Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс гээгдсэн ганц үг

Хуучирсан мэдээ: 2020.01.23-нд нийтлэгдсэн

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс гээгдсэн ганц үг

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс гээгдсэн ганц үг

Манай Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн  1-д “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж хүний эрх, эрх чөлөөг тунхаглан заасан хэдий ч  16 дугаар зүйлийн 9-д “… Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ…” гэсэн байдаг. Энэ хоёр өгүүлбэрийн алинд ч  “тэгш” гэдэг үг байхгүйг та анзаарсан биз.  Өнгөрөгч оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлгийн явцад 16 дугаар зүйлийн 9-д “…Төрийн байгууллагад сонгох, сонгогдох тэгш эрхтэй…” эсвэл “… Сонгох эрхийг арван найман наснаас тэгш  эдэлнэ…” гээд ганц үг  нэмээд оруулчихвал яах вэ гэдэг дээр ямар ч  хэлэлцүүлэг өрнөлгүй  байсаар дарагдаж өнгөрсөн билээ. Учир нь хэлэлцүүлгийг  удирдан явуулж байсан эрх баригч намын хувьд энэ асуудлыг хөндөлгүй тойрч өнгөрөх нь явцуу эрх ашигт нь яв цав нийцэж байсан юм.

Үндсэн хуульд “…Сонгох эрхийг арван найман наснаас тэгш эдэлнэ…” гээд нэг үг нэмээд оруулчихвал УИХ-ын сонгуулийн хуулийг батлахдаа сонгуулийг мажоритари, пропорционал, холимог аль ч хэлбэрээр явуулсан нэг мандатад ноогдох сонгогчдын тоог адил тэгш байхаар тойргуудыг байгуулах шаардлагатай болох билээ. Ингэснээр аймгууд дамжсан сонгуулийн тойргууд байгуулагдан хөдөөнөөс сонгогдох гишүүдийн тоо эрс цөөрч  нийслэл хотоос УИХ-ын гишүүдийн бараг тал нь сонгогдох байлаа. Мэдээж хэрэг энэ нь 4 жил явж тойргоо усалсан ужиг гишүүдийн дахин сонгогдох мөрөөдлийг замхруулах байсан биз. Төрийн эрх баригч хүчин УИХ-ын сонгуулийн хуулийг сонгуулийн өмнө өөрийн явцуу эрх ашигт тааруулан засаж баталдаг зуршил энэ 2020 оны УИХ-ын сонгуулиар мөн л давтагдах болж байна.

Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9-д “тэгш” гэдэг ганц үг нэмж бичсэнээр Монголын нийгэм одоогийн зэрэмдэг ардчиллаас төгс ардчилсан хэлбэрт зугуухан шилжин орж нийгэм, эдийн засгийн хөгжлийн зам саад бартаа багатай болох байв. Юуны өмнө энэ шидэт үгийг Үндсэн хуульд нэмж оруулснаар МАНАН-тай өрсөлдөхүйц хүчтэй гуравдагч хүчин  улс төрийн дэвжээ дээр гарч ирэх зам нээгдэх байсан юм. Зэрэгцээ аймгууд дамжсан сонгуулийн тойргууд бий болсноор улс төрд жалга довны нутгархах сэтгэлгээ утгаа алдан багасаж улмаар 12-16 жилийн дараа  аймаг сумдын  засаг захиргааны хуваарийг хүн амын шилжилт хөдөлгөөн, төвлөрөл, эдийн засгийн бүсчлэлийн шинэ нөхцөлд тохируулан оновчтой өөрчлөн зохион байгуулах боломж гарах байв.

Р. ГАЛБАДРАХ

МУИС-ИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛИЙН ФИЗИКИЙН ТЭНХМИЙН ЗӨВЛӨХ ПРОФЕССОР

2020.01.22

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж