"Залхуус" кино жинхэнэ хайр дурлалын түүхийг өгүүлнэ"

Хуучирсан мэдээ: 2020.01.24-нд нийтлэгдсэн

"Залхуус" кино жинхэнэ хайр дурлалын түүхийг өгүүлнэ"

"Залхуус" кино жинхэнэ хайр дурлалын түүхийг өгүүлнэ"

“Залхуус” хэмээх өвөрмөц, содон нэртэй уран сайхны кино ирэх хоёрдугаар сарын 7-ноос үзэгчдэд хүрэх гэж байна. Кино сонирхогчдын хувьд дэлгэцийн энэхүү бүтээлийн гол дүрүүдэд тоглосон жүжигчид анхаарлыг нь ихээр татдаг. 

Тэгвэл уг киноны гол дүрд дэлхийн загварын тайзнаа эх орноо сурталчилж, үндэсний “Говь” брэндийн нүүр царайгаар ажиллаж буй модель Ж.Энэрэл, залуу жүжигчин О.Самданпүрэв, реппер AM-C тоглосон юм. Ингээд тус киног бүтээсэн  “Black Zebra”  студийн үүсгэн байгуулагч, киноны найруулагч, зураглаач О.Базаррагчаатай ярилцсанаа хүргэе.


-“Залхуус” хэмээх өвөрмөц нэртэй уран сайхны кино нээлтээ хийхэд бэлэн болжээ. Хамгийн түрүүнд энэ киноны нэр сонирхол татлаа. Бүтээлийнхээ нэрний утга учрыг тайлбарлаач?

-Уран сайхны киноны нэрийг тайлбарлахаас илүүтэй үзэгчид киног маань зорьж очоод үзвэл ойлгох биз. Ерөнхийдөө залуус гэдэг үгэн дээр “Х” үсэг нэмсэн юм. “Х” нь аливаа зүйлийг хорьж хязгаарлах буюу залхуу гэдэг утгыг илэрхийлж буй.  Энэ хоёр үгийн нийлмэл утгаар “Залхуус” гэдэг нэрээр бүтээлээ нэрлэсэн. Монгол залуус бэлэнчлэх сэтгэлгээтэй залхуу бус бүтээлч хөдөлмөрч байгаасай гэх утгыг агуулж ийм нэр өгсөн.

-Та киногоороо дамжуулан нийгэмд юу өгүүлэхийг зорьсон бэ?

-Бидний хувьд энэ киногоор орчин үеийн залуусын өвөрмөц амьдралын хэв маяг, хайр дурлалыг харуулахыг зорьсон. Мөн өсвөр үе залуучуудад амьдралын олон салаа замын зөв бурууг таниулж, жинхэнэ хайр дурлалын тухай сонирхолтойгоор өгүүлэхийг хичээлээ.

Хүн алдаж болно. Хамгийн гол нь тэр гаргасан алдаагаа давтахгүй, алдаанаасаа суралцах хэрэгтэй. Хэрвээ тэгж чадвал ирээдүйд илүү томоор алхаж, амжилтад хүрч чадна. Тиймээс энэ удаа залуу уран бүтээлчдээр багаа бүрдүүлж, ажилласан юм.

-Киноны гол дүрүүд олны сонирхлыг татаж байна. Дүрийн сонголтыг хэрхэн хийв?

-Уран сайхны киноны гол дүрд Монголын нэрийг дэлхийн тавцанд гаргаж буй загвар өмсөгч Ж.Энэрэл, залуу уран бүтээлч, дуучин Г.Энх-Амар (AM-C) болон залуу жүжигчин О.Самданпүрэв нар тоглосон. Өнөө цагийн залууст зөв үлгэр дууриалал болж, хөдөлмөрлөж яваа залуусыг энэ удаагийн дэлгэцийн бүтээлийнхээ гол дүрээр сонгон авсан юм.

Гол дүрийн нэг болох О.Самданпүрэвийн хувьд Соёл урлагийн их сургуулийн төгсөх курсийн оюутан. Тэрбээр оюутан цагаасаа реклам сурталчилгаанд тоглож, хэд хэдэн кинонд тоглосон залуу. Мөн дэлхийн томоохон загварын агентлагуудтай гэрээтэй ажиллаж, алдартай брэндийн нүүр царай болсон загвар өмсөгч Ж.Энэрэлтэй хамтран ажилласан. Загвар өмсөгч бүсгүй маань өөрөө кинонд тоглох хүсэл эрмэлзэлтэй байсан. Реппер АМ-С бол өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрх, уран бүтээлээрээ ялгарч яваа залуу уран бүтээлч.

Эдгээр гурван залуу уран бүтээлчидтэй хамтран ажилласандаа баяртай байна. Тиймээс ч “Залхуус” кино нийгэмд тодорхой хэмжээний хүлээлт үүсгээд байх шиг байна.

“Black Zebra”  студийн хэд дэх дэлгэцийн бүтээл мэндлэх гэж байна вэ?

-Манай “Блак Зебра” студи нь 2011 онд байгуулагдаж, одоо найм дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай үргэлжлүүлж байна. Өнгөрсөн хугацаанд “Ларьдма”, “Үргээлэг”, “Аав”, “Солиот Эх” зэрэг цөөнгүй дэлгэцийн уран бүтээл дээр ажилласан.

Дэлгэцийн бүрэн хэмжээний бүтээл гэвэл 2020 оны эхэнд 20 дахь бүтээлээ үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болоод байна. Энэ тоог бас их билэгшээж байгаа. Манай студиос зургаан ч студи өрх тусгаарлан гарсан байдаг. Эргээд харахад багагүй дууны клип, реклам, дэлгэцийн бүтээл дээр ажиллажээ. Мөн уран бүтээлчдээс дуучин Ука, С.Наран, “Никитон” хамтлаг, хийлч Ч.Дэлгэрцэцэг зэрэг олон уран бүтээлчтэй хамтран ажилласан байна.

-Дуучин Укагийн “Маргаашийн нар луу хамт аялах уу” дууны клип цацагдсан даруйдаа сошиалд маш олон хандалтыг авсан. Нууц биш бол энэ дууны клип хэдэн төгрөгийн өртгөөр бүтсэн бэ?

-Мэргэжлийн студийн уран бүтээлчид дууны клип хийхдээ бүх зүйл дээр нь анхаарч, ажилладаг. Дуучны стиль имиж, зураг авалтын обьект, ямар нөхцөлд хэрхэн зураг авах вэ гээд л. “Маргаашийн нар луу хамт аялах уу” дууны клипний дээлний стиль имижийг яруу найрагч Д.Нацагдоржийн дээлтэй зурганаас санаа авсан. Гэнэт л “Яагаад монгол дээл өөр өнгөтэй байж болохгүй гэж” гэдэг бодол төрсөн. Тэгээд энэ хэв маягийг эвдэж, дээлэн дээр толгой нүцгэн байснаас араб алчуур боож, гоёл чимэглэл зүүгээд, доогуураа кет өмсч болдоггүй юм бэ гэж бодсон.

Дуучин Укатай ярилцаад хамт “Нарантуул” зах руу дээлний материал хайхаар явсан. Зах дээгүүр дээлний материалаа хайгаад явж байтал содон өнгөтэй торго олж харсан. Тэгээд л тэр өнгөнөөс зургаан дээлний өнгө авч, оёдолчноор оёулсан юм. Энэ дуу цацагдсан даруйдаа Монгол дээлний загварт хувьсал хийсэн гэж боддог. “Маргаашийн нар луу хамт аялах уу” дуу цацагдсан даруйдаа 14 сая хандалтыг авсан. Өртгийн хувьд 10 гаруй сая төгрөгөөр бүтсэн дээ.

-Киноны зохиол дээр хэр хугацаанд ажилласан бэ?

-Зохиолын анхны санаа минийх л дээ. Энэ санаагаа улам баяжуулж, тэмдэглэл хөтөлж эхэлсэн. Зохиолын санаа нь дээр гар нийлдэг хоёр найзтайгаа хамтран зохиол дээрээ ажилласан. Ойролцоогоор сар гаруй хугацаанд зохиолоо бичсэн. Харин киноны зураг авалтаа одоогоос жилийн өмнө авч дараагаар нь монтаж, өнгө, дуу оруулалт, маркетинг, киноны хөгжмийн ажил дээрээ илүү тайван, нухацтай хандсан.

-Монголын кино урлагийн зах зээл хэр байна вэ?

– Аль ч зах зээлд хэн сайн уран бүтээл хийнэ тэр хүнд зах зээл бий болж байдаг. Кино урлагт ямар нэгэн арын хаалга байдаггүй шүү дээ. Хэн нэгэнд таалагдаагүй бол үзэгчид чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлж байна. Тиймээс ямар уран бүтээл болсныг үзэгчид л шүүнэ.

Кино уран бүтээлчдийн хувьд нэг жүжигчний тоглосон кино юм уу нэг жанрын кино зэрэг нээлтээ хийх давхцал гардаг. Энэ нь Монголын кино урлагт нэгдсэн бодлого байдаггүйтэй холбоотой байх. Энэ байдлыг ашиглан хэн танил сайтай нь кино театруудад түрүүлж цаг авч, төлөвлөсөн хугацаанаасаа өмнө гарах тохиолдол ч бий. Эртнээс кино театруудад цаг авч шинэхэн киногоо үзэгчдэд хүргэдэг уран бүтээлчид ч байдаг. Харин “Өргөө” кино театрын хувьд жанраасаа хамаараад нэг сард 2-3 кино гаргах бодлогыг баримталж байгаа юм билээ.

А.СҮРЭН

.Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж