Маскны эрэлт нэмэгдэж, эмийн сангийн нөөц дуусав

Хуучирсан мэдээ: 2020.01.24-нд нийтлэгдсэн

Маскны эрэлт нэмэгдэж, эмийн сангийн нөөц дуусав

Маскны эрэлт нэмэгдэж, эмийн сангийн нөөц дуусав

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын албан ёсны мэдээгээр дэлхий дахинд шинэ коронавирусийн халдвараар 800 гаруй хүн өвчилж, 25 хүн нас бараад байгаа. Амиа алдсан иргэд нь чихрийн шижин, артерын даралт ихсэх өвчин, зүрх судасны архаг өвчтэй хүмүүс байсан тухай анхааруулж буй. Өмнөд хөршид анх дэлгэрсэн эл өвчнөөс урьдчилан сэргийлэхэд иргэдэд хувийн ариун цэврээ сайн сахиж, амны хаалт тогтмол зүүхийг зөвлөх болсон. Эмч мэргэжилтнүүд зөвлөхдөө “Иргэд амны хаалтыг хэрэглээд, хоёр цаг тутамд солих шаардлагатай. Үнэтэй маск гэлтгүй нэг удаагийн маскыг гадуур гарахдаа зүүж, ойр ойрхон солих хэрэгтэй. Мөн нус, цэр, шүлсээ ил задгай хаяхгүй байх, ханиаж найтаахдаа бусдад вирусаа халдаахаас сэргийлэх, гэртээ агаарын солилцоо оруулах зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг онцлон сануулах болсон. Гэвч өчигдрөөс эхлэн ихэнх эмийн сангуудын эм зүйчид "Маск дууссан" гэх хариултыг үйлчлүүлэгчдээ өгөх болсон. Эрэлтээ даган маск хамгийн гүйлгээтэй "бараа" болж хувирсан ч  байхгүй, дууссан гэх хариулт голлож буй юм. Өнөөдөр хангалт хийгдэж байгаа эсэхийг сурвалжиллаа.

“ЭМИЙН САНГУУДАД МАСК ДУУССАН ГЭЭД ХУДАЛДАЖ АВЧ ЧАДСАНГҮЙ”

Коронавирусийн халдвар БНХАУ-д дэгдсэнтэй холбоотойгоор гадуур эмийн сангуудаар маск худалдан авах нь эрс нэмэгдсэн гэдгийг эмийн сангийн үйлчилгээ эрхлэгчид хэлж байлаа. Эмийн сангаар үйлчлүүлж буй таван хүний дөрөв нь амны хаалт худалдан авч байгаа нь ажиглагдсан юм.

Хөл хөдөлгөөн ихтэй Багшийн их сургуулийн ойролцоох эмийн сангаар үйлчлүүлж буй иргэд ханиадны эм худалдан авахаас гадна нэг удаагийн маск асууж байв. Эмийн сангаас эм худалдан авч байсан Б.Хулан “Би сая замаараа хэд хэдэн эмийн сан орж, амны хаалт асуусан ч дууссан байсан. Яьсаар энэ эмийн санд ирж маск худалдан авлаа. Шинэ коронавирусийн дэгдэлт БНХАУ-д гарсан гэж дуулаад, гэр бүлийнхэндээ амны хаалт хэрэглэхийг зөвлөж байгаа. Үнийн хувьд хямд болохоор нэг удаагийн маск зүүж байна” гэв.

Эмийн сангуудад нэг удаагийн 200 төгрөгийн үнэтэй маск худалдаалахаас гадна 3000-9000 төгрөгийн үнэтэй шүүлтүүртэй маск ч худалдаалж байлаа. “Иргэдийн хувьд ихэвчлэн нэг удаагийн маск олноор худалдан авч байна. Сүүлийн хэдэн өдөр маскны эрэлт их байгаа талаар эмийн санч хэлсэн юм.

Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар “Монгол Улсын хэмжээнд маскны хангалт асуудалгүй.  Дотооддоо маск үйлдвэрлээд эхэлсэн. Эдгээр үйлдвэрийн өдөрт үйлдвэрлэдэг маскны тоо одоогоор шаардлагатай хэмжээнд хүрч байгаа. Эмийн сан болгонд маск худалдаалж байна. Салбар яамны зүгээс маскны үйлдвэрлэл, борлуулалтын талаар нэгдсэн тоон мэдээллийг дараа хийнэ. Миний бодлоор Монголд маскны нөөц дууссан гэж бодохгүй байна. Бид эхний ээлжинд үнэтэй гэхээсээ илүүтэй нэг удаагийн маск зүүж, халдвараас урьдчилан сэргийлэхэд болно” гэлээ.

“ДЭМБ-ААС КОРОНАВИРУСИЙГ НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН НОЦТОЙ БАЙДАЛ ГЭЖ ҮЗЭЭГҮЙ”

Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар  “ДЭМБ-ын Онцгой байдлын хороо хоёр хоног хуралдаж, шинэ коронавируст халдварын дөрөв дэх давалгаа явж байгаа бөгөөд уг өвчнийг нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал гэж үзэхгүй гэдгээ зарласан. Маш олон хүчин зүйлийг тооцож, хэлэлцсэний үндсэн дээр ДЭМБ энэ дүгнэлтэд хүрсэн байна. Монгол Улсын хувьд шинэ коронавирусын халдвар бүртгэгдээгүй. Замын-Үүд боомтоор өчигдөр /2020.01.23/ Эрээн-Улаанбаатарын чиглэлийн автобусаар зорчин Өвөрмонгол зургаан настай хүүхэд ээжийн хамт халуунтай орж ирсэн. Хүүхдийг түр тусгаарлан сорьц авч, шинжилгээний хариу үгүйсгэгдэж, Хөх хот руу буцаах арга хэмжээг авсан.

Мөн өчигдөр Бээжин-Улаанбаатар-Москва чиглэлийн галт тэргээр БНХАУ-д сэжиглэгдсэн найман тохиолдлын нэг иргэнтэй вагонд хамт байсан гэх сэжигтэй тохиолдлыг тандалтаар илрүүлж, өөрөө хүсэлт гаргаснаар холбогдох арга хэмжээг авч тусгаарласан. Одоо тухайн иргэний биеийн байдал  хэвийн, шинжилгээний хариугаа хүлээж байна. Энэ хүмүүстэй ойролцоо хамт вагонд сууж ирсэн 10 иргэнийг өчигдөр орой ХӨСҮТ дээр аваачиж, шинжилгээ хийж, мэргэжлийн эмч нар клиникийн бүх үзлэгээ хийж, гэрийн хаяг, холбогдох утсыг нь бүртгээд гэрт нь буцаасан. Одоогоор ХӨСҮТ дээр нэг эмэгтэй өвчлөөгүй, түр тусгаарлагдаж, лабораторийн шинжилгээг хүлээж байгаа. Шинжилгээнийх нь хариу 16.00 цагаас гарна. Хил гаалийнхаа хяналтыг чанартай хийж, коронавирусийг Монгол Улсад оруулж ирэхгүй байх арга хэмжээг авч ажиллаж байна.

“ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД ДӨРВӨН ТОМ БҮСИЙН ЛАВЛАГАА ЛАБОРАТОРИ БАЙДАГ”

Нийгмийн эрүүл мэндийн газрын тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Иргэдийн хувьд улирлын томуугаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй байна. ДЭМБ-аас иргэдийг гараа тогтмол угаах, энгийн маск зүүх, дархлаагаа дэмжих, хүүхдийн арчилгаа сувилгааг сайн хийх зэрэг зөвлөмжийг өгч байгаа. Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн салбар 24 цагаар бэлэн байдалд ажиллаж байна. Шинэ коронавирус нь сарс, мэрс төрлийн вирустэй генийн хувьд маш төстэй байгааг судлаачид хэлж байна. Тэгэхээр бид вирусийн эсрэг үйлчилгээтэй зүйлс хэрэглэх хэрэгтэй. Аливаа вирус нарны гэрэлд тэсвэр муутай байдаг. Мөн бидний ариутгал хийдэг спирт, саванг хэрэглэж болно. Хүн болгоныг спирт хэрэглэ гэж зөвлөхгүй ч уламжлалт гарын дор байгаа ариутгалын бодисыг ахуйн зориулалтаар хэрэглэж, урьдчилан сэргийлж болно.

Монгол Улсын хувьд вирусийн 21 төрлийн хяналт шинжилгээг хийдэг. Үндэсний хэмжээнд дөрвөн лавлагаа лаборатори байдаг.  Хамгийн том лавлагаа лаборатори нь ХӨСҮТ-д байрладаг бол үлдсэн гурав нь Дорнод, Дархан-Уул, Ховд, Орхон аймагт байдаг. Эдгээр бүсийн лабораторит бүх төрлийн вирусийг оношлох боломжтой. Хэвлэл мэдээллээр цацагдаад байгаа шинэ коронавирусийн халдвар авсан хоёр иргэн нь Эрээн хотоос цаашаа нутаг буцсан” гэв.

ШИНЭ КОРОНАВИРУСИЙН НУУЦ ҮЕ 14 ХОНОГИЙН ДОТОР ИЛЭРДЭГ 

Тэрбээр “Шинэ коронавирусийн дэгдэлт гарсантай холбоотойгоор салбар яамнаас яаралтай тусламжийн 50 орыг бэлэн болгож, халдвар хамгааллынхаа дэглэмийн дагуу өвчтөнөө хүлээн авахад бэлэн байгаа. Хоёрдугаарт вирусийн гаралтай өвчний нууц үеийг 3-5 хоног гэж тооцдог бол шинэ коронавирусийн хувьд 14 хоног байна гэдгийг ДЭМБ-аас үзэж буй. Халдвар гарсан бүс нутагт зорчсон иргэд өндөр халуурах, ханиалгах, бие сулрах, гүйлгэх суулгах, цээж хүндүүрлэж өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл тухайн харьяа дүүргийн эмнэлгийн байгууллагад маскаа зүүж очихыг зөвлөе” гэсэн юм.

Иймд эрүүл мэндийн байгууллагуудаас гаргаж байгаа зөвлөмжийг дагаж мөрдөхийг уриалж байна 

  1. Өвчлөл гарсан бүс нутагт аль болох зорчихгүй байх
  2. Гараа савандаж угаах, халдваргүйжүүлэгч хэрэглэх
  3. Ханиах, найтаах үедээ ам, хамраа дарах, амны алчуур хэрэглэх
  4. Амьсгалын замын өвчтэй хүнтэй хамт байхаас зайлсхийх
  5. Мах, өндөгийг сайтар болгож хэрэглэх
  6. Мал, зэрлэг амьтнаас хол байх
  7. Халуурах, ханиалгах зэрэг амьсгалын замын халдварын шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад хандах

А.СҮРЭН

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж