Монгол Улсад удахгүй зохион байгуулагдах АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтанд хүрэлцэн ирэх зочид төлөөлөгчдийг хүлээж авахаар зохион байгуулагчид ажиллаж байна. Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг 600 гаруй зочид буудал байдгаас Улаанбаатар хотын хэмжээнд 455 нь байна. Эдгээрээс 300 хүртэлх нь зочид буудлын хэмжээнд ажилладаг аж. АСЕМ-ийн уулзалтанд ирж буй зочдыг хүлээж авахаар 44 зочид буудал шалгарч, бэлтгэлээ базааж эхэлжээ. Улмаар дээрх буудлуудын 2700 орчим ажилчид, мэргэжил дээшлүүлэх тусгай сургалтуудад хамрагдаж эхэлсэн байна. Сургалтын хөтөлбөрт зочдыг угтах, үдэх соёл, хүлээн авалт, зоог, дайллага, цайллагын үйлчилгээний протокол, зочид буудлын менежмент, үйлчилгээний технологийн орчин үеийн асуудлууд, зочдын дунд биеэ авч явах ёс зүй, ёслолын арга хэмжээнд оролцох хувцаслалт зэрэг сэдвүүд багтжээ. Дэлхийн тавь гаруй орны төрийн тэргүүн, ерөнхий сайд болон бусад өндөр түвшний зочдод үйлчлэх ажлыг гардан зохион байгуулах менежерүүдэд зориулсан сургалтыг дипломатчид болон Төрийн ёслолын албаны удирдлагууд хөтлөн явуулж байна. Зочид буудлын ажилчдын өмнө хамгийн их тулгамддаг асуудал нь хэлний бэрхшээл байдаг аж.
Манай улсад бүс нутгийн хэмжээний Шангри-Ла, Кемпински зэрэг зочид буудлууд байдаг. Удахгүй олон улсын сүлжээ "Хилтон" зочид буудал ашиглалтанд орно. Өөрөөр хэлвэл, өндөр зэрэглэл бүхий сүлжээ зочид буудлуудын тоо нэмэгдэх тусам гадаад дотоодийн томоохон төлөөлөгч, аялал зуучлалаар ирж буй хүмүүсийг угтахад өндөр зэрэглэлийн үйлчилгээ үзүүлэх нөхцөл нь бүрдсэн гэж салбарынхан нь ярив. Нөгөө талаар төрийн дээд хэмжээний уулзалт дипломат арга хэмжээг хүлээж авахад мэдлэг мэдээлэл дутмаг байх ч цаг тухай бүрт нь сургалт зохион байгуулдаг гэнэ.
Монгол Улсад айлчлал хийсэн төрийн өндөр албан тушаалтнуудын тоо жил ирэх бүр нэмэгддэг аж. Энэ нь эргээд тэдэнд үйлчлэх, хүлээж авах, үдэн гаргах салбарын туршлага болон үлддэг гэв. Үүний зэрэгцээ Монголын томоохон зочид буудлууд бүгд ОУ-д ашиглагддаг орчин үеийн тоног төхөөрөмж технологийг үйлчилгээндээ нэвтрүүлэн ашигладаг болжээ.
Ж.ХАТАНБААТАР
Зураглаач Н.БАТМӨНХ
Холбоотой мэдээ