Популист шийдвэр ийм л аюултай

Хуучирсан мэдээ: 2020.01.24-нд нийтлэгдсэн

Популист шийдвэр ийм л аюултай

Популист шийдвэр ийм л аюултай

Эрх баригчид ахмад настны тэтгэврийн зээлийг чөлөөлөх шийдвэр гаргасныхаа горыг амсч эхэллээ. Зээл аваагүй ахмадууд сар шинээс өмнө 3 сая төгрөг бэлнээр олгохыг шаардаж эхэлсэн бол зээл авсан нь нэгдүгээр сарын тэтгэврээ гар дээрээ авах хүсэлтээ тавин сандаргаж байна.

Ахмад настны тэтгэврийн зээлийг чөлөөлөхөд 780 тэрбум төгрөг шаардлагатай. Засгийн газар энэ мөнгийг “босгох”-ын тулд “Эрдэнэс Монгол” компанид үнэт цаас гаргах, Хөгжлийн банк түүнд нь баталгаа гарган, арилжааны банкинд “шахах”  замаар өрийг чөлөөлөх схем батлуулсан.

Гэвч энэ нь эцсийн дүндээ Ерөнхий сайд асан Д.Содномын хэлсэнчлэн 220 мянган ахмадын өрийг 3 сая иргэн төлөхөөр болгож, ачаа үүрүүлснээрээ хамгийн хорлонтой.

Нэг үгээр хэлбэл, хожмын үр нөлөөг тооцолгүй, сэтгэлийн хөөрлөөр асуудалд хандах нь эргээд бусдад ямар их хүндрэл учруулах болж байна вэ гэдэг нь энэхүү ганц өгүүлбэрээр л илэрхийлэгдэж буй.

Одоо буцъя гэвч оройтсон. Галт тэрэг хөдөлсөн гэдэг шиг эдийн засгаа “алж” байсан ч Засгийн газар нүдээ аниад зүтгэхээс аргагүй мухардалд ороод байна.

Учир нь, амласан, хуулиа батлуулсан. Гэтэл эхнээсээ зарим шинж тэмдэг илрэх болсон. Тухайлбал, Олон улсын валютын сангаас энэ онд орж ирэх 500 сая ам.доллар царцаж, хөтөлбөр зогсож мэдэхээр болсон. Долларын ханш чангарсаар 2750 төгрөгт хүрсэн бол  юань 400 төгрөгтэй тэнцсэн. Түүнийг дагаад бараа бүтээгдэхүүний үнэ ч өсөн, цалингийн нэмэгдэл нь инфляцдаа идэгдэж эхлээд байна.

Төгрөгийн хадгаламжийн хэмжээ буурч, валютын хадгаламж руу шилжих дүр зураг ажиглагдах болсныг шинжээчид онцлох болсон. Хэдийгээр төв банк 4 тэрбум ам.долларын нөөц бүрдүүлсэн ч төгрөгийн сулралыг зогсоох зорилгоор интервенц хийж эхлэхэд нөөц буурахаар буй.

УИХ-аас тэтгэврийн зээлийг чөлөөлөх шийдвэр гаргахаас өмнө Дэлхийн банк, Олон улсын валютын сангаас Монгол Улсыг валютын нөөцөө одоогийнхоос дөрөв дахин нэмэгдүүлэх шаардлага байгааг зөвлөсөн юм. Учир нь, Монгол Улсын гадаад өр 2019 онд 29.7 тэрбум ам.долларт хүрсэн, 2021 оноос бондын их төлөлт хийгдэхээр хүлээгдэх болсонтой холбоотой. Төв банкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжингийн тайлбараар бол Монгол Улс 2021-2024 оны хооронд нийт 14 орчим тэрбум ам.долларын төлбөр хийнэ. Гадаад валютын нөөц одоогийн байдлаар дөрвөн тэрбум орчим ам.доллар байгаа юм. Мөн 2020 онд Төв банк 2 тэрбум ам.долларын төлбөр хийх ёстой. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд хугацааг нь сунгах арга хэмжээ авахаар ажиллаж буйгаа өмнө мэдэгдэж байв.

Гадаад өрийн 7.2 тэрбум ам.доллар нь Засгийн газарт харьяалагдах бол хоёр орчим тэрбум ам.долларын өр нь Монголбанкных юм. Үлдсэн өр хувийн секторт хамаарна.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн чадавх нь тэтгэврийн зээлээ чөлөөлөх хэмжээнд бяр суусан гэсэн үг биш. Харин ч эсрэгээрээ ард иргэдээсээ хандив цуглуулж, өрөө дарах хэмжээнд асуудал хүндрээд байгаа гэж томъёолж болно.

Гэтэл эрх баригчид эдийн засагт гал асааж, иргэддээ ачаа үүрүүлэн өр нэмэгдүүлж буйгаа юман чинээ бодсонгүй, ахмадуудын саналыг тэтгэврийн зээл чөлөөлөх нэрээр авч, эргэн УИХ-д сонгогдох аминчхан үзэл л тээсэн хэрэг.

Ардчилсан нам Засаглаж чаддаггүй гэж өнөөгийн эрх баригчид шүүмжилж ирсэн ч 2012-2016 онд тус нам Засгийн газрыг удирдахдаа гадаад зах зээлээс босгосон бондоороо  бүтээн байгуулалт хийж чадсанаараа МАН-ынхнаас ялгарна.

Нэг үгээр хэлбэл, Чингис бондыг бусдын зээлийг чөлөөлөхөд зарцуулаагүй. Хэдийгээр бондын зарцуулалтын шатанд зарим нэг алдаа гарсан гэж эдийн засагчид шүүмжилдэг ч өнөөдөр Монгол Улс цементээ дотоодоосоо бүрэн хангах боломж бүрдсэн, бондын мөнгөнөөс зээл авч үйлдвэрээ тордсон нь гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ экспортлон, дэлхийд улсынхаа нэрийг гаргаж, Дарханаас бусад бүх аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбож чадсан.

Харин МАН 2016-2020 онд эрх барихдаа юу хийв. Босгосон үйлдвэр, барьсан зам байна уу. Улаанбаатар-Дарханы замыг барих гэж юу болж, хөгөө чирч байна. Ажил гүйцэтгэж байгаа компанийнхаа захирлаас авлига авч, Авлигатай тэмцэх газрынханд саатуулагдан, булайгаа чирэхээс эхлээд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авч, ард түмнийхээ боломжийг хулгайлсан. Тендер, концесс хусаж болох бүхэн рүү гар дүрсэн.

Эцэс сүүлд нь ахмадын зээл чөлөөлөх нэрээр 3 сая иргэнд 780 тэрбум төгрөгийн өр үүрүүллээ. Популист шийдвэр ийм л аюултай.

Г.ХОРОЛ

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
51
ЗөвЗөв
9
ХарамсалтайХарамсалтай
8
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж