Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Хуучирсан мэдээ: 2020.01.23-нд нийтлэгдсэн

Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.01.23) нэгдсэн хуралдаан 10 цаг 37 минутад 52 хувийн ирцтэй эхэлж, найман асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулсан юм.

Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын нэр бүхий 9 гишүүний санаачилж өргөн мэдүүлсэн уг хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн. Тус Байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийн агуулга зарчмыг алдагдуулахгүйгээр нэр томьёо, үг хэллэг, дэс дараалал, бүтэц, найруулгын шинжтэй засварыг төсөлд тусгасан бөгөөд нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу холбогдох зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэжээ.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун нар төсөл санаачлагч гишүүн болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт, тайлбар мэдээлэл авсан юм. Энэ хуулиар оюуны өмчийн тогтолцоо, эрхийн хамгаалалт, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах үйл явцыг ойлгомжтой, тодорхой болгож өгсөн. Мөн оюуны өмчийн асуудал нь эдийн засгийг төрөлжүүлэхэд чухал үүрэгтэй учраас инновацтай уялдсан байх зарчим баримталж, энэ чиглэлээр нарийвчилсан зохицуулалтууд төсөлд тусгагдсан гэдгийг төсөл санаачлагч гишүүн Г.Учрал онцолж байв. Харин Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн хуулийн төсөлд Оюуны өмчийн үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд тэргүүлэхээр тусгагдсаныг эргэж харах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ. Учир нь сүүлийн үед асуудал хариуцсан бүх зөвлөлийг Ерөнхий сайдын дэргэд ажиллуулах, Ерөнхий сайд тэргүүлэхээр тусгадаг болжээ. Одоогоор Ерөнхий сайд 20-иод зөвлөлийг тэргүүлж байна гэсэн судалгаа мэдээлэл байна. Иймээс угаасаа ажил, ачаалал ихтэй Ерөнхий сайдад үндэсний зөвлөлийн тэргүүн гэсэн ачаа нэмэх нь зохистой бус юм гэдгийг тэрбээр хэлсэн юм.

Ингээд хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.2.1-д заасны дагуу Байнгын хорооноос бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулав. Төсөл санаачлагч гишүүн Н.Учрал Оюуны өмчийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, мөн “Оюуны өмчийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслөө татаж авч буйгаа мэдэгдсэнийг хуралдаан даргалагч танилцуулав. Иймээс Байнгын хорооны саналаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийг өөрчлөн найруулж, уг хуульд “оюуны өмчийн эрх борлуулсны орлогод 5 хувиар” гэсэн агуулгатай 20.2.8 дахь заалт, “оюуны өмчийн эрхийн зуучлалаас олсон орлого; оюуны өмчинй эрхийг барьцаалсан зээлийн хүүгийн орлого” гэсэн агуулгатай 21.1.13, 21.1.14 дэх заалтыг тус тус нэмэхээр болов.

Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 63.5 хувь нь дэмжиж, хуулийн төсөл батлагдав. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн барьсан хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.

Дараа нь Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хороо энэ сарын 21-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийн агуулга зарчмыг алдагдуулахгүйгээр нэр томьёо, үг хэллэг, дэс дараалал, бүтэц, найруулгын шинжтэй засварыг төсөлд тусгасан бөгөөд нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу холбогдох зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн Л.Болд танилцуулсан юм.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү ажлын хэсгээс асуулт асууж хариулт авсан юм. Ингээд Байнгын хорооноос Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.2.1-д заасны дагуу хуулийн төслийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн “хороогоор төслийг хянуулахаар оруулна” гэснийг “хорооны хуралдаанаар хэлэлцүүлнэ” гэж, мөн хэсгийн “хуульд заасны дагуу” гэснийг “Комисс хуульд заасан хугацааны дотор” гэж тус тус өөрчлөхөөр гаргасан саналын томьёоллоор санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Мөн гишүүдийн 58.5 хувийн саналаар төслийн 26 дугаар зүйлийн 26.1.7 дахь заалтыг “эрүү шүүлт явуулсан байж болзошгүй албан хаагчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх асуудлыг Улсын ерөнхий прокурорт уламжлах” гэж өөрчлөн найруулахаар тогтов.

Улмаар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 58.5 хувийн саналаар Монгол Улсын Хүний эрхийн үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн баталлаа. Мөн хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Заиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг бүхэлд нь батлахыг гишүүдийн 61.5-65.4 хувь нь дэмжсэнээр төслүүд эцэслэн батлагдав.

Орон нутгийн ИТХ-ын сонгуулийн хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын нэр бүхий гишүүдийн өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа танилцуулав.

Улсын Их Хурлын даргын 2020 оны 01 дүгээр тоот захирамжийн дагуу хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатараар ахлуулан Улсын Их Хурлын гишүүүн Л.Болд, Д.Мурат, Н.Амарзаяа, Ц.Цогзолмаа нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулжээ. Ажлын хэсэгт Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Үндэсний аудитын газар, Харилцаа, холбооны зохицуулах хорооны төлөөлөл орж ажилласан байна.

Энэ хугацаанд ажлын хэсэг таван удаа хуралдаж, хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй 94, төслийн үг хэллэг, нэр томьёо, дугаарлалтыг жигдэлсэн 5 багц найруулгын санал бэлтгэжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж тодруулсан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, М.Энхболд, С.Жавхлан, Ц.Гарамжав, Д.Эрдэнэбат, Х.Баделхан, М.Оюунчимэг, Ц.Цогзолмаа нарын асуултад ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар, төсөл санаачлагч гишүүн Л.Энх-Амгалан, Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн нар хариулт, тайлбар өгөв. Мөн нэгдсэн хуралдаанд оролцсон ажлын хэсгээс гишүүдийн асуултад нэмэлт мэдээлэл өгсөн юм.

Хуулийн төсөлд орон нутгийн сонгуульд нэр дэвшигч төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, Засгийн газраас байгуулсан хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүн бол ээлжит сонгуулийн жилийн 5 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байхаар тусгасныг ажлын хэсэг 8 дугаар сарын 01-ээс гэж өөрчлөх санал гаргасныг Байнгын хорооны гишүүдийн олонх нь дэмжээгүй аж. Харин хуулийн төсөлд сонгуулийн сурталчилгааны хугацаа 22 хоног байсныг 15 хоног болгож багасгажээ. Түүнчлэн сонгуулийн өмнөх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, дараах өдрөөс сэргээх, өөрөөр хэлбэл, иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 08 дугаар сарын 15-наас зогсоогоод 10 дугаар сарын 15-наас нээхээр зохицуулах нь зүйтэй гэж үзсэн байна.

Ингээд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж эхэллээ. Тухайлбал, төслийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн “Монгол Улсын Үндсэн хууль” гэсний дараа “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль,” гэж нэмэх, төслийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийн “25” гэснийг “18” гэж өөрчлөхийг дэмжив. Мөн төслийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсгийн дугаарыг 4.9 дэх хэсэг болгож, орон нутгийн Хурлын сонгуулийн санал хураалт нь нэр дэвшигчдийн авсан саналын тоо тэнцсэн тохиолдолд явагдах нэмэлт санал хураалт; энэ хуулийн 80 дугаар зүйлд заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд явагдах дахин санал хураалт гэсэн төрөлтэй байхаар өөрчлөн найруулахаар болов.

Төслийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь заалтыг “Иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлах, сонгогчоос саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хөндлөнгөөс нөлөөлөх, саад учруулахыг хориглоно” гэж өөрчлөн найруулах, 7 дугаар зүйлд “Сонгогч саналаа нууцаар гаргах ба хөндлөнгийн нөлөөгүйгээр хүсэл зоригоо илэрхийлж, саналаа өгөх боломжоор хангагдсан байна” гэсэн агуулгатай 7.6 дахь хэсгийг нэмэхээр болов.

Мөн төслийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийн “аймгийн төвд 3000-аас дээшгүй, нийслэлийн дүүрэгт 4000-аас дээшгүй” гэснийг “аймгийн төв болон дүүрэгт 3000-аас илүүгүй” гэж, 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсгийн “ээлжит сонгуулийн жилийн 7 дугаар сарын 01-ний өдрөөс” гэснийг “санал авах өдрөөс 90-ээс доошгүй хоногийн өмнөөс” гэж, 20 дугаар зүйлийн 20.6 дахь хэсгийн “ээлжит сонгуулийн жилийн 8 дугаар сарын 01-ний өдрөөс” гэснийг “санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн” гэж тус тус өөрчлөхөөр тогтлоо.

Харин төслийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсгийн “5 дугаар сарын 01-ний” гэснийг “8 дугаар сарын 01-ний” гэж өөрчлөхөөр ажлын хэсгээс гаргасан санал Байнгын хорооны хуралдааны үеэр гишүүдийн олонхын дэмжлэг авч чадаагүй тул ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар ажлын хэсгийн саналыг дэмжиж өгөхийг гишүүдээс хүсэв. Энэ саналтай холбогдуулан Байнгын хорооны дарга С.Бямбацогт Төрийн албаны тухай хууль хэрэгжиж байгаа, төрд ажиллах хүсэлтэй нь төрийн албандаа тууштай үнэнчээр ажиллах, харин улс төрд орох хүсэлтэй нь ажлаа өгөөд улс төрөө хөөгөөд явдаг байх нь зүйтэй, сонгуульд нэр дэвшиж ялагдчихаад төрийн албанд буцаад ордог байдлыг эцэслэх ёстой. Энэ заалт дэмжигдвэл хууль хоорондын зөрчил үүсэхэд хүрнэ гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн юм. Ингээд уг саналын томьёоллоор санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 52.3 хувь нь Байнгын хорооны саналыг дэмжив.

Мөн төслийн 29 дүгээр зүйлийн 29.7 дахь хэсгийг “Гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно” гэж өөрчлөн найруулахаар болов. Харин төслийн мөн зүйлд “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэсэн агуулгатай 29.8 дахь хэсэг нэмэх санал гишүүдийн олонхын дэмжлэг авч чадаагүй тул Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан санал хураалтыг хүчингүй болгох горимын санал гаргасан ч дэмжигдээгүй. Иймээс уг заалтыг эцсийн хэлэлцүүлгийн шатанд дахин нягталж, хууль хоорондын уялдааг хангах, зөрчлийг арилгах чиглэлийг хуралдаан даргалагч өгсөн юм.

 Түүнчлэн төслийн 33 дугаар зүйлд “Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш бусдын нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, ийм агуулга бүхий мэдээллийг хэвлэмэл материалын хэлбэрээр, эсхүл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин дахь олон нийтийн сүлжээгээр тараасан болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон” гэсэн агуулгатай 33.1.9 дэх хэсэг нэмэх, төслийн 32 дугаар зүйлийн 32.2.9, 32.3.11 дэх заалтыг “ял эдэлж байгаа эсэх талаарх цагдаагийн төв байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгжийн лавлагаа” гэж өөрчлөн найруулах, төслийн 32 дугаар зүйлд “авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа” гэсэн агуулгатай 3.2.11, 32.3.13 дахь заалтыг нэмэхээр тогтов.

Төслийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3 дахь хэсгийн нэгтгэн, “56.2.Хандив өгөхийг хориглосон этгээд болон эрх зүйн байдал нь тодорхойгүй этгээд сонгуулийн хандив өгсөн бол хандив хүлээн авах эрх бүхий этгээд буцаан шилжүүлнэ” гэж, төслийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэг, 63.2.1, 63.2.2 дахь заалтыг “63.2.Эрүүл мэндийн байдлын улмаас зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх сонгогч нь өөрийн эрүүл мэндийн талаарх харьяа өрхийн эмчийн магадлагааг, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтийн хамт санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө хэсгийн хороонд хүргүүлнэ” гэж бүхэлд нь өөрчлөн найруулахыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Түүнчлэн төслийн 48 дугаар зүйлд “Орон нутгийн Хурлын төлөөлөгч сонгуульд нэр дэвших бол энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тойргийн сонгогчиддоо ажлын тайлангаа танилцуулах зорилгоор хийсэн уулзалт, энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ болон тараасан тайлан нь сонгуулийн сурталчилгаанд хамаарахгүй” гэсэн агуулгатай 48.7 дахь хэсгийг шинээр нэмэхийг дэмжлээ.

Энэ хуулийг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтов. Мөн Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Д.Эрдэнэбат нар хуулийн төсөлд “сонгогчдын ирц 50+1 хувь байх” гэсэн агуулгатай заалтыг тусгах санал гаргасныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 57.8 хувь нь дэмжив. Түүнчлэн хуулийн төслийн талаарх найруулгын саналууд болон Байнгын хорооноос дэмжигдээгүй зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэсэн юм.

Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж