Токио-2020 зуны XXXII олимпийн наадмын хөлбөмбөгийн эмэгтэй шигшээ багуудад эрх олгох Азийн бүсийн тэмцээн ирэх хоёрдугаар сарын 3-9-ны хооронд Хятад улсын Ухань хотод зохион байгуулагдах төлөвлөгөөтөй байсан билээ. Гэвч сүүлийн үед тус хотод эрчимтэй тархаад буй коронавирусийн улмаас олимпийн эрх олгох тэмцээний байршлыг өөрчилж буйгаа АFC буюу Азийн хөлбөмбөгийн мэдэгдлээ.
Азийн хөлбөмбөгийн холбооноос тус тэмцээнийг Хятадын Наньжин хотод зохион байгуулахаар шилжүүлсэн байна. Тус холбооны албан ёсны мэдэгдэлд “ Азийн хөлбөмбөгийн холбоо болон Хятадын хөлбөмбөгийн холбоо харилцан зөвшилцсөний үндсэн дээр Токио-2020 зуны XXXII наадмын хөлбөмбөгийн эмэгтэй шигшээ багуудад эрх олгох Азийн бүсийн сонгон шалгаруулалтын нэгдүгээр шатны В хэсгийн тоглолтуудыг Ухань хотоос Наньжин хот руу шилжүүлж байна” хэмээн мэдэгджээ.
Тус олимпийн эрх олгох тэмцээнд оролцох Тайванийн хөлбөмбөгийн холбооноос өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тоглогчдын эрүүл мэндэд санаа зовон Азийн хөлбөмбөгийн холбоонд тэмцээний байршлыг өөрчлөх санал хүргүүлж байжээ. Одоогоор Тайвань улсад коронавирусын нэг тохиолдол бүртгэгдээд байна. Мөн онцын шаардлагагүй бол Ухань хот руу зорчихгүй байхыг тус улсаас ард иргэддээ зөвлөжээ.