Gremix: “Huiten baina” бол дуу биш

Хуучирсан мэдээ: 2020.01.23-нд нийтлэгдсэн

Gremix: “Huiten baina” бол дуу биш

Өнөө үед монгол  залуучууд “Youtube”-ийг “Facebook” шиг хэрэглэх болсон.  Зарим нэг нь “Youtube” сувагт влог, бичлэгүүдээ хийж үзэгчдийн хандалтыг авснаар орлого олох боломжтой гэдгийг бусдад үлгэрлэж яваа. Тэдний төлөөлөл  бол интернэт орчинд хамгийн олон дагагчтай контент бүтээгчдийн нэг М.Ганбаяр юм. Тэрбээр  "Gremix" нэрээр олонд танигдсан бөгөөд өдгөө Youtube сувагтаа 315 мянган дагагчтай. Онцлон хэдэхэд  "Gremix" нь Монголдоо “Silver button”-ий болзол хангасан “youtuber” юм.


-Одоо ямар ажил дээр төвлөрч ажиллаж байна вэ?

-Бичлэг  дээрээ л төвлөрч  ажиллаж байна.  Өөрийгөө сорьж, өөр төрлийн бичлэг  хийж, туршиж үзэх  гэж байна. Ерөнхийдөө шинэ төрлийн контент дээрээ 2-3 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна гэж хэлж болно доо. Хамгийн гол нь чанартай бичлэг гаргахыг зорьж байгаа. Ямартай ч эхний видео хийгдэж дууссан.

-Хэзээнээс Youtube суваг ажиллуулахаар шийдсэн бэ?

-Би 2014 онд channel нээгээд анхан шатны дота сонирхогчдод заавар, зөвлөгөө оруулдаг бичлэг хийгээд орхичихсон байсан. Хоёр, гурван мянган хүн үзээд овоо байлаа. Хэсэг бичлэг хийлгүй орхичихсон байж байгаад 2016 оноос эрчимтэй хийж эхэлсэн. Тухайн үед фэйсбүүк дээр контент хийдэг хүмүүс маш их байсан бол Youtube-д бичлэг хийдэг хүн бараг байгаагүй.  Тэрхүү орон зайг олж хараад "Firewatch" гэдэг тоглоом тоглоод, бичлэгийг нь хийгээд Youtube дээр оруулсныг гайгүй олон хүн үзсэн байсан. Би өрөө ичимхий болохоор надад хамгийн ойр төрөл нь тоглоом тоглох байсан гэх үү дээ. Ингээд бичлэг хийгээд нэг, хоёр сар явлаа. Яагаад ч юм үзэгчдийн тоо өсөхөө больчихсон юм шиг мэдрэгдсэн учраас тоглоом тоглодоггүй хүн байсан ч хөгжилтэй маягаар хийсэн бичлэгүүдийг минь үзэх  байх гэж бодоод шинэчлэлт хийсэн нь ч үр нөлөөгөө өгсөн. Мөн зөвхөн "Gameplay" бичлэг биш өөр бичлэгүүд оролдож эхэлсэн. Би  бүх төрлийн видеонд дуртай. "Gameplay" төрлөөр дагнаад явсан болохоос миний сонирхол видео контент бүтээж байвал төрөл хамаарахгүй. Тэрийг энэ онд харуулж магадгүй. /инээв/ 

-Өөрийн тань  анзаарч байгаагаар ямар төрлийн контент  хүмүүсээс өндөр хандалт авдаг вэ?

-Яах аргагүй цаг хугацаа, сэтгэл зарцуулсан  контент үр шимээ өгдөг. Тухайлбал, сүүлд хийсэн “Huiten baina” видео маань байна. Тус бичлэгийг хүмүүс хэрхэн хүлээж авах нь сонирхолтой санагдаж байсан шүү.

-Мэдээж ихэнх хүмүүст инээд бэлэглэсэн байх. Миний хувьд видеоны “Crush чинь чамайг тоохгүй Vandebo сонсоод байх үед” гэх тайлбар их анхаарал татсан л даа. Энэ нь дисс байсан уу эсвэл зүгээр наргиа байв уу?

-“Huiten baina” бол дуу биш. Зүгээр мр3 файл. Видеогоо оруулах  гээд тайлбар хэсэг дээр нь бичих зүйл олдохгүй хэсэг бодлоо. Тэгээд толгойд буусан хэдэн үгээ холбоод бичсэн нь тэр. Ихэнх хүмүүс дисс хийж байна гэж ойлгосон байсан. Гэхдээ тийм биш. Би  хоёр жилийн өмнө  иймэрхүү төрлийн видео хийсэн ч  өөрөө  гэртээ хоолойгоо бичсэн учраас дуугаралт зэрэг нь муу байсан. Тийм   болохоор  олон хүнд хүрээгүй.

Харин энэ удаа  өмнөх хувилбараа  илүү сайжруулж мэргэжлийн түвшинд бэлтгэсэн. Хэдийгээр хөгжилдөж байгаа мэт болов ч  цаад ая нь сонсголонтой байсан учаас олон хүнд таалагдсан байх.

-Анхнаасаа хүйтэн байна гэх утгатай видео хийнэ гээд төлөвлөсөн байсан юм уу?

-Ер нь бичлэгийн эхэнд гардаг хэсэг яг болсон явдал л даа.  Би хүн бүрийн амьдралд үргэлж тохиолддог энгийн асуудлыг барьж авъя гэж бодсон. Гэхдээ анх үгээ бичих гэхээр дууны үг шиг хүнд үг биччих гээд болдоггүй. Тэгээд Tuana ахтай ярьж байгаад үгээ бичсэн. Tuana гэдэг маань  бичлэгийн эхэнд гардаг ах л даа. Уг нь аудио файлыг нь өнгөрсөн аравдугаар сард гаргасан байсан юм.

МОНГОЛД ХӨГЖИХӨД ХЭЦҮҮ ГЭЖ ЯРИГДДАГ Ч ГЭСЭН YOUTUBER БОЛОХЫГ ХҮССЭН

-Залуус “Youtube”-ийг бизнес болж байгааг ойлгож байна. Монголд дунджаас дээш насныхан төдийлөн сонирхдоггүй учраас Youtube-д бичлэг үзээд, тэнд бичлэг оруулаад  орлого олно гэхээр их сонин санагдаж байгаа байх?

-Би  оффист суугаад ажилладаг ажил биш монголд хөгжихөд хэцүү гэж яригддаг ч гэсэн Youtuber болохыг хүссэн. Саад бартаа тохиолдсон ч олон улсад мэргэжилд тооцогдох болсон Youtuber болох боломжтойг  монгол залууст харуулахыг хүссэн. Зорилго руугаа би алхам, алхмаар ойртож байна. Харин хэрхэн бичлэг оруулаад орлого олдог вэ гэхээр  бүх  л бизнесийн байгууллагуудын хувьд хүний анхааралд өөрсдийн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэх гэдэг маркетинг гэж бий.

Маркетинг бизнесийн хамгийн чухал хэсэг байсаар ирсэн. Тэр маркетингийн орчин одоо сошиал руу шилжсэн. Учир нь хүн бүрийн анхаарал хүссэн, хүсээгүй сошиал дээр төвлөрчихсөн байгаа.  Бизнесийн байгууллагууд Youtube-рүү хэр олон сурталчилгаа өгөхөөс  олох орлогын  хэмжээ хамаарна. 

Гадны нэг сайт дээр миний сарын цалинг 4000-10.000 мянган ам.доллар  гэж бичсэнээс болж хүмүүс намайг их орлого олдог гэж бодсон юм шиг байгаа юм. Тэгж олдог байсан бол өдөр болгон бичлэг хийгээд хүмүүс цалинжуулаад ажилламаар л  байна /инээв./ Гэхдээ миний сарын цалин  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээс жоохон дээгүүр.  Видеоны үзэлтээс  хамаарах учраас авах цалингийн хэмжээ янз бүр.  Хүмүүс их subscribe болохоор  их мөнгө олдог гэж боддог. Subscribe шууд утгаараа мөнгө гэсэн үг биш.

Намайг дагаж байгаа хүмүүсийн л тоо. Хамгийн гол мөнгө олох зүйл нь видеоны үзэлт, миний сувагт нэг видеогоос нөгөө видео руу дамжих хугацаа буюу үзсэн цаг байдаг. Тухайн бичлэгээс үзсэн цаг хэр өндөр байна, тэр бичлэгийг Youtube өөрөө цаанаасаа сурталчилж өгдөг. Тэгэхээр Youtube өөрөө миний бичлэгийг сонгож өгснөөр улам олон хүнд хүрнэ, олон хүнд хүрснээр надад орлого болж ирнэ.Бичлэг эхлэхийн өмнө сурталчилгаа гарч ирдэг. Тэр сурталчилгааг гаргаж, маркетингийн зэвсгээ болгож буй байгууллагууд Youtube-д төлбөр төлдөг.

-Монголын нөхцөлд контент хийхэд хүндрэлтэй байдаг уу?

-Контент хийхийн хувьд бол гадаадаас нэг их ялгараад байх зүйл байхгүй. Үзэгчдийн тоо мөн бичлэг хийсний төлөө гарч ирэх үр ашиг гадаад болон монголчуудын хувьд их ялгаатай. Гадаадын зах зээл нээлттэй, том. 

Контент хийдэг болсноороо мэдэрсэн хамгийн гоё мөчөө хуваалцаач.

-Ганц мөч гэхээсээ илүү олон мөчүүдэд их дуртай. Жишээ нь үнэхээр сэтгэлээсээ бичлэг хийгээд тавьсны дараа маш олон хүмүүс үзэх. Эсвэл заримдаа олны танил хүмүүс бичлэгийг минь шейр хийсэн харагддаг. Мөн гадуур явж байхад хүмүүс ирээд бичлэгүүд минь таалагдсан талаар хэлдэг. Энэ мөчүүдэд л хамгийн дуртай.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ЗөвЗөв
9
ХөөрхөнХөөрхөн
7
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж