"Хүүхдийн парктай холбоотой хууль бус үйлдэл байгаа бол хариуцлага ярих ёстой"

Хуучирсан мэдээ: 2020.01.23-нд нийтлэгдсэн

"Хүүхдийн парктай холбоотой хууль бус үйлдэл байгаа бол хариуцлага ярих ёстой"

"Хүүхдийн парктай холбоотой хууль бус үйлдэл байгаа бол хариуцлага ярих ёстой"

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Н.Батсүмбэрэл Хүүхдийн паркийн газартай холбоотой асуудлаар өнгөрсөн онд Авлигатай тэмцэх газарт хандсан юм. Түүнээс эл асуудлыг тодрууллаа.


-Таны зүгээс хүүхдийн паркийн газар олголттой холбоотой асуудлыг хөндөж тавьсан байгаа. Энэ асуудал ямар шатандаа явж байгаа вэ?

-Хүүхдийн парк буюу Соёлын амралтын хүрээлэнгийн газрын асуудлыг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийн хувьд хөндөж ярьж байгаа. Улсын хүн амын 50 орчим хувь нь амьдарч байгаа Улаанбаатар хотод ганц хүүхдийн парк байхгүй. Дээр нь Хүүхдийн паркийг 2005 онд өөрчлөн зохион байгуулж, татан буулгасан, бусадтай хамтарч хувийн компани байгуулсан зэрэг нь хуульд нийцэж байна уу, үгүй юу. Түүнээс хойш хүүхдийн паркийн нийтийн эзэмшил газраас олголт хийсэн, бусдад шилжүүлсэн. Тухайлбал, хүүхдийн паркийн хуучин газар нутаг дээр зочид буудал барьсан, орон сууц, үйлчилгээний барилга байгууламж барьсан зэрэг нь хуулийн хүрээнд хийгдсэн үү. Түүнчлэн хот төлөвлөлтдөө хэрхэн нийцэж байгаа вэ гэдэг асуудлаар хотын холбогдох байгууллагууд руу бичиг, асуулга явуулж, холбогдох материалыг авсан. Үүнийгээ Авлигатай тэмцэх газар /АТГ/-т өнгөрсөн оны арванхоёрдугаар  сард хүргүүлсэн. АТГ шалгаж байгаа. Гомдол гаргагчийнхаа хувьд өнгөрсөн даваа гарагт би АТГ-т очиж мэдүүлэг өгсөн байгаа. Тэгэхээр энэ асуудал хуулийн байгууллагуудаар шалгагдана. Хоёрдугаарт, энэ асуудал нийтийн эрх ашигтай холбоотой асуудал ураас УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хандсан байгаа. Өргөдлийн байнгын хороонд хүргүүлсэн бичгийн дагуу М.Оюунчимэг гишүүн асуудлыг судалж үзээд, хуралдаанаараа хэлэлцэж, дүгнэлт гаргаж, холбогдох байгууллагуудад үүрэг өгөх байх гэж бодож байгаа. Хэрэгтэй гэж үзвэл нийтийн эрх ашигтай холбоотой энэ асуудлаар нийтийн сонсгол хийж болно. УИХ-д энэ эрх нь байж байгаа. Нөгөө талаар нийслэлийн ИТХ дээр энэ талаар сонсгол зохион байгуулна гэсэн бодолтой байна.

-Хууль бус юм биш биз дээ гэсэн албан бичиг явуулсан, үүний хариу ирсэн үү?

-Одоогоор хууль хяналтын байгууллагаас хариу ирээгүй байна. АТГ-т шалгагдаж байгаа, миний зүгээс гомдол гаргагчийн хувиар өнгөрсөн даваа гаригт мэдүүлгээ өгчихсөн. Хэрэв хүүхдийн парктай холбоотой өмч хувьчлал, газар олголт, газар шилжүүлэлт, хот төлөвлөлттэй холбоотой хууль бус үйлдэл байгаа бол холбогдох хүмүүстэй нь хариуцлага ярих ёстой. Шударга ёсны асуудал бол нийслэлийн нийт иргэдийн эрх ашигтай нийцэж байх ёстой гэдгийг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийн хувьд байнга ярьж байгаа. Үүний хамгийн эхний жишээ бол хүүхдийн парк. Цаашлаад Цэнгэлдэх хүрээлэнгийн орчмын газрууд хаагуур яаж алга болсон, яагаад баахан орон сууц баригдаж байгаа юм бэ, цэнгэлдэх хүрээлэнгийн хажууд газар зарна гэсэн зар явж байдаг. Энэ бүхэн маань хуулийн хүрээнд явж байгаа юм уу, ямар эрх мэдэлтэй дарга хэзээ, хуулийн хүрээнд юм уу, хууль зөрчиж энэ газар олголтыг хийсэн юм бэ. Тэнд хэн зөвшөөрөл өгч байшин бариулаад байгаа юм бэ гэдгийг судалж үзэх ёстой. Энэ бол нийтийн эрх ашгийн төлөөх асуудал.

-Энэ асуудал нийслэлийн Газрын албатай холбоотой асуудал биз дээ?

-Шалгах ёстой. Тиймээс шалгуулах санал өгчихсөн байгаа.

Л.ОЮУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж