Засгийн газрын өнгөрөгч Лхагва гаригийн хуралдаанаар Ц.Цэнгэлийг Болгар Улсад суух Элчин сайдаар томилох шийдвэрийг гаргасан. Түүний томилгоотой зэрэгцээд нэгэн бичлэг задарсан нь олон нийтийн сүлжээнд багагүй шүүмжлэл дагуулаад байгаа юм. Англи хэлний мэдлэггүйгээсээ болоод олон нийтэд баалуулж буй Ц.Цэнгэл нь намтартаа орос, англи хэлтэй гэж бичжээ. УИХ-д суугаа болон, сууж байсан, суух сонирхолтой манай Монголын улстөрчдийн намтарыг сөхөхөд бүгд англи, орос гээд хос хэлтэйгээ бичсэн байдаг. Гэвч, бодит байдал дээрээ "а" ч үгүй гэдгийг Ц.Цэнгэлийн англи хэлний мэдлэгээс харчихад л болчихоор.
Сүүлийн үед аливаа албан байгууллагад наад захын тавьд шалгуур нь англи хэл болсон. Ядаж л анхан шатны ойлголттой байх шаардлагыг гадаадад Элчин сайдаар явах томилогдох гэж байгаа хүн хангах ёстой. Учир нь англи хэл бол дэлхийн хэл болсон. Гэвч, Монголын хувьд төрийн өндөр албан тушаалтан заавал англи хэлтэй байх шаардлагагүй бололтой. Тэр тусмаа Элчин сайдаар явах гэж буй хүн төрийн өндөр албан тушаал хашиж байсан нь чухал болохоос хэлний мэдлэг чухал биш гэдгийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлжээ. Элчин сайд хүн Монголыг гадаадад төлөөлөх, гадаад харилцааг өргөжүүлэх үүрэгтэй. Гэтэл Монгол Улсын хувьд гадаадад Элчин сайдаар явах гэж буй хүний боловсрол мэдлэг хамаагүй, гол шалгуур нь хэн нэгэн сайд эрх мэдэлтэн, дарга нарын танил тал ах, дүү, амраг садан, хань ижил, найз, нөхөр байх ёстой. Батлан хамгаалахын сайдын хүү, хүргэн, Хууль зүйн сайдын хүү, Сангийн сайдын ах, УИХ-ын гишүүний нөхөр, хамаатан садан гээд томилгооны гол шалгуур нь зөвхөн "төрлийн" гэсэн тодотгол. Бүр нууц амрагаа хүртэл гадаадад консулаар явуулж байгаа тухай Хөх хотын консул асан Д.Мөнх-Эрдэнэ дэлгэсэн.
Бөх бол төр болсон цагт боловсролын үнэлэмж ийнхүү унаж, хэлтэй бол хөлтэй гэх үг улиг болжээ. Монгол төрийн томилгоо, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын локикоор бол хэлтэй бол хөлтэй болсон цаг. Хөлтэй байхын тулд сайд дарга, эрх мэдэлтний "хамаарал бүхий хүн" байх ёстой бололтой.
Б.БАТ
Холбоотой мэдээ