Нэмэлт:
УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокуророос тавьсан хүсэлтийг хэлэлцсэн ч эцсийн байдлаар шийдвэр гаргаж чадалгүй, завсарлалаа. Тус бүлгийн хуралдаанд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцжээ. Энэ үеэр МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Номтойбаяраа, МАН чамайг хамгаалах боломжгүй, чамд өөрийгөө шалгуулах зориг байна уу, өргөдлөө өгөөд шалгуул" гэсэн байр суурийг илэрхийлжээ.
Одоо буюу 15.30 цагт УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж шийдвэрээ гаргах юм байна.
МАН-ын бүлэг яаралтай хуралдаан зарлалаа
УИХ дахь МАН-ын бүлэг цаг үеийн асуудлаар яаралтай хуралдаан зарлалаа. Тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн энэ тухай чуулганы хуралдааны үеэр "МАН-ын бүлэг чуулганы хуралдаанаас хоёр цагийн завсарлага авах шаардлагатай байна. Цаг үеийн асуудлаар яаралтай хуралдахаар боллоо” гэдгийг тэрбээр тодотгов.
Одоо УИХ-ын чуулганы хуралдаан хаалттай горимоор хуралдаж, Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2020 оны төсвийн тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байгаа юм.
Үүний дараа МАН-ын бүлгийн хуралдаан эхэлнэ. Магадгүй бүлгийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцэж магадгүй.
Холбоотой мэдээ