НЭМЭЛТ: 21.20 ЦАГ
Галт тэрэгнээс буусан хүмүүст үзлэг, шинжилгээ хийгээд одоогоор нэг иргэнийг тусгаарлан, шинжилгээ авсан бөгөөд маргааш шинжилгээний хариу гарах юм байна. Харин үлдсэн иргэдэд үзлэг, шинжилгээ хийгээд гэрт нь буцаасан гэдгийг хэллээ.
Энэ талаар ХӨСҮТ-ээс "Нэгдүгээр сарын 3-аас хойш БНХАУ-д шинэ хатгалгаа үүссэн талаар мэдээлэл авч, онгоц, галт тэрэгний буудалд өндөр халуурсан, ханиалгаж байгаа иргэдийг тусгаарлаж, шинжилгээ авах, хяналт үзлэг хийж ирсэн. Өнөөдрийн байдлаар Бээжин-Москва явах галт тэргэнд хоёр БНХАУ-ын иргэдийг Эрээнд буулгасан учраас бид хамт явсан Монгол Улсын нэг иргэнийг сэжигтэй тохиолдол гэж үзэж, ажиглахаар авч үлдсэн. Одоогоор албан ёсоор Коронавирусын халдвар нэг ч бүртгэгдээгүй бөгөөд зөвхөн шинж тэмдэг илэрсэн учраас үзлэг шинжилгээ хийж, урьдчилан сэргийлэх байдлаар шинжилгээ аваад байна. Өндөр халуурсан, ойр ойрхон халуурах, ядрах сульдах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандах шаардлагатай байгаа.
Сануулахад, коронавирусийн халдварын нууц үе 14 хоног байдаг учраас иргэд амны хаалт тогтмол хэрэглэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг маш сайн авах ёстой гэдгийг эмч нар зөвлөж байна.
НЭМЭЛТ: 20.00 цаг
БНХАУ-д бүртгэгдэж дэлхий дахинд тараад буй коронавирус хүнээс хүнд дамждаг болох нь батлагдсан. Тэгвэл Бээжингээс-Москва хотын чиглэлд зорчиж явсан галт тэргэнд урд хөршийн иргэн өндөр халуурч, яаралтайгаар шинжилгээнд хамруулахад коронавирус илэрсэн болох нь тогтоогджээ. Харин уг өвчтөнтэй манай улсын 10 гаруй иргэн зорчин явж байжээ. Тиймээс БНХАУ-ын талаас албан ёсоор мэдээлэл хүргүүлснээр яг одоо ХӨСҮТ-д дээрх 10 иргэнийг тусгаарлан шинжилгээнд хамруулж байна гэдгийг ХӨСҮТ-ээс мэдээллээ.
НЭМЭЛТ: 16.30
ХАЛДВАРТАЙ БАЙЖ БОЛЗОШГҮЙ ӨВӨР МОНГОЛ ИРГЭДИЙГ ӨНӨӨДӨР НУТАГ БУЦААНА
Өвөр Монголын Жининь хотоос 6 настай хүүхэдтэй хамт орж ирсэн эмэгтэйгээс коронавирусийн халдвар авсан байж болзошгүй гэсэн мэдээлэл гараад байгаа юм. Энэ талаар ЭМЯ "Зам-Үүдийн боомтоор 6 настай хүүхэд халуурсан, хамт явсан ээж нь хоёроос халуурсан шинж тэмдэг илэрсэн учраас тусгаарлаж, шинжилгээ авсан байгаа. Шинжилгээний хариу Замын-Үүдээс өнөө шөнөдөө ирж, шийдвэр гаргасын дараа маргааш гарна гэлээ" гэлээ. Хүүхдийг ээжийн хамт Замын-Үүдийн эмнэлэгт түр тусгаарласан. Автобусанд 17 хүн байгаа тархвар судлалын асуумж авч байгаа юм байна.
ЭМЯ-наас коронавирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа аж. Мөн ДЭМБ-ын зөвлөсний дагуу заавар зөвлөмжийг дагаж ХӨСҮТ болон ЗӨСҮТ-тэй хамтран эмнэлзүйн сургалт болон ариутгал хяналтыг хэрхэн хийх талаарх сургалтын эмнэлгийн ажилтнуудад явуулж, туршлагатай эмч нараас бүрдсэн зөвлөх баг байгуулж эмч мэргэжилтнүүдэд коронавирусийн талаар зөвлөгөө, сургалт явуулж байгаа аж. Түүнчлэн хилийн хяналтыг чангаруулж, халуунгүй иргэдийг хилээр нэвтрүүлж байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар Замын-Үүд боомтоор Өвөр Монгол ээж охин хоёр халуурсан байдалтай сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тул тусгаарлаж, шинжилгээ авч, нутаг буцаахаар болсон аж.
Энэ үеэр ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Замын-Үүд боомтоор коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн гэж үнэн үү?
-Улсын хэмжээнд короновирус бүртгэгдээгүй. БНХАУ-аас Монгол Улс руу ирж буй ээж хүү хоёрыг шалгасан. Ээж нь толгой өвдсөн, зургаан настай хүүхэд нь халуунтай шинж тэмдэг илэрсэн. Ээж хүү хоёрыг одоогоор тусгаарлаад байна. Мөн хилийн хяналтыг чангаруулсан байгаа. Тодорхой өвчлөл гарч буй орноос зорчиж ирсэн гэдэг утгаар хүмүүсийн халууныг үзэж халуурсан бүлээрсэн шинж тэмдэггүй хүнийг хилээр нэвтрүүлж байна. Ерөнхийдөө Коронавирусийн сэжигтэй үндсэн гурван шинж тэмдэг илэрнэ. Өндөр халуурах, ханиалгах, амьсгалахад хүнд болох. Ямар хүмүүс өвдөж байна вэ гэхээр эрүүл мэндийн байгууллагад хожимдож хандсан, архаг суурь өвчтэй дархлаа суларсан хүмүүст хүндээр тусч байна. Тиймээс дархлаагаа дэмжих хэрэгтэй.
-Шинжилгээний хариу хэзээ гарах вэ?
-Шинжилгээний хариу Улаанбаатарт өнөөдөр хүргэгдэж, маргааш гарна. Ээж охин хоёр Өвөр Монголоос Монгол Улс руу нэвтрэх гэж байсныг саатуулж, нутаг буцаахаар болсон. Сэжигтэй тохиолдол илэрсэн ээж охин хоёр Хятадын цагаан сараас өмнө амьдарч байсан газар луугаа буцах гэж байсан юм билээ. Монгол Улс дунд зэргийн эрсдэлтэй байгаа нь амьсгалын замаар халдварладаг, эмнэлгийн ажилтанд нөлөөлсөн, томуугийн өвчтэй төстэй. Дархлаагаа дэмжвэл энэ халдвараас урьдчилан сэргийлэх боломжтой.
-Коронавирусээс урьдчилан сэргийлэхэд хилээ хаах шаардлагатай гэдгийг иргэд хэлж байна. Хилээ хаах боломжтой юу?
-Хил хаах тохиолдол маш ховор. Тухайн орон нутагт эрүүл мэндийн ноцтой тохиолдол гарсан үед хаана. Шинжилгээний дүн, нөхцөл байдлыг харзнаж эхний ээлжинд хил хаахгүй, хяналтыг сайжруулна гэлээ.
ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Т.Энхзаяа “Шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх талаар арга хэмжээ авч байна. Эрсдэлийн үнэлгээг тухай бүрт нь хийж байна. Улсын хэмжээнд томуу болон халдварын тандалт хийх зорилгоор ХӨСҮТ, Зоонозын шуурхай удирдлагын төвтэй хамтран ажиллаж байна. Мөн ХХЕГ, ГХЯ, МХЕГ-тай хамтран ажиллаж иргэдэд сэрэмжлүүлэг өгч байна. Коронавирусээс урьдчилан сэргийлэх хамгийн энгийн арга бол хүн бүр гараа савандаж угаах, амны хаалт тогтмол хэрэглэх нь чухал. Иймд өнөөдрөөс эхлэн олон нийтийн газарт хүн бүр амны хаалт зүүхийг уриалж байна” гэлээ. Мөн Замын-Үүдээр орж ирсэн Өвөо Монгол иргэдийг өнөөдөртөө нутаг буцаана гэдгийг албаныхан хэллээ.
ГХЯ: 250 ГАРУЙ ОЮУТНААС 19 НЬ ҮХАНЬ ХОТОД ХОРИОНД ОРСОН
БНХАУ-д үхлийн аюултай хэмээгдэж буй “2019-nCoV” коронавирусийн халдвар хурдацтай тархаж байна. Үүнийг дагаад тус улсад амьдарч буй монгол иргэдийн асуудал хөндөгдөж буй. Одоогийн байдлаар халдварын голомт болох Үхань хотод 19 орчим Монгол оюутан байгаа аж. Харин 250 гаруй оюутан Хятадын цагаан сарын баярыг тохиолдуулан эх орондоо иржээ. Энэ асуудалтай холбогдуулан Гадаад харилцааны яамнаас Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшигээс тодрууллаа. Тус яамны мэдээлснээр БНХАУ-д Монгол Улсын 10 мянга орчим иргэн оршин сууж байна. Урд хөрш рүү зорчих монголчуудын тоо жилд давхардсан тоогоор 1.8 саяд хүрдэг аж.
-БНХАУ-ын цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол оюутнууд эх орондоо ирээд байна. Түүнчлэн Үхань хотод амьдарч буй Монгол оюутнуудад хэрхэн анхаарал тавьж зөвлөгөө тусламжийг өгч байна вэ?
-Өнөөдрийн байдлаар Үхань хотод Монгол Улсын 19 оюутан байна гэх тоо байна. Элчин сайдын яаманд 10 хүний бүртгэл байгаа юм. Бүртгэлийг үргэлжлүүлж байна. Өнөөдрөөс эхлэн Үхань хотод олон нийтэд нийтийн тээврийн хэрэгслийг зогсоож, тэнд оршин суугчдыг нэн шаардлагатай биш бол хотоос гарах хорио тогтоолоо. БНХАУ-д Элчин сайдын яамнаас гадна Шанхай, Хөх хот, Эрээнд Консулын газар байна. Энэ бүх дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан тэнд буй оюутан, зорчиж буй иргэдэд тухай бүрт нь сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэж байна. Иргэддээ БНХАУ-ын Засгийн газраас гаргаж буй сэрэмжлүүлэг мэдээллийг дагахыг зөвлөж байгаа. Шаардлагатай бол гэрээсээ гарахгүй, олон нийтийн газар зорчихгүй, амны хаалт зүүж гараа сайтар угаахыг зөвлөж байгаа гэсэн үг. Монголд ч бас иргэддээ сэрэмжлүүлэг мэдээллийг өгч байна.
-БНХАУ-аас 250 орчим Монгол оюутан эх орондоо ирсэн гэх мэдээлэл байгаа. Эдгээр оюутнуудын хувьд коронавирусийг тээгээгүй гэх баталгаа байна уу. Энэ талаар нарийн хяналт шалгалтыг хийсэн болов уу?
-Үхань хотод зургаан их дээд сургуулийн 250 гаруй Монгол оюутан сурдаг гэх тоон мэдээллийг оюутны холбооноос нь гаргасан. Хятадад цагаан сарын баяраа угтан дээд сургуулиудын хичээл нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн хоёрдугаар сарын дунд үе хүртэл амарна. Иймд тус улсад сурдаг Монгол Улсын ихэнх оюутан эх орондоо ирээд амарч байна. Эх орондоо ирсэн монгол оюутнуудын тухайд сургуулийнх нь амралт сунгагдсан эсэх талаар нарийн мэдээлэлтэй байх хэрэгтэй. Хоёрдугаарт өвчний тархалтын нөхцөл байдлыг ажиглахыг зөвлөе. Оюутнуудыг хянаж шалгах талаар Гадаад харилцааны яамнаас хариуцахгүй. Эрүүл мэндийн яамнаас Монголд ямар нэгэн халдвар авсан хүн байхгүй гэх мэдээллийг өчигдөр өгсөн.
-БНХАУ-тай хил залгаа оршдог Монгол Улсын хувьд дунд зэргийн эрсдэлд хамаарч буй. Гэхдээ урд хөршөөс Монгол Улсыг зорьж буй гадаадын иргэдэд ямар хяналт тавьж, арга хэмжээ авч байна вэ?
-Коронавирус мал амьтнаас гадна хүнээс хүнд халддаг болох нь тогтоогдсон учраас БНХАУ-тай хил залгаа Энэтхэг, Япон, БНСУ, Тайланд улс орнуудад өвчний шинж тэмдэг илрээд байна. Тиймээс бид гадаадын улс орнуудад илэрсэн коронавирусийн тохиолдол бүрийг анхааралтай ажиглаж, тухайн улс орнуудын иргэдэд виз олгохдоо өндөр хяналт шалгалт тавьж байна. Тэр тусмаа халдвар тархсан голомтын бүсээс ирж буй иргэдэд тавих хяналтаа чангаруулсан. Түүнчлэн Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар зэрэг холбогдох байгууллагууд хяналт тавьж ажиллаж байгаа. Олон Улсын Чингис хаан нисэх буудалд халуун хэмжигч байршуулсан тул халуун мэдрэгчээр зорчигчдыг хянаж байгаа. Гадаад харилцааны яамнаас хилийн чанадад буй иргэд, гадаадын улс орнуудыг зорьж буй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах тал дээр ажилладаг. Энэ утгаараа Эрүүл мэндийн яамтай бид хамтран ажиллаж, иргэддээ сэрэмжлүүлэг мэдээллийг цаг тухайд нь хүргэж байна.
ХӨСҮТ: ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ДУГААР АЖИЛЛУУЛЖ БАЙНА
Мөн Эрүүл мэндийн яам болон Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Коронавирусийн талаарх мэдээ мэдээлэл, зөвлөгөө өгөх ажилуулж эхэлсэн байна. ХӨСҮТ-ийн шинэ коронавирусийн талаарх мэдээлэл, зөвлөгөө өгөх утсаар тодруулахад “Коронавирусын шинж тэмдэг томуу томуу төст өвчнөөс ямар ялгаатай вэ гэдэг талаар иргэд асууж байна. Мөн коронавирус гэж ямар халдварт өвчин болох талаар асууж зөвлөгөө авч байна. Үүнээс гадна томуу, томуу төст өвчний шинж тэмдгийг ч асуух хүмүүс байгаа. Иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөх лавлах утас өчигдрөөс ажиллаж эхэлсэн ч ачаалалтай байна” гэлээ.
МХЕГ: ХИЛЭЭР НЭВТЭРЧ БАЙГАА ИРГЭДИЙГ ХЯНАЖ БАЙНА
Харин Мэргжлийн хяналтын ерөнхий газраас БНХАУ-тай хиллэдэг боомт, Буянт-Ухаа дахь хилийн боомтод Мэргэжлийн хяналтын байгууллагаас өндөржүүлсэн хяналт тавьж, зорчигчдын биеийн халууныг хэмжин асуумж, тандалт хийн ажиллаж байна. Мөн Замын-Үүдийн хилийн боомтоор уг вирусийн халдвар авсан хүн орж ирсэн эсэхийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ч хянаж байгаа гэв.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ