Бүтэн жилийн турш хоёр нүүртэй "чөөгий" шиг аашилсан Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун шинэ жилийн үдэш АНУ-д хандан хуйсагнуур зан гаргаж, тун удалгүй шинэ зэвсэг туршихаа анхааруулсан мэдэгдэл хийсэн билээ. Тэр цагаас хойш Ким чимээ алдарч, хүмүүс ч мартсан бололтой уг асуудал хэсэгтээ намжсан. Харин сэтгүүлч, сурвалжлагч нар дээрх асуудлын талаар үргэлж сурагласаар байлаа.
Ким Жон Ун 2019 онд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хоёр ч удаа уулзсан боловч төдийлөн үр дүнд хүрээгүй. Тиймдээ ч удирдагч сэтгэл гонсойж, уурласандаа ард түмэндээ хүнд хэцүү цаг үе ирэх муу ёр дуудсан юм. Тэрбээр АНУ-ын хориг арга хэмжээнд найдахын оронд бүсээ чангалж, бие даах чадвараа хоёр дахин нэмэгдүүлэх сонголт хийжээ. Уг нь Ерөнхийлөгч Трамп БНАСАУ-ын хөрсөн дээр хөл тавьж, Ким түүний гарыг бариад, хоёул инээж байсан зураг нь саяхных мэт. Гэвч өдгөө Ким дахиад л АНУ-ын өөдөөс нударга зангидаад сууж байна.
Түүний "шинэ зэвсэг" турших тухай сүржин мэдэгдэл тухайн үедээ дэлхийн томоохон хэвлэлүүдийг анхаарлын төвд орж байлаа. Арга ч үгүй биз. Учир нь өрнөдийн олон хэвлэлүүд Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудалд чих тавьж, бизнес хийдэг. Хэвлэл төдийгүй АНУ-ын үндэсний аюулгүй байдлын алба ч үүний ард бий.
Гурван өдрийн өмнө буюу нэгдүгээр сарын 21-нд Солонгосын хойг дээгүүр 9.5 км-ийн өндөрт АНУ-ын RC-135W River Joint онгоц нисч байхыг эх сурвалжууд харжээ. Үүнээс нэг өдрийн өмнө ижил даалгавар биелүүлж байж болзошгүй АНУ-ын тэнгисийн цэргийн EP-3E онгоц нислэг үйлдсэн гэнэ. Дээрх хоёр ажиллагаанаас өмнө арванхоёрдугаар сарын турш АНУ-ын RC-125W, U-2S, EP-3C, RQ-4, B-52 бөмбөгдөгч онгоцууд Солонгосын хойг дээгүүр нисэлдэн, нэлээд завгүй өнгөрөөсөн гэнэ. Харин нөгөө талаас яг энэ үед Ким цаашид цөмийн болон алсын тусгалтай пуужингийн туршилтуудаа дахин хойшлуулахгүй гэдгээ эрс, шулуун зарлаж байсан юм. Хэдий тийм ч Пентагоны мэргэжилтнүүд иймэрхүү мэдэгдэл дипломат ажиллагаанд ямар ч нөлөө үзүүлэхгүй хэмээх байр суурьтай байна.
АНУ-ын тандах нислэг яагаад ийн огцом нэмэгдэх болов?. Үүнд хэд хэдэн шалтгаан байгаа гэнэ.
Нэгдүгээрт, Трампын засаглал Ким Японы газар нутаг давуулан пуужин туршин зүггүйтэж магадгүй хэмээн санаа зовж буй. Хэрэв тэгвэл Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүйжүүлэхийг гол зорилгоо болгосон Трампын хувьд тэнгэр нурах шиг л болох нь дамжиггүй. Аз болоход Ким энэ удаад алсын зайн пуужин турших боломжгүй байгаа бололтой. Ким БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нартай ажлын харилцаа тогтоосон. Ши, Путин хоёр бол мэдээж НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлд нэмэлт хориг тавих хүч чадалтай эрчүүд мөн.
Хоёрдугаарт, дээрх тандах нислэгүүд нь Пентагоны "байгалийн араншин" буюу хийх л ёстой зүйлсийн нэг байж болох аж. Пентагон бол болзошгүй нөхцөл байдлыг судлах, ирээдүйн хувилбаруудыг тооцоолох, аль болох их мэдээлэл цуглуулах үүрэг бүхий төлөвлөлттэй бөгөөд тус үүргээ ч маш сайн гүйцэтгэдэг байгууллага. Тиймээс ч энэ бүхэн яриа, хэлэлцээ хийхийн хажуугаар өөр боломжит байдлуудыг харгалзан үзэж, АНУ-ын зэвсэгт хүчин тагнуул, хяналтын чадвараа ашиглаж буй хэрэг байх боломжтой юм байна.
Ийм ч учраас цаашдаа Солонгосын хойг дээгүүр АНУ-ын онгоц нисч байгаа тухай мэдээнд гайхах хэрэггүй. Учир нь Вашингтон Ким юу төлөвлөж байгааг мэдэхийг хүсч л байгаа цагт онгоц нисгэхээ зогсоохгүй бололтой.
Эх сурвалж: nationalinterest.org