Төв талбайн мөсөн гулгуур дээр үнэ төлбөргүй гулгах боломжтой

Хуучирсан мэдээ: 2020.01.24-нд нийтлэгдсэн

Төв талбайн мөсөн гулгуур дээр үнэ төлбөргүй гулгах боломжтой

Төв талбайн мөсөн гулгуур дээр үнэ төлбөргүй гулгах боломжтой

Өвлийн улиралд хүүхэд багачууд мөсөн дээр гулгаж, цасаар өвгөн хийж тоглох дуртай ч боломж нь хомс. Харин нийслэлээс “Цэвэр агаартай хот” аяны хүрээнд Сүхбаатарын талбайд хүүхэд, залууст зориулж мөсөн хотхон, мөсөн гулгуурын талбайг байгуулсан нь эрэлттэй байна.  Энэхүү мөсөн хотхон шинэ жилийн баярын өмнөхөн нээгдсэн юм. Уг мөсөн хотхон нь мөсөн гулгуурын талбай, гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл бүхий өвлийн олимпийн болон чөлөөт сэдэвт 20 гаруй мөсөн баримлуудаас бүрдэж байна.

Сурвалжлага хийхээр өчигдөр /2020.01.23/ очиход мөсөн гулгуурын талбайн үүдэнд нь оюутан залуус дугаарлан, тэшүүрээ сонгоод тун завгүй. Мөсөн гулгуурын талбайн ажилтан Ц.Бүрэнбаяраас үйлчлүүлэгчдийн талаар тодруулахад “Өнөөдөр ачаалал бага байна. Оюутан сурагчдын амралттай байхад хүмүүс их байсан. Одоо хичээл орчихсон болохоор хүмүүс эрс багаслаа. Зургаан настнаас 60 настай өвөө хүртэл ирж, гулгаж байгаа.

Үйлчилгээний цагийн хуваарийн тухайд өглөө 11.00 цагаас оройн 22.00 цаг хүртэл ажилладаг. Нэг цагийн үнэ нь 3000 төгрөг. Хувийн тэшүүртэйгээ ирвэл үнэгүй гулгана. Улаанбаатар хотын хүүхэд, залууст тэшүүрээр гулгах талбай хомс. Боломж бий болгосноор хүүхэд залуус чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх боломжтой. Найзуудтайгаа гулгахад их сонирхолтой байх болно” гэлээ.

Сонирхуулахад, уг мөсөн хотхоныг зураач, мөсөн гоёл урлаач, Д.Цэрэнбат нарын уран бүтээлчид бүтээсэн бөгөөд сар шинийн баяр хүртэл Улаанбаатар хотын төв талбайг чимэх юм.

МӨСӨН ХОТХОН ХОТЫН ӨНГӨ ҮЗЭМЖИЙГ МАШ ГОЁ ЧИМЖ ӨГДӨГ

Мөсөн хотхоныг урласан мөсөн гоёл урлаач, Д.Цэрэнбаттай ярилцлаа.

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг уран сийлбэрч Д.Цэрэнбат гэдэг. Би 2004 онд Соёл урлагийн их сургуулийн уран сийлбэрийн ангийг Г.Цогбаяр багшийн удирдлага дор төгссөн. Түүнээс хойш уран сийлбэр болон цас мөсөөр уран бүтээлээ туурвиж байна.

-Талбайн мөсөн хотхон нийт хэчнээн баримлаас бүрдэж байна вэ?

-Том жижиг нийлсэн 20 гаруй мөсөн баримал бий. Тэр дунд мөсөн гулгуурын талбай, гулсуур бас бий.

-Уг мөсөн хотхоныг барихад нийт хэдий хэр хугацаа зарцуулав?

-Энэ жилийн мөсөн хотхон “Цэвэр агаар” төслийн хүрээнд хэрэгжсэн. Залуусын хайр дурлал, бүжиг, өвлийн өвгөн, цасан охин гэх мэт бүлэг сэдвүүдийг багтаасан зохиомж хийгдсэн.

Мөсөө холоос нуураас татдаг болохоор их зузаан хөлдөлт орсон учир тээвэрлэхэд хүндрэлтэй байдаг. Хугацаа нь арай эрт  байх юм бол нуураас мөс бэлдэх ажиллагаа хөнгөн байдаг. Энэ жилийн хувьд мөсний зузаан 60 см хүрсэн хойно нь ажлаа эхэлсэн. Тэгэхээр шөнө өдөргүй их ажилласан. Зарим тохиолдолд бид шөнөжин ажилласан өдрүүд олон бий. Өдөрт нь хүмүүс холхиод байдаг учраас шөнөдөө эсвэл өглөө эрт хийчихвэл амар байдаг юм.

-Мөсөн гулгуурын талбайн тухайд?

-Мөсөн гулгуурын талбай 60х25 харьцаатайгаар хийгдсэн. Олон улсын мөсөн гулгуурын талбай 60х30 байдаг. Тэр хэмжээнд хүргэх гэж зорьсон. Талбай руугаа нэлээн шахаж байсан тул таван метр хажуугаас нь хассан. Гэхдээ маш том гулгуурын талбай болж чадсан.

-Таны хувьд яагаад мөсөн урлаач чиглэлээр ажиллах болсон юм бол?

-Мөсөн урлалын чиглэлээр сүүлийн үед залуучууд нэлээн түрж орж ирж байгаа. Бидний хувьд оюутан болсон цагаасаа талбай дээр хийгддэг байсан мөсөн хотхонд ангиараа амжилттай оролцож гурван удаа тэргүүн байрыг авч байсан. Тэр үед хийж байсан ажлаас уламжлаад цас мөсний урлал бидэнтэй холбоотой болоод явж байна.

Мөсөн хотхон хотын өнгө үзэмжийг маш гоё чимж өгдөг. Олон улсад мөсөн урлалыг өвлийн аялал жуулчлалд зориулсан маш том арга хэмжээ болгон зохион байгуулж байна. Жишээ нь БНХАУ-ын хотууд хоорондоо өрсөлдөж эхэлж байна.

Харбины мөсөн хотхоныг дэлхий даяар мэддэг болж байна. Саяхан Чанчунд дэлхийн хамгийн урт гулсуурыг гиннесийн номонд бүртгүүллээ. Харбины болон Чанчуны мөсөн хотхонд ойролцоогоор арван мянга гаруй хүн ажиллаг юм байна. Дээрээс нь мэргэжлийн 100 гаруй уран бүтээлчид хариуцаж ажилладаг гэсэн. Тэгэхээр улсаас нь дэмжлэг ихтэй учраас түүнийг дагаад өвлийн аялал жуулчлал хөгждөг юм байна.

-Таны хувьд энэ жил томоохон тэмцээн уралдаанд  оролцов уу. Амжилтаасаа хуваалцвал?

-Жил бүр манай найз нөхөд баг болж олон улсын тэмцээнд оролцдог. Тэр журмаараа бид нар энэ жил Чанчун болон Харбины цас мөсөн сийлбэрийн тэмцээнд амжилттай оролцсон. Нийтдээ дөрвөн төрлийн тэмцээн болсон. Үүнээс Чанчунд болсон тэмцээнд Ц.Мөнх-Эрдэнэ, Э.Ууганцэцэг нар хоёрдугаар байр, манай баг гуравдугаар байранд орсон. Харбины тэмцээнд  манай багаас үндсэндээ гурван тэмцээнд хүрэл медаль авсан. Нөгөө багуудаас цасны төрөлд З.Ганжаргал ахлагчтай баг нэгдүгээр байр, Б.Доржнамжил ахлагчтай баг мөсний синглэ блокийн төрөлд хоёрдугаар байранд орсон. Мөн энэ төрөлд З.Ганжаргал ахлагчтай баг дөрөвдүгээр байранд орсон. Мульти блокийн төрөлд З.Ганжаргал ахлагчтай баг хоёрдугаар байранд орсон. Ийм амжилт үзүүлээд ирсэн.

-Ярилцсанд баярлалаа.

ЦАГИЙГ ЗУГААТАЙ ӨНГӨРӨӨГӨӨД ГОЁ БАЙНА

Энэхүү мөсөн хотхонд гулгаж буй залуусын сэтгэгдлийг сонссоноо хүргэе.

М.Бат-Эрдэнэ “Дөнгөж сая орж ирлээ. Үе үе найзуудтайгаа энд ирдэг. Оюутны амралт арай дуусаагүй учраас чөлөөт цагаа иймэрхүү байдлаар өнгөрөөж байна. Өнөөдрийн хувьд найзуудтайгаа ирсэн. Сурагчдын амралттай байхад хүүхдүүд их байсан. Одоо харьцангуй цөөрсөн байна” гэлээ.

Б.Ариунсувд “Манай найзын хувьд анх удаа гулгаж байна. Гулгаж чадахгүй болохоор уначхаад хэцүү байна. Миний хувьд цагийг зугаатай өнгөрөөгөөд гоё байна” гэв.

Г.Марта “Хүннү малл, 120 мянгатад гулгаж байсан. Хотын төвдөө гулгаад гоё байна”.

Э.Одноо Өнөөдөр анх удаа үйлчлүүлж байна. Өмнө нь их хүнтэй байсан. Хүнээр түшүүлэхгүй болохоор гулгаж чадахгүй хүнд амар юм даа. Гадаа дулаан болохоор их гоё байна. Чөлөөт цагаа өнгөрүүлэхэд гоё байна. Үнэ нь бас хямдхан юм. Миний хувьд өнөөдөр ээжтэйгээ салхилангаа гулгаж байна.

Уран гулгалтаар хичээллэх нь эрүүл мэндэд тустай бөгөөд хөдөлгөөний дутагдлаас сэргийлдэг аж. Тухайлбал, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2019 онд гаргасан судалгаагаар хүүхэд өсвөр үеийнхний дөрвөн  хүүхэд тутмын гурав буюу 74.8 хувь нь өдөр бүр багадаа 60 минутын идэвхтэй хөдөлгөөн хийх зөвлөмжийг биелүүлдэггүй,  таван  хүүхэд тутмын нэг буюу 18.2 хувь нь долоо хоногт сургууль гэр хоёрын хооронд явган эсвэл дугуйгаар явдаггүй, хоёр хүүхэд тутмын нэг буюу 44.3 хувь нь зурагт үзэх, компьютер тоглох, суух, найзтайгаа ярих зэрэг идэвхгүй байдалд өдөрт гурав ба түүнээс олон цагийг зарцуулдаг гэжээ. Тиймээс хүүхэд залууст цэвэр агаарт тогтмол хөдөлгөөнөөр хичээллэхийг зөвлөе.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж