Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг АНУ болон Их Британид төвтэй “Amsterdam & Partners LLP” хуулийн фирмээр өмгөөлүүлэхээр болсон тухай тус компанийн цахим хуудас мэдээлсэн байна.
“Amsterdam & Partners LLP” компанийг үүсгэн байгуулагч, хуульч Роберт Амстердам “2014-2016 онд Монгол Улсын Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан Ч.Сайханбилэг нь ажиллах хугацаандаа “Рио Тинто” компанитай Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж байв. Түүнийг энэ гэрээг байгуулахдаа хууль зөрчсөн гэж үзээд Монголын прокурор дөрвөн төрлийн ял төлөвлөөд байгаа ба энэ нь ямар ч үндэслэлгүй, нотлох баримтгүй юм” гэж хэлжээ.
Түүнчлэн Ч.Сайханбилэгийг шүүхийн албан ёсны шийдвэргүйгээр Монголд хууль бусаар баривчлагдаж, саатуулагдсаныхаа дараа АНУ-д амьдарч байгааг мэдэгдэлд дурсан байна.
Мөн уг мэдэгдэлд “Сөрөг хүчин Ардчилсан намын бусад гишүүд болон хараат бус шүүх засаглал, хэвлэл мэдээллийн ажилтнууд 2017 онд Х.Баттулга Ерөнхийлөгч болсноос хойш хүчтэй шахалтад орж байна. “Транспаренси Интернэшнл”, “Эмнести Интернэшнл” зэрэг олон улсын байгууллагууд Ерөнхийлөгч Х.Баттулгын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг өргөжүүлэх тухай, ялангуяа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргын байр сууринаас шүүгчид болон улс орны хууль эрх зүйн системд нөлөөлөх хууль баталсанд санаа зовниж байгаа” хэмээн бичжээ.
Цааш нь "Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг дээрх гэрээг ил тод, хуулийн дагуу явуулсан. Энэхүү үндэслэлгүй хавчлагийн кампанит ажил нь тухайн улсын шүүх тогтолцоо доройтож буйг илтгэхээс гадна, тус улсад орж ирэх гадаадын хөрөнгө оруулалтыг сааруулах сөрөг талтай” гэжээ.
Эх сурвалж: Amsterdamandpartners.com
Холбоотой мэдээ