УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж шийдвэр гарах хуультай ч тус дэд хорооны гишүүдийн ирц бүрдэхгүй байгаа учраас хэлэлцэлгүй хойшлуулсаар долоо хонож буй.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр бүлгийн хуралдаандаа суухаар хүрэлцэн иржээ. Тэрбээр сэтгүүлчдэд тайлбар өгөх үеэрээ "Миний бүрэн эрхийн хугацааг түдгэлзүүлэх үндэслэл байхгүй" гэдгийг хэллээ.
“Би өөрийгөө хууль зөрчөөгүй гэдгээ нотолно. Хоёр өдрийн өмнө би бүлгийн дарга, УИХ-ын гишүүдэд тайлбараа хүргүүлсэн. Нэгэнт би хууль зөрчөөгүй, гэмт үйлдэл гаргаагүй хүн өөрийн санаачилгаар бүрэн эрхээсээ татгалзана гэж байхгүй. Миний хүсч байгаа ганц зүйл бол бүх асуудал хэвлэлүүдээр нээлттэй явах ёстой. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байх хугацаандаа хууль дүрэм зөрчсөн асуудал огт байхгүй. Одоо орж би үүнийгээ нотолно. Миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудалд анх өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр би өөрөө санаачилга гаргасан. Яагаад ийм аргагүй байдалд хүрсэн бэ гэхээр надаас огт тайлбар, мэдүүлэг авахгүй байсантай холбоотой. Надад Үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрх бий. Нотлох баримтаа би шалгуулах эрхтэй. Тиймээс би аргаа бараад хэвлэлийнхэнд арванхоёрдугаар сарын 12-ны өдөр мэдээлэл хийсэн. Миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д оруулж ир гэж хэлсэн. Түүнчлэн уг асуудлаар УИХ дээр ч гэсэн улс төр болгож ярьж байгаа. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн чуулганы хуралдаан дээр хэн, юу гэж ярьсныг та бүхэн ч мэдэж байгаа байх. Энэ мэтчилэн ордонд янз бүрийн хов жив их яригдаж байна. Тиймээс улстөржүүлээд байгаа асуудлыг улс төрийнх нь ордонд яръя л даа” гэв.
-Талийгаачийн ар гэрийнхэн яагаад таныг буруутгаж байна вэ?
-Нэг дүү нь Дорнодод, бас Өвөрхангайд нэр дэвших гэж байгаа юм билээ. Уржигдрын мэдээлэлтэй холбогдуулан маш ноцтой хэд хэдэн үйлдэл гарсан. Би дөрвөн өргөдөл цагдаад өнөөдөр өглөө. Телеграф тестийг би өөрийн хүсэлтээр хоёр удаа шалгуулсан. Телеграф тестийн дүгнэлтийг ил мушгиж гуйвуулсан. Телеграф тестийг авсан цагдаагийн ажилтан надад танилцуулсан. Нууцын зэрэгт хамаарахгүй асуудал. “Талийгаачийн унасан газар явсан уу, цохисон уу” гэх мэт хардалт байгаа. Энэ дагуу бүх асуултыг асуухад миний хариултууд 80-90 хувь нь үнэн гэж гарсан. Үүнийг би дэлгэнэ. Шүүх шинжилгээний дүгнэлт өнгөрсөн оны долдугаар сард УИХ дээр ил болчихсон материал. Тархины цус харвалт гэж тогтоогдсон шүүх шинжилгээний дүгнэлтийг яагаад мушгин гуйвуулж байна вэ” хэмээгээд тэрбээр бүлгийн хуралдаан руугаа орлоо.
МАН-ын бүлгийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Дараа нь УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хороо хуралдана. Тус дэд хорооны гишүүдийн ирц 100 хувь бүрдсэн.
Холбоотой мэдээ