Кофе шоптой болохыг хүсдэг дохионы хэлтэй мисс бүсгүй

Хуучирсан мэдээ: 2020.01.24-нд нийтлэгдсэн

ШИНЭ НЭР

Кофе шоптой болохыг хүсдэг дохионы хэлтэй мисс бүсгүй

"NEWS" агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа ээлжит зочноор дэлхийн сонсголгүй иргэдийн тэргүүн мисс бүсгүйг онцолж байна. Түүнийг Б.Чимэдцэрэн гэдэг. Тэрбээр 2016 онд “Дэлхийн сонсголгүй иргэдийн гоо бүсгүй, сайхан залуу тодруулах “Мисс&Мистер” тэмцээн”-ий тэргүүн миссээр тодорч байсан үзэсгэлэнт бүсгүй юм.

Дэлхийн олон орноор аялах мөрөөдөлтэй мисс бүсгүй маань Монголд хөгжлийн бэрхшээлтэй болон энгийн хүн ч үйлчлүүлж болох дохионы хэлтэй кофе шоп нээхийг хүсдэг тухайгаа хуваалцсан. Ингээд түүнтэй танилцъя.


БАТСУУРЬ ЧИМЭДЦЭРЭН 1996.04.02

Төгссөн сургууль:

Нийслэлийн 29 дүгээр тусгай дунд сургууль /2003-2014 он/

Хүнсний технологийн коллеж /2014-2017 он/
Мэргэжил:

Тогооч

Одоо эрхэлж буй ажил:

БНХАУ-ын Бээжин хот дахь “Мина” рестораны тогооч

Сошиал хуудас: 

wee_chika / инстаграм /

ХҮҮХЭД НАСНЫХАА ТУХАЙ ЯРИАЧ?

-Миний бага нас бусдын адил жирийн л өнгөрсөн. Бага байхдаа жирийн хүүхдийн цэцэрлэгт дүүтэйгээ хамт цэцэрлэгт явдаг байлаа. Тэр үед хүүхдүүд хоорондоо юм яриад, ойлголцоод байгааг хараад их гайхдаг байв. Өөрийгөө сонсголгүй гэдгээ бараг мэдээгүй шахуу хүүхэд нас минь өнгөрсөн. Мэдээж хүүхдүүдийн яриаг ойлгохгүйгээс асуудал гардаг байсан.

Тэгээд зургаан настайдаа сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай 29 дүгээр дунд сургуульд суралцсан. Би дотуур байранд амьдарч, зөвхөн амралтын өдрөөр л гэртээ харьдаг байсан. Сургуульдаа суралцах хугацаанд олон сайхан зүйл сурч, мэдэж авсан. Тиймээс сургуулийнхаа багш, ажилчдадаа маш их баярлаж явдаг юм. Тусгай сургуульдаа өөртэйгөө адилхан хүүхдүүдтэй нэг гэр бүл шиг болж, мартагдашгүй сайхан дурсамж үлдээсэн.

АНХНЫ АМЖИЛТ

-Анх ахлах ангид сурч байхдаа сагсан бөмбөг, гар бөмбөг, урлагийн тэмцээнүүдэд идэвхтэй оролцож, түрүүлж байснаа мартдаггүй юм. Дараагаар нь 2016 оны тавдугаар сард Монголын сонсголгүй иргэдийн дохионы орчуулагчдын "Эхлэл" төвөөс зохион байгуулсан Монголын сонсголгүй иргэдийн “Мисс&Мистер” тэмцээнд түрүүлж, тэргүүн байр эзэлсэн.

Ингэснээр Герман улсын Румын хотод болох дэлхийн  “Мисс&Мистер”-ийн тэмцээнд оролцох эрхтэй болсон. Дэлхийн гоо бүсгүй, сайхан залуу тодруулах уг тэмцээнд Монгол Улсаас анх удаа тэргүүн байр эзэлж, “Тэргүүн мисс” болж чадсан. Энэ бол миний хамгийн том амжилт. Мөн 2017 онд Парис хотноо дэлхийн сонсголгүй иргэдийн дунд зохион байгуулдаг “Miss and mister deaf stars” тэмцээнийг шүүх эрх авч, шүүгчээр ажилласан. Өнгөрсөн 2018 онд Тайвань улсад болсон Олон улсын сонсголгүй иргэдийн моделийн тэмцээнд түрүүлж, “Топ модель”-иор тодорсон.

ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?

-Би аялах дуртай. Тиймээс аль болох олон орноор аялж, тухайн улсын ахуй соёл, хөгжилтэй танилцахыг хичээдэг.  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллөөс үлгэр жишээ авч, сайн сайхан зүйлийг нь Монголдоо хэрэгжүүлэх зорилготой.

Монголд ирэхээрээ ээждээ тусалдаг. Чөлөөт цагаараа эгч, дүүстэйгээ хамт ярилцах дуртай. Ганцаараа байх үедээ төлөвлөгөөгөө гаргаж, хийж буй ажлуудаа хянадаг.

БИДЭНД ГЭР БҮЛЭЭ ТАНИЛЦУУЛНА УУ?

-Манайх ам бүл тавуулаа. Би аав, ээж, эгч, дүүтэйгээ амьдардаг. Аав, ээж маань хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Тэд маань уян зөөлөн, тусч сэтгэлтэй сайхан хүмүүс бий. Эгч минь эмч мэргэжилтэй. Одоо мэргэжлээрээ ажиллаж байна. Харин дүү маань Дотоод хэргийн их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.

ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

-Өөрийгөө хөгжүүлэхийн зэрэгцээ миний сонирхлыг татдаг нэг зүйл бий. Монголд дохионы хэлээр ярьдаг, хөгжлийн бэрхшээлтэй болон энгийн хүн ч үйлчлүүлж болох дохионы хэлтэй кофе шоп нээхийг хүсдэг. Үүнийгээ ажил хэрэг болгохоор төлөвлөгөөгөө гаргаж байна.

Би одоогоор Малайз улсад эгч, дүүтэйгээ аялаад буцаж байна. Эндхийн “Starbucks” кафед зөвхөн дохионы хэлтэй хүмүүс ажилладаг. Мөн энгийн хүмүүс ч үйлчлүүлэх боломжийг бүрдүүлсэн байсан. Миний хувьд тэр хүмүүстэй уулзаж ярилцаад, судалгаа хийсэн юм.

ТАНЫ АМЬДРАЛЫН ЗОРИЛГО, ХАМГИЙН ТОМ МӨРӨӨДӨЛ

-Дэлхийн олон орноор аялах. Монголдоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгаалал, амьдрах орчинг нь сайжруулж, ажлын байр бий болгон их сургуультай болгох том мөрөөдөлтэй.

Хамгийн чухал нь нийгмийн харилцаа, эрх тэгш хүртээмжтэй байдал энэ бүхэн шийдэгдэх нь миний мөрөөдөл, амьдралын зорилго юм. Би бас дуулах мөрөөдөлтэй. Саяхан МҮОНРТ-ийн хөрөг нэвтрүүлэгт зочноор оролцож, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа эгчтэй хамт дуулж, мөрөөдлөө биелүүлсэн.

МОНГОЛЫНХОО ЗАЛУУСТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

-Залуустаа хандаж хэлэхэд сонсголгүй хүн бусдын ярьсныг сонсохгүй байгааг их зан гаргаж байна гэж битгий андуураарай. Та бүхэн англи, япон, солонгос хэл сурдаг шиг дохионы хэлийг ч бас сурах талаар бодож үзээрэй. Дохионы хэл сурах маш амархан шүү. Гэхдээ олон улсын дохионы хэл гэж бий. Мөн улс орон болгон өөр өөрсдийн дохионы хэлтэй байдаг.

Залуу нас бол чамд байгаа хамгийн том боломж юм. Чамд байхгүй зүйл бусдад байж болно. Өөрт байгаа бүхэн чинь урагшлах хүч нь байж болох юм шүү. Тиймээс хийж байгаа зүйлээ төгс хийхийг хичээж байгаарай. Эргээд чамд сэтгэл хангалуун маш гоё мэдрэмжийг төрүүлнэ. Ажил чинь бүтсэн ч, бүтээгүй үр дүн нь ямар ч байсан хамаагүй чи бүх чадлаараа хичээсэн нь үнэн. Бас хүнд тусалж байгаарай гэж хэлмээр байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
54
ЗөвЗөв
9
БурууБуруу
7
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж