Нэмэлт:
ОХУ-ын иргэн “Г”, Монгол Улсын иргэн “М” нарыг 2020 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр үл таних 4 хүн хүч хэрэглэн 50,000 ам. доллар, 2.500 еврог дээрэмдсэн гэсэн мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг Цагдаагийн ерөнхий газраас тодотголоо. Тодруулбал, Монгол Улсын иргэн 1984-1992 онд төрсөн Н, Д, М, Б нар уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул Цагдаагийн ерөнхий газрын харъяа Эрүүгийн Цагдаагийн газар, Тагнуулын ерөнхий газартай хамтран мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 2020 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө дээрх этгээдүүдийг дайчлан, баривчлан саатуулжээ. Уг дээрмийн гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд гэмт хэрэг үйлдэх үедээ галт зэвсэг хэрэглэсэн гэсэн нь харин ташаа мэдээлэл юм байна.
ТЕГ Мэдэгдэл гаргав
Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-аас энэхүү хэрэг явдалтай холбогдуулж, мэдэгдэл гаргаад байна. Мэдэгдэлд "ОХУ-ын иргэнийг зэвсэг хэрэглэн дээрэмдсэн тагнуулын байгууллагын ажилтнуудыг 2020 оны 01 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө баривчилсан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсантай холбогдуулан дараах мэдэгдлийг хүргэж байна. Тагнуулын байгууллагын албан хаагчид Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт холбогдсон байж болзошгүй асуудлын талаарх урьдчилсан мэдээллийн дагуу тус газраас цагдаагийн байгууллагад мэдээллийн дэмжлэг үзүүлж ажилласан. Эрүүгийн хэрэг шалгах ажиллагааг тагнуул, цагдаагийн байгууллага хамтран хэрэгжүүлж байна" хэмээжээ.
ЦЕГ: Дээрэм хийсэн гэх тагнуулын тусгайгийнхныг баривчилсан
Өнгөрөгч шөнө Тагнуулын ерөнхий газрын тусгай ажилтнууд ОХУ-ын иргэнийг их хэмжээний мөнгөтэй явж байхад нь зохион байгуулалттайгаар дээрэмдсэн гэх мэдээлэл цахим сайтуудаар цацагдаж эхэллээ.
Уг мэдээлэлд, 2020 оны нэгдүгээр сарын 23-24 нд шилжих шөнө ОХУ-ын иргэнийг их хэмжээний мөнгөтэй явж байхад нь зохион байгуулалттайгаар дээрэмдсэн хэрэг гарсан. Тус хэргийг шалгахад гаднын иргэнийг дээрэмдсэн этгээдүүд нь Тагнуулын ерөнхий газрын тусгай хэлтсийнхэн байсан гэх мэдээлэл ирлээ. Тэд дээрэм хийх үедээ ажлынхаа хувцастай байсан гэнэ. Мөн дээрэм хийх үедээ байлдааны галт зэвсэг ашигласан болох нь тогтоогдсон” гэжээ.
Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Цагдаагийн байгууллагаас хэд хоногийн өмнө тодорхой ажиллагаа явуулж гэмт этгээдүүдийг баривчилсан” гэсэн мэдээллийг өглөө. Хэргийг одоо Эрүүгийн цагдаагийн газарт шалгаж буй юм байна.
Э.АРИУН