Ахмадуудаа хоёр хувааж, баян, ядуугаар нь ялгасан Ерөнхийлөгч Х.Баттулгын шийдвэр олон хүнийг гомдооход хүргээд буй. УИХ-аас энэ сарын 10-нд ахмад настны тэтгэврийн зээлийг нэг удаадаа чөлөөлөх тухай хуулийн төслийг баталж, зургаа хүртэлх сая төгрөгийн тэтгэврийн зээлийг төр чөлөөлөхөөр болсныг зээл аваагүй ахмадууд эсэргүүцэж байгаа юм. Иймд тэтгэврийн зээлгүй ахмадууд байгалийн баялгийг тэгш хуваарилж, гурван сая төгрөгийг сар шинийн өмнө олгох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлнэ гэдгээ мэдэгдэж байв. Тэд өнөөдөр дахин мэдэгдэл хийж, /2020.01.23/ цагаан сараас өмнө гурван сая төгрөг олгож, баялгийг тэгш хуваарилах шаардлагаа ҮАБЗ-д санал хүргүүлнэ хэмээлээ.
Ахмадуудын зүгээс улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж, залуу насаа зориулсан тул байгалийн баялгаас тэгш хүртэх эрхтэй гэж үзэж байгаа аж. Зээл авсан ахмадуудын зургаан сая төгрөгийн өрийн гурван саяыг нь дарж, үлдсэн гурван саяыг нь зээлгүй ахмадуудад цагаан сараас өмнө олгох нь зүйтэй гэлээ. Энэ талаар ахмадууд хэлэхдээ “Зургаан сая төгрөгийн зээлээ тэглүүлж байгаа ахмадуудтай бид барьцаж байгаа юм биш. Хамгийн гол нь Үндсэн хуулиа баримтлаад байгалийн баялгийг тэгш хуваарилах хэрэгтэй байна. Ингэж тэгш хуваарилах юм бол нэг хүнд доод тал нь гурван сая төгрөг ногдоно. Тэгш хуваарилаад өгчих юмыг тэгш бус хандаж байгаад ахмадууд бухимдаж байгаа, зохисгүй байна. Үүнээс харахад төр засгийн судалгаа, зохион байгуулалт тун муу байна. Сангийн яам тоогоо бодож чаддаггүй хүн шиг муу байна. Бид ҮАБЗ- д санал хүргүүлж зээлтэй болон зээлгүй ахмадуудад сар шинийн баяр болохоос өмнө гурван сая төгрөгийг өгөхийг шаардаж байна. Зээлтэй ахмадуудын зургаан сая төгрөгийн өрийн гурван саяыг нь дарж үлдсэн гурван саяыг нь зээлгүй бидэнд өгөх нь зүйтэй. Ингэснээр энэхүү асуудал шударгаар шийдэгдэнэ” гэлээ.
Монгол Улсад тэтгэвэр авч буй 410 мянган ахмад байгаагийн 231 мянга нь тэтгэврийн зээлтэй бол 170 мянга гаруй нь тэтгэврийн зээлгүй юм.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ