УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр /2020.01.23/ “Оюуны өмчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.
Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын нэр бүхий 9 гишүүнээс 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2019 оны 05 дугаар сарын 01- ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн.
Хууль зүйн байнгын хороо 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, хуулийн төслүүдтэй холбоотой ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг нэг бүрчлэн хэлэлцсэн.
Тухайлбал, оюуны өмчийн байгууллагын тогтолцоо, чиг үүргийг тодорхойлж, хүн амын төвлөрөл, оюуны өмч бүтээгч, эзэмшигчдийн шаардлага, нөхцөл байдлыг харгалзан орон нутагт хэлтэс, тасаг байгуулах хууль, эрх зүйн боломжийг нээх нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Мөн оюуны өмчийн эрхийг хамгаалах талаар иргэн, хуулийн этгээд, хамтын удирдлагын байгууллага болон оюуны өмчийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох асуудлыг төсөлд тусгах нь зүйтэй хэмээн үзжээ. Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах харилцааны хүрээнд оюуны өмчийн үнэлгээ хийх эрхийг хэрхэн авах, түүний үйл ажиллагааны чиг үүргээс гадна, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахад төрөөс үзүүлэх дэмжлэгийн хэлбэрийг тодорхойлох зэрэг асуудлыг тусгасан байна.
Холбоотой мэдээ