл хаах, хоёрдугаарт, эмнэлгийн тусламжийн бэлэн байдлыг хангах үүднээс эм тарианы нөөц бүрдүүлэх, гуравдугаарт, урд хөрштэй хиллэдэг боомтыг тодорхой хэмжээгээр хязгаарлах саналыг орууллаа.
Улсын онцгой комисс нэг зүйлийг Засгийн газрын хуралдаанаар оруулахаар боллоо. Хилийн боомт орчмын хөдөлгөөнийг хязгаарлахад дипломат харилцааны шугамаар тухайн оронд түрүүлж мэдэгдэж энэ шийдвэрийг Засгийн газар гаргадаг. Тиймээс Засгийн газарт явган болон нийтийн тээврийн хэрэгслээр түр зорчих хөдөлгөөнийг хязгаарлах саналыг оруулж Засгийн газар шийдвэрлэхээр боллоо.
Монгол Улсад коронавирусын халдварын тохиолдол бүргэгдээгүй. Өчигдөр галт тэргээр зорчиж ирсэн БНХАУ-ын хоёр иргэний нэг нь өндөр халуурсан гэсэн мэдээллээр Дорноговь аймгийн эрүүл мэндийн байгууллага урд хөрштэй яаралтай холбогдож, халуурсан хоёр иргэнийг хилээр нэвтрүүлэлгүй Эрээн хотоос буцаасан.
Ингээд шинжилгээ хийхэд нэгэнд коронавирусын халдвар илэрсэн. Энэ хүнтэй галт тэргэнд ойр явсан Монгол Улсын иргэдийг тусгаарласан. Нэг иргэнийг ХӨСҮТ-д шинжилгээнд хамруулахад тэр хүнээс коронавирус илэрсэнгүй” гэлээ.
Коронавирусээс сэргийлж сургууль, цэцэрлэгийг хаах санал гаргав
Коронавирусийн халдвар БНХАУ-д дэгдсэнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох санал гаргажээ. Уг асуудлыг Улсын онцгой комиссын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх аж. Гэхдээ одоогоор Улсын Онцгой комиссын хурал зарлагдаагүй байгаа юм.
Улсын Онцгой комиссыг Шадар сайд Ө.Энхтүвшин удирддаг. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр 15.30 цагт хуралдахаар болсон. Тус хуралдаан болж дууссаны дараа үргэлжлүүлэн Улсын Онцгой комисс хуралдаж, коронавирусын талаар хэлэлцэж магадгүй юм байна.
Холбоотой мэдээ