Дэлхий даяар Австралийн түймэрт туслахаар олон сая хүмүүс хандив өргөсөн ч Австралийн улаан загалмайн тэргүүний мэдээллэснээр нийт хандивын 10 гаруй хувь нь зорилтот хохирогчдодоо хүрэхгүй гэжээ.
Уг ойн түймэр нь 6 мужийн 17.9 сая акр газрыг хамарч Амазоны ойн түймрийг давсан их гарз хохирол учруулсан. Зөвхөн Шинэ Өмнөд Уэльс мужид л гэхэд 1588 орон гэр сүйдэж, 650 гаруй айл өрх хохирсон байна.
Маш олон алдартнууд, тэрбумтнууд, энгийн иргэд хүртэл хандив өргөж, 115 сая ам.доллар Австралийн улаан загалмайд цугласан боловч тэргүүн Ноэл Клэмэнтсийн хэлснээр хандивлагдсан ам.доллар бүрийн 10 хувь нь “удирдах алба”-нд очих ажээ.
Буцалтгүй тусламжийн мөнгийг хохирогчдод зарцуулахгүй байна хэмээн буруутгагдаад байгаа Клэмэнтсийн хэлснээр захиргааны зардалд төсөвлөгдсөн 10 сая ам.доллар нь гал түймрийн үед түймрийг аль болох хурдан намжаах баг бүрдүүлж, үйл ажиллагаа зохион байгуулахад зайлшгүй шаардлагатай зардал болсон тул энэ нь түймрийн зардлын нэгээхэн хэсэг мөн гэж The Today Show-нд оролцохдоо ярьжээ. Мөн тэрбээр бид гэр орноо дахин босгож байгаа, тусламж хэрэгтэй байгаа хүмүүст төсөв хэрэгтэй байгааг мартаагүй. Зохицуулалт хийх болно хэмээн мэдэгджээ.
Австралийн улаан загалмайгаас хохирсон айл өрхүүдэд 10.000-20.000 ам.долларын тусламжийг хохирлоос нь хамааран тогтоож төсөвлөж байгаа бол одоогоор 700 орчим өрх л тусламжаа баталгаажуулаад байгаа аж. Өнөөг хүртэл 30 сая орчим ам.долларыг түймрийн нөхөн сэргээлт болон дахин барьж байгуулах ажилд хуваарилсан гэж сайн үйлсийн байгууллага мэдээллээд байгаа бол иргэд үүнтэй санал нийлэхгүй байгаагаа мэдээлжээ.
Шинэ Өмнөд Уэльсийн хойд хэсгийн Улмарра хотын оршин суугч Робэрт Горринж "Бидэнд тусламж үзүүлнэ хэмээн маш олон амлалт өгч байсан ч одоог хүртэл амлалтаа биелүүлсэнгүй. Хандиваар цугласан, бидэнд зориулсан мөнгө хаачсан, яагаад одоо болтол бидэнд туслахгүй байгааг ойлгохгүй байна" гэжээ.
Үүний дараагаар Улаан загалмай нь хандиваар цугласан мөнгийг ирэх гурван жилийн хугацаанд төлөвлөгөөний дагуу зарцуулж, хүн бүрт хүрч ажиллана гэдгээ мэдэгджээ.
Австралийн зам тээврийн сайд Эндрью Констанс “Австраличууд мөнгөө хандивласан учир тусламжаа ирэх 3 жилд биш, одоо авах эрхтэй” гэжээ.
2019 оны есдүгээр сараас хойш түймрээс үүдэн 29 хүн нас барсны дунд сайн дурын гал сөнөөгчид ч байсан. Мөн Шинэ Өмнөд Уэльст тэрбум гаруй амьтны амь үрэгдсэн гэх тооцоо гарсан байна.
Эх сурвалж: unilad.co.uk
Холбоотой мэдээ