Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас /ЭМДЕГ/ өнөөдөр /2020.01.23/ эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцан элэгний В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээг хийх гэрээ байгуулсан лабораториудад хийсэн шалгалтын талаар мэдээлэл хийлээ.
Тодруулбал, “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хепатитын В, С вирус тодорхойлох шинжилгээ хийж байсан лабораториудад шалгалт явуулсан байна. Шалгалтад 28 лаборатори хамрагдсанаас 15 нь чанарын шаардлага хангаагүй болох нь тогтоогджээ. Улмаар энэ үнэлгээний дүгнэлтэд үндэслэн Эрүүл мэндийн даатгалын ерѳнхий газар эдгээр 15 лабораторийн гэрээг түдгэлзүүлж, Хаппи веритас, “Ай Ти” болон “Итгэл” лабораториудад 1.5 тэрбум гаруй тѳгрѳгийн торгууль, акт тавиад байгаа юм байна.
ЭМДЕГ-ын Тамгын газрын дарга Г.ЭНХБАЯР:
– “Хаппи веритас” эмнэлэг манай байгууллагаас зарласан нээлттэй сонгон шалгаруулалтад ороод тэнцсэн. Тус эмнэлгийн зүгээс АНУ-д үйлдвэрлэсэн бүрэн автомат төхөөрөмжөөр иргэдэд оношилгоо шинжилгээ хийнэ гэж манайд хүсэлтээ ирүүлээд тэнцсэн. Төхөөрөмж нь шаардлага хангаж байсан. 2019 оны хяналт шалгалтын явцад бүрэн автомат төхөөрөмжөөр иргэдэд үйлчлээгүй байж эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилтээ авахдаа бүрэн автомат төхөөрөмжөөр оношилгоо хийсэн мэтээр санхүүжилтээ авч байсан гэдэг нь илэрсэн. Бүрэн автоматаар оношилгоо шинжилгээ хийхийн тулд 120 мянган төгрөгийг сангаас нэхэмжилж авдаг. Нэлээн олон тооны даатгуулагчдын шинжилгээ хийхдээ хагас автомат төхөөрөмжөөр хийж байсан нь тогтоогдсон. “Хаппи веритас” эмнэлэг нь мэндийн даатгалын сангаас нийт 8715 даатгуулагчийн 876 сая 760 мянган төгрөгийн зардлыг нэхэмжилж авсан байдаг. Харин “Ай Ти” лабораторийн хувьд лабораторийн мэргэшсэн хүний нөөцгүй, их эмчгүй байсан гэх үндэслэлээр улсын байцаагчийн акт тавигдсан.
ЭМДЕГ-ын хяналт шалгалтын газрын дарга И.ЭНХБАТ:
-“Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг Засгийн газар, Эрүүл мэндийн яам, даатгалын байгууллага хамтран үе шаттай хэрэгжүүлж байгаа. 2018 оны дөрөвдүгээр сараас эхлээд тус үндэсний хөтөлбөрийн хоёр дахь шат эхэлсэн. Хоёр дахь хөтөлбөрт Монгол Улсын нийт 15-аас дээш насны бүр иргэн элэгний B, С вирусийн илрүүлэх шинжилгээнд хамрагдаад явж байна. Шалгалтын дүнд 13 лабораторийн үйл ажиллагаа хангалттай гэж дүгнэгдэн эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцан элэгний В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээг үргэлжлүүлэн хийж байгаа.
Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай байгуулсан гэрээний үүргийн биелэлт хангалтгүй, зөрчил дутагдал илэрсэн шалтгаанаар дараах 15 лабораторийн эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцан элэгний В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээ хийх гэрээг түр түдгэлзүүлж, алдаа зөрчлийг арилгах, даатгалын санг хохиролгүй болгох хугацаат албан даалгавар, зөвлөмж хүргүүлсэн.
Эдгээр 15 лабораториас шалгалтын зөвлөмж, албан шаардлагын дагуу тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж чанарын гадаад дотоод үнэлгээнд хамрагдсан “Меданалитик”, "Протлаб", "Гялс" зэрэг гурван лаборатори дээрх тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаар иргэдэд үргэлжлүүлэн үзүүлж байна” гэлээ.
Э.БУРАМ