УИХ-ын гишүүн С.Жавхлантай ярилцлаа.
-2020 оны УИХ-ын сонгууль хаяанд ирлээ. Та бүхэнд удахгүй сонгогчид дүнгээ тавина. УИХ-ын гишүүний үүрэг бол хууль батлуулах. Та өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ямар хууль батлуулав. Хэр сайн төрийн түшээ байсан гэж бодож байна?
-Би чин үнэнийг шуудхан хэлдэг шударга түшээ байлаа. Үг бүтээнэ гэдэг том урлаг. Хүмүүсийн арьсыг арзайтал, нүүрийг улайтал, сэтгэлийг сэртхийтэл үнэнийг хэлэх бол хатуу урлаг, хатуу зүйл. Нүд рүү нь харж байгаад нүд цавчихгүй үнэнийг нь хэлэх асар том зориг юм. Яах вэ, заримдаа хүмүүс надад "Чи аймаар, чи аймаар" гэдэг, надаас үргэлж зугтдаг, дөлдөг болчихдог юм билээ. Дөллөө гээд яах вэ, үнэн тийм хатуу хойно.
Үнэнийг хэлээд суух бол маш том хариуцлага. Үүнийг хэн ч яагаад хэлж чадаагүй байна вэ гэхээр "Намаа өмөөрөх үү, бүлэглэлээ бодох уу, өөрийгөө бодох уу, ирэх дөрвөн жилээ бодох уу, дарга юу гэх бол" гээд олон зүйлд тархи нь эргэлзэж байдаг учраас бусад гишүүдийн хувьд зовлон байдаг юм байна лээ.
Энэ нь надад маш тод мэдрэгдэг. "Чи л ёстой нэг сайхан хэлэх юм даа, энэ үнэн дуу хоолойг төрд битгий таслаарай даа С.Жавхлан минь" гэж хэлж миний чихэнд шивнэсэн олон гишүүн ч байдаг. Эсвэл “Жавхлан чамаас сонсох юм даа, бусад нь хэлэхгүй шүү дээ чи л тулдаа хэллээ дээ" гээд мөр алгадаад гардаг ах нар ч байдаг. Тэр болгоны нэрийг зарлаад яах вэ. Тэр хүмүүс ч гэсэн хэлэхийг хүсдэг байх. Гэхдээ маш олон зүйлийн өнцөг, эв дүй, шалтаг шалтгаануудаас болоод тэдний хэлж чадаагүй зүйлсийг, үнэнг нь хэлээд сууж байдаг тэр дуу хоолой 2016-2020 онд Монголын төрд асар олон жилийн дараа сая нэг орж ирж байгаа юм.
-Та бол үе, үеийн УИХ-ын гишүүдээс цорын ганц үнэнийг хэлдэг хүн гэж өөрийгөө дүгнэж байгаа юм байна. Гэхдээ олон нийт тантай санал нийлэхгүй байж болно шүү дээ?
-Надаас өмнө алдарт найрагч О.Дашбалбар гэж хүн байсан. Монголын тэр үеийн Их хурлыг загнаад, тэр үед үнэний дуу хоолойг тэр хүн л хүргэж байсан шүү дээ. Тэр хүнийг монголчууд мартаагүй, мартахгүй ээ. Тэр агуу хүнийг бид үргэлж тод дурсан, санаж байх ёстой. Тэрнээс хойш тэр үнэний дуу хоолой тасарсан. Үүнийг та нар гадаа гудманд гараад ч асуугаарай. Үнэний голыг олоод, яг үнэнийх нь цэг дээр хатгаж байдаг бас ийм дуу хоолой хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Үүнийг би нөхсөн гэж харж байгаа. Олон хүнээс ийм урмын үг, захиа, иргэдээс, гишүүдээс улс төрөөс, намуудаас ирж байгаа учраас би ам бардам, сэтгэл шулуун, ухаан тэнүүн хэлж чадна. Түүнээс би нэг, хоёр хүнээс сонссон юмаа өөрийн бодолтойгоо сүлэлдүүлээд хэлж байгаа зүйл байхгүй ээ. Ийм ч учраас би хурал дээр хэлсэн үгнүүдээ он он, жил жилээр нь нэгтгээд өөрийн цахим хаяг дээрээ цувралаар тавьж байгаа.
-Улстөрчид үзэл бодлоосоос, бүр өөрөөсөө урвах нь хэвийн үзэгдэл. Мөнхийн найзууд, мөнхийн дайсан үгүй. Мөнхийн эрх ашиг бий гэгчээр үзэл бодлоосоо урвасан, өмнөх ярьснаа үгүйсгэсэн тохиолдол байв уу.
-Байхгүй. Байсан эсэхийг нь та нар шалга л даа. Үзэл бодолдоо үнэнч, үнэнийг хэлнэ гэдэг Монгол Улсын Их хуралд суусныхаа төлөө хийсэн хамгийн том мөрийн хөтөлбөрийн маань хэрэгжилтийн толгой сэдэв юм. Би нэр дэвшихдээ иргэддээ амласан амлалт бол "Чин үнэнийг хүргэнэ, Үнэний дуу хоолой болно. Монголын нийгэмд монголчуудад энэ идээ бээр, бүх зүйлийг илчилдэг дуу хоолой болно" гэж амалсан. Би энэ ажлаа хийсэн. Мэдээж, надад нам бүлэглэл гэх юм байгаагүй учраас, том том бодлогод орж, оролцож чадаагүй. Тэрнийг надаас гадуур хийчихдэг юм билээ. Энэ зовлонг олон ч хүн мэдэх байх. Мэдэхгүй нэгэнд нь би өөрөө уйгагүй хэлж тайлж тайлбарлаад явдаг.
-Ер нь улс төрд ганцаараа байх хэцүү юу?
-Би ганцаараа биш ээ. Монгол тэр чигээрээ нэг цул болох цаг нь тун удахгүй ирнэ. Тэр мөч хаяанд байна.
"БИ ОДОО Л НАРИЙН УЧРЫГ НЬ ОЛЖ БАЙНА"
-2020 оны УИХ-ын сонгуульд дахин нэр дэвших үү. Хүмүүс бол таныг улс төрд биш урлагтаа байгаасай, дуугаа дуулаад яваасай гэж хүсдэг?
-Мэдээж санаа бол байгаа. Би одоо нарийн учрыг нь олж байна. Дахиад энэ дуу хоолойг төрд би тасалмааргүй байна. Олон хүн надад "Битгий энэ дуу хоолойг таслаарай Жавхлаан, дуу дуулахаас чинь илүү юм байна шүү" гээд ирж хэлж, итгэж байгаагаа илэрхийлдэг. Тэгэхээр энэ болгоны урмыг хугалаад "Үгүй ээ, би дэвшихгүй" гэх эрх надад байхгүй. Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа гэж сайхан үг бий. Надад итгэл үзүүлж, энэ үнэний дуу хоолойг дахин үргэлжлүүлж сонсох хүсэлтэй байгаа бол би алд биеэ ард түмнийхээ төлөө өгнө. Монголын төлөө, сайн цаг иртэл зүтгэх болно, өрсөлдөх болно.
2016-2020 оны УИХ-ын гишүүдийн хэлсэн үгийг шүүгээд үзвэл миний дайны аранганд хүрч ирэх хүн ховор доо. Мэдээж, надаас илүү туршлагатай улстөрчид, надаас илүү бодлоготой, бодлогоо хэрэгжүүлж байгаа олон хүн бий. Бүгд муу гэж хэлэхгүй. Бас бүгд сайн гэж хэлж чадахгүй.
Нэг хэсэг намайг дээл ярилаа, өмслөө гэж шоолж байсан. Одоо намжжээ. Үнэхээр би дээлтэйгээ ч дуутайгаа ч, уламжлалтайгаа ч Монголтойгоо ч, үнэнтэйгээ ч байгаа хүн.
Одоо харин"Жавхлаан чи дээлээ тайлаач гэж хэлэх хүн ер нь ховордсон байна лээ. Монголчууд бас дээлээ хайрладаг болсон ч байна. Удахгүй монголчууд дуугаа хайрладаг болох байх аа. Яг үүн шигээ бас үнэнээ хайрладаг болох байх. Энэ цагийг иртэл тэмцэнэ, үглэнэ, үзүүлнэ ээ!
-Урт үс, дээл хоёр С.Жавхлангийн гол имиж байсан. Урт үсээ тайруулчихсан. Удахгүй дээлээ тайлах юм биш биз?
-С.Жавхлангийн гол зарчмуудын нэг бол үндэснийхээ өв соёлыг үлгэрлэх юм. Асар том ур ухаан, шинжлэх ухаан юм. Монголын өв соёл дотор та нарын хэлээд байгаа шинжлэх ухаан шингэсэн байж байгаа. Монгол дээлийг жилийн дөрвөн улиралд өдөр тутамдаа, цаг хором бүртээ гоёж нэг өмсөөд, дулаалж, нимгэлж нэг өмсч болдог хувцас. Хааяа нэг тайзан дээр гараад өмсдөг байсан, эсвэл хааяа авдрын ёроолоосоо гаргаж ирж Цагаан сараар гоёдог хувцсыг өдөр тутамд, жилийн дөрвөн улирлын өдөр шөнө, өглөө оройгүй өмсч үзүүлж яваа хүн шүү дээ, С.Жавхлан. Энэ тэмцэл биш үү. Би бол тэмцэл мөн гэж бодож байгаа. Монголын залуус намайг дууриаж, дагаж дээл өмсдөг болсон байна лээ. Түүнээс С.Жавхлан хүн дагаж яваагүй шүү! Би бол өвгөдийнхөө үзлийг дагасан, уламжлалаа дагасан.
Монголын уламжлалын нам гэсэн нэртэй нам байдаг. Гэхдээ тэд өөрсдөө гадны хувцас өмсөөд байхаар тэрийг яаж уламжлал гэж хэлэх юм бэ. Уламжлал өв соёл гэдэг зүйл өөрөө ахуйд чинь нэвт шингэж ханхалж байх зүйлийг хэлж байгаа шүү дээ. Өв босоо үсгээрээ гарын үсгээ зурчихаж байна, өдөр тутамдаа энэ дээл хувцасаа өмсчихөж байна. Энэ УИХ дотор чинь ийм хүн хэрэгтэй.
-Хэрэв 2020 оны сонгуульд нэр дэвших бол бие даах уу эсвэл аль нэг намаас өрсөлдөх үү. Таныг Ж.Батзандангийн намд элссэн гэх мэдээлэл цацагдсан шүү дээ?
-Жавхлан намд орохгүй, харин намууд Жавхланд элсэнэ.
-Ингэхэд УИХ-д дөрвөн жил суухдаа яагаад хууль санаачилсангүй вэ. Таны үндсэн ажил үгийн утга тайлахаас илүү хууль санаачлах, батлах шүү дээ?
-Хууль санаачлаагүй биш санаачилсан. Харин миний санаачилсан хуулийг батлаагүй шүү дээ. Нарийн яривал миний санаачилсан хуулийг хэлэлцээ ч үгүй. Үнэндээ хүч хүрэх, хүрэхгүй асуудал байна. Гишүүдийн санаачилсан хуулийг хэлэлцүүлэх үгүй, батлах эсэхийг УИХ-ын дарга, олонхийн бүлэглэл нь шийдэж байна. Хуулиндаа тэгээд заачихсан юмыг С.Жавхлан яах билээ. Тэгээд л чи юу хийсэн юм гээд ингээд байдаг. Бусад нь юу хийсэн юм тэгвэл.
-Та ангийн нөхдөөсөө "сайн муу, хар цагаан" сэтгэлийг олж харах юм уу?
-Миний "алаг үр" гэж ижий нь үрээ хайрладаг болохоос, "миний цагаан үр, хар үр минь" гэж хэлдэггүй шүү дээ. Алдсан ч чи минийх, оносон чи миний гэдгийг илэрхийлж байна. Яагаад алаг хорвоогийн тоосыг хөдөлгөж явна гэдэг юм. Энэ хорвоо дээр алдсан ч тэр миний алдаа, оносон ч тэр миний оноо, тийм болохоор миний хувьд энэ чинь алаг хорвоо байна шүү дээ. Яг үүнтэй ижилхэн энэ Их хурал гэдэг чинь бас л алддаг юм байдаг, онодог ч юм байна. Сайн ч шийдвэр, саар ч шийдвэр мөн гарч байна. Үнэн чиг байна, худлаа чиг байна. Тэгэхдээ үүнд илүү үнэн шударга нь зонхилдог, буруу шийдвэрээ буцааж хардаг, бүр их илүү байгаасай гэж хүсэж, тэр хүслээ хүргэж байгаа хүн нь цор ганц Жавхлан юмаа. Тэгэхээр заавал бүх юм цагаан эсвэл хар байдаг юм байна гэдэг дүгнэлт С.Жавхлангийн амнаас унагаах гээд, С.Жавхлангаар хүмүүсийг муулуулах эсвэл магтуулах гээд бүр цаашилбал магтсан нэгэнд нь долигонлоо гэж, муулсан нэгэнд нь хараалаа гээд байх шаардлага байхгүй.
-Сонгуулийн тухай хуулийг УИХ баталсан. Сонгуулийг томсгосон тойргоор явуулахыг та дэмжиж байгаа юу?
-Тойрог томроод ирнэ гэдэг маань улс орноо бодсон Монгол гэдэг нэгдсэн том бодлого руугаа зангидахад сайн талтай гэдэг үүднээс арай дээрдсэн болов уу гэж найдаж байна.
-Одоо тойрог, мандат хуваарилна. Эрх баригч намын хувьд мандатын тоог хөдөө орон нутагт нэмэгдүүлэхийг илүүд үзэж байх шиг байна. Магадгүй нийслэлийн хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн мандатын тоог нэгээр цөөлж зарим аймагт нэмнэ гэсэн мэдээлэл бий. Баянзүрх дүүргээс сонгогдсон гишүүний хувьд тойрог мандатын хуваарилалтад ямар байр суурьтай байна вэ?
-Эрх баригчид нийслэлийн иргэдэд сонгогдохооргүй ямар ч нэр нүүргүй болсон гэдгээ мэдсэн байх. Харин орон нутгийн иргэд мэдээлэлгүй харанхуй чигээрээ байгаа, данх шанага мөнгө цаас, өнөө архи будаа, уран гоё үгсээрээ хуурч санал авах боломж байна гэж хараад л тийш зүтгэж байгаа. Ингэлээ гээд иргэд урьд шиг хошгорч сонгох нь нь юу л бол их нягт үзэх байх. Одоо цаг үе өөр болсон. Хот, хөдөөд тэгш зарчим үйлчлэх ёстой. 10 мянган хүнийг эрхийг хамгаалах нөгөө талд 40 мянган хүнийг төлөөлөх нь харьцангуй эрх тэгш бус асуудал. Одоо иргэд "сонго-ууль" гэж сонгоод дараа нь дөрвөн жил уйлж суудаг биш сонголтоо мэргэн хийж зөв хүнээ олох нь маш чухал байна.
-Зөв хүнээ олох нь чухал гэлээ, та. Тэгвэл зөв хүн гэж таныхаар ямар хүнийг хэлэх вэ?
-Шуналтай биш сэтгэлтэй, мөнгө биш Монголоо хайрладаг хүн бол зөв. Ийм чин сэтгэлтэй хүмүүсийг Жавхлан бас амьхандаа хайгаад л явна. Энэ зүгт залуучууд, ахмадууд их анхаараасай. Идэвхитэй байгаарай. Мөнгө үү, Монгол уу, шунал уу, сэтгэл үү гэдгийг ялгах түүхэн цаг хугацаанд бид одоо тулж ирээд байна.
Жавхланг юу гэж яаж ч ярьсан яаж ийгээд л заавал муулна тэр ойлгомжтой. Жавхлан чинь үүнд бүр цочрохоо байгаад дөжирчихсөн хүн. "Намайг муулж гутаа яасан ч болно оо, харин Монгол минь гундахыг би тэвчихгүй" гээд аль дээр бүтээсэн дуу маань ч бий. Бахаа ханатал нь сайхан муулаарай, Жавхлан огт гомдохгүй, гагцхүү эрх орноо бүү муулаарай гэж хүсье. Сайлсан ч муулсан ч тэртээ тэргүй Жавхаа чинь та нарыгаа бүгдийг нь хайрлана.
Холбоотой мэдээ