Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартай ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ уулзлаа. Орон нутагт өвөлжилт ямархуу байгаа, тулгарч байгаа бэрхшээл, хүндрэлүүдийн талаар санал солилцож ЗГХЭГ-ын зүгээс шаардлагатай бүх талын бодлогын дэмжлэгийг үзүүлэхээ энэ үеэр илэрхийлсэн юм. Мөн Ерөнхий сайдын 52 дугаар захирамжаар байгуулагдсан Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах ажлын хэсгийн боловсруулж дуусгасан “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийн төслийг дэлгэрэнгүй танилцууллаа. Энэхүү бодлогын баримт бичгийг энэ сарын 03-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүлээлгэн өгсөн бөгөөд 01 дүгээр сарын 22-ны Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн УИХ-д өргөн барихаар болсон билээ. Бодлогын баримт бичгийн төслийг боловсруулахдаа холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн болон судалгааны байгууллагуудын шинжээч, их, дээд сургуулийн багш нар, эрдэмтэн, судлаачид гээд нийт 1500 гаруй хүнийг 8 чиглэлээр хамруулж, 8 сарын турш хамтарч ажилласан.
“Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийг боловсруулахдаа 1992 оноос хойшхи 30 орчим жилийн Монгол улсын хөгжлийн явцыг давхар дүгнэсэн гэдгийг Л.Оюун-Эрдэнэ сайд энэ үеэр онцолсон. Энэ хугацаанд Монгол улс урт, дунд, богино хугацааны 517 төсөл, хөтөлбөр, бодлогын баримт бичгийг боловсруулж, үйл ажиллагаандаа тусгасан байдаг ч хэрэгжилт нь хангалтгүй байжээ. Ардчиллын олон чухал үзүүлэлтүүд нутагшсан зэрэг эерэг үр дүн олон байгаа ч баян, ядуугийн ялгаа гүнзгийрч, нийгмийн шударга ёс алдагдаж, Монгол улсын нэгдмэл үнэт зүйлст эрсдэл учирч, хүний хөгжлийн үзүүлэлтүүд ухарсан байгаа нь бид “ХҮН”-ээ өнгөрсөн 30 жил орхигдуулсантай холбоотой. Тиймээс 2050 он хүртэлх дараагийн 30 жилийн хөгжлийн бодлогодоо үүнийг чухалчилж тусгайлсан бүлэг болгож оруулсан гэх зэргээр төслийг дэлгэрэнгүй танилцуулав.
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого нь суурь 9 зорилго, хөгжлийн 50 зорилттой бөгөөд 10 жилээр буюу 2050 он хүртэл 3 үе шаттайгаар зорилт тус бүрийн үйл ажиллагааны чиглэлийг төлөвлөсөн байна. Эдгээрийг хэрэгжүүлснээр “Монгол улс 2050 он гэхэд байгаль, хэл, хил, соёлоо тогтвортой хадгалсан, нийгмийн болон эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэгч орон болох” алсын харааг дэвшүүлжээ. “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийн зөвхөн “Бүсчилсэн хөгжил” гэсэн 8 дахь зорилтыг боловсруулахын тулд аймаг, орон нутгийн санал болон өнгөрсөн 30 жилийн хугацаанд энэ талаар хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр, бодлогын баримт бичгүүд зэрэгт үндэслэн Үндэсний хөгжлийн газар, бүс нутгийн шинжлэх ухааны эрдэмтэн, судлаач зэрэг 500 орчим хүнийг хамруулсан байна. Үүний үр дүнд Монгол улс цаашид 6 макро бүстэй байхаар төлөвлөж байгаа бөгөөд нутаг дэвсгэрийг Зүүн, Говийн, Алтайн, Баруун, Хангайн, Улаанбаатарын гэсэн 6 бүсэд хуваан тусгасан байна.
Эх сурвалж: ZASAG.MN
Холбоотой мэдээ