SOS: Нэг иргэнийг тусгаарлав

Хуучирсан мэдээ: 2020.01.24-нд нийтлэгдсэн

SOS: Нэг иргэнийг тусгаарлав

SOS: Нэг иргэнийг тусгаарлав

Дэлхий нийтийг цочроож эхэлсэн коронавирусийн халдвартай холбоотойгоор Монгол Улс холбогдох арга хэмжээг авч эхэлсэн бөгөөд Хятад улс руу зорчихгүй байхыг анхааруулах болсон.

Одоогийн байдлаар Монгол Улсын иргэдээс энэ төрлийн өвчнөөр халдварласан тохиолдол бүртгэгдээгүй ч сэжигтэй болгоныг тусгаарлан, шинжилгээнд хамруулах арга хэмжээг авч буй юм.

Тухайлбал, төмөр замаар зорчин ирсэн Монгол Улсын 17 иргэнийг өчигдөр /2020.01.23/  тусгаарлан Халдварт өвчин судлалын үндэсний төвд хүргэсэн байна. Тэднээс нэг хүнийг шинжилгээнд хамруулсан бөгөөд өнөөдөр шинжилгээний хариу гарах аж.

Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр нэгдүгээр сарын 10-наас эхлэн БНХАУ, Хонконгоос онгоцоор ирсэн халуурсан, ханиалгасан, амьсгалын замын халдварын сэжигтэй зургаан хүнийг ХӨСҮТ-д түр тусгаарлан, онош тодруулах шинжилгээ хийхэд шинэ коронавирусын халдвар илрээгүй юм.

Хятад онц байдал зарлав

Дэлхийн хэмжээнд коронавирусийн халдварыг авч өвчилсөн иргэний тоо өчигдрийн байдлаар 634-д хүрсэн бол нас барагсдын тоо  17 болж нэмэгдээд байна.

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод онц байдал зарлаж, цагаан сарын баярыг угтсан томоохон арга хэмжээнүүдээ цуцлах шийдвэр гаргажээ. Хятадын төмөр зам зорчигчдынхоо тасалбарыг буцаан авах тал дээр бүхий л арга хэмжээг авч байна. Үүнтэй холбоотойгоор Бээжин хот цагаан сарын баяраар уламжлан болгон тэмдэглэдэг олон томоохон баяруудаа хориглож байгаагийн дотор сүмийн хөгжөөнт яармаг буюу улаан дэнлүүний баяр, үзэсгэлэн худалдаа зэрэг багтаж байна. Дэлхийн томоохон ухаалаг утас үйлдвэрлэгч Huawei компани ирэх сарын 11-12-ны хооронд Үхань хотоос 600 миллийн зайд байрлах Шиньжинь хотод зохион байгуулагдах арга хэмжээгээ хойшлуулж байгаагаа зарлалаа. Жил болгон уламжлал болгон зохион байгуулагддаг ухаалаг утас хөгжүүлэгчдийн чуулга уулзалт гуравдугаар сар хүртэл хойшилжээ.

Мөн Бээжин, Шиньжин, Гуаньжоу зэрэг их газрын Хятадын томоохон хотуудад амьд амьтан худалдан авч, хүнсэндээ хэрэглэхгүй байхыг анхаарууллаа. Үүнээс гадна Хэбэй мужийн Чиби хотыг тусгаарлах шийдвэр гаргажээ. Үхань хотоос 120 км зайтай байдаг тус хот ойролцоогоор 500 мянган хүн амтай ажээ. Ингэснээр Хэбэй мужийн дөрөв дэх хот ийнхүү тусгаарлагдаж байна.

Ухань хот дахь монгол оюутнууд мэдэгдэл гаргалаа

БНХАУ-ын Ухань хотод 2020 оны нэгдүгээр сараас дэлгэрсэн уушигны хатгалгаа үүсгэгч шинэ төрлийн коронавирусийн халдвартай холбоотой Ухань хотод суралцдаг оюутан залуусын талаарх буруу ойлголт фэйсбүүк, твиттер гэх мэт олон нийтийн сүлжээгээр тарж байгаатай холбогдуулан үнэн бодит мэдээллийг хүргэх нь:

2019-2020 оны хичээлийн жилд БНХАУ-ын Ухань хотод Монгол Улсын нийт 253 оюутан суралцдаг гэсэн албан ёсны бүртгэл мэдээлэл байна. Үүнээс хичээлийн жилийн эхний хагас жилийн байдлаар 204 оюутан тогтмол суралцаж байна.

Халдварт өвчний вирус тархахаас өмнө буюу өнгөрсөн оны арванхоёрдугаар сард (ихэнх оюутан) 100 гаруй оюутан эх орондоо ирж, коранавирусийн шинж тэмдэг анх илэрч, нийтэд зарлагдсанаас хойш буюу 2020 оны нэгдүгээр сард 70 орчим монгол оюутан эх орон руугаа болон бусад гадаадын улс руу амарч, аялахаар явсан байна.

Өнөөдрийн байдлаар Ухань хотын том 6 сургуульд 30 гаруй монгол оюутан залуу байгаа бөгөөд тэдгээр оюутанд ямар нэгэн өвчлөлийн шинж тэмдэг илрээгүй байна.

Дээрх оюутнууд нь тус тусын сургуулиудынхаа гадаад оюутны оффис, БНХАУ-ын Ухань хот дахь монгол оюутны холбоо, БНХАУ-д байрлах Монголын Элчин сайдын яам, ГХЯ, ЭМЯ-дуудтай тогтмол харилцаа холбоотой байж зөвлөмж, зааварчилгааг өдөр тутам авч, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж байна.

Тиймээс та бүхэн зарим нэгэн хариуцлагагүй иргэний олон нийтийн цахим сүлжээгээр тарааж буй буруу ташаа мэдээлэлд бүү автаарай гэж уриалья.

БНХАУ-ын Ухань хот дахь монгол оюутны холбоо. 2020.01.23

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж