“Чингис”, “Самурай” бондтой тодорхой эрх мэдэлтэй албан тушаалтан холбогдсон байхыг үгүйсгэхгүй

Хуучирсан мэдээ: 2015.10.19-нд нийтлэгдсэн

“Чингис”, “Самурай” бондтой тодорхой эрх мэдэлтэй албан тушаалтан холбогдсон байхыг үгүйсгэхгүй

Эдийн засгийн өршөөлийн хууль, Өршөөлийн хууль гээд сүүлийн өдрүүдэд монголчууд УИХ-аас батлан гаргасан болон хэлэлцэгдэж эхлэнгүүт “Шударга ёс”-чуудын ээлжит тав хоногийн завсарлагаанаас үүдэн зогсчихоод байгаа баахан өоршөөлийн хуулиар амьсгалж байна.

 

Энэ долоо хоногт дахин хэлэлцэгдэх Өршөөлийн хууль маш олон хүний эрх ашиг, хувь заяа, цаашлаад Монгол Улсын эдийн засаг, санхүүтэй ч зарим талаараа холбоотой юм.

 

Учир нь энэ хууль хэрхэн батлагдан гарахаас шалтгаалан “Чингис”, “Самурай” бондоос хэдэн арван тэрбумаар нь хулгайлан завшигчид, одоо ял эдэлж байгаа, бидний татварын мөнгөнөөс мөн л хэдэн арван тэрбумаар нь хулгайлагчид өршөөгдөх үү, үргэлжлүүлэн хоригдох уу гэдэг нь шалтгаална. Энэ утгаар нь “Чингис”, “Самурай” бондын зарцуулалтад шалгалт хийсэн ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалантай уулзаж ярилцлаа.

 

 

-Хууль тогтоох дээд байгууллага УИХ элдэв төрлийн өршөөлийн хуулиар амьсгалсан өдрүүд үргэлжилсээр байна. Нэлээн хэд хоногийн өмнө Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийг батлан гаргасан. Эхлээд Эдийн засгийн өршөөлийн хуульд чухам ямар аж ахуйн нэгжүүд хамрагдаж байгаа тухай асуултаар ярилцлагаа эхлэе?

 

-УИХ-аас батлан гаргасан Эдийн засгийн өршөөлийн тухай хуульд ямар аж ахуйн нэгж хамрагдаад ямар аж ахуйн нэгжүүд нь хамрагдахгүй юм бэ гэсэн үл ойлголцол нийгэмд үүсээд байгаа нь үнэн. Юунаас болж энэ үл ойлгоцол үүсээд байна вэ гэвэл хувийн хэвшлүүдээ эдийн засгийн энэ хүндрэлтэй цаг үед яаж дэмжиж, авч үлдэх вэ гэдэг нэг арга нь энэ Эдийн засгийн өршөөлийн буюу татварын өршөөлийн хууль гаргадаг арга зам байдаг л даа. Нөгөө талаасаа хувийн хэвшилдээ хамгийн их ачаалал өгдөг зүйл нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нөгөөх нь Нийгмийн даатгалын шимтгэл байдаг.

 

Бусад орнуудын туршлагыг харахад яг ийм эдийн засаг хүндэрсэн үед аж ахуйн нэгжүүддээ татварын өршөөл зарлахаасаа илүү зардлынх нь гол нь болж байгаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Нийгмийн даатгалын шимтгэлээс нь л тодорхой хугацаанд чөлөөлдөг юм билээ. Эсвэл тодорхой хугацаа өгч, боломж олгодог. Тухайлбал шинээр үүсч байгаа компаниуд эхний гурван жилдээ орлогын албан татвараас чөлөөлөгддөг байх жишээтэй гэх мэтчилэнгээр бүх аж ахуйн нэгжүүдийг тэгш эрхтэйгээр иймэрхүү зохицуулалтанд хамруулдаг жишээ байдаг. Гэхдээ юм болгон хоёр талтай байдаг шиг татварын өршөөл бол сайн ч талтай, муу ч талтай.

 

-Манайх шиг ийм жижиг эдийн засагтай, гадны хөрөнгө оруулалтаас шууд хараат улс байсхийгээд л татварын өршөөлийн хууль гаргаад байх нь аль хэр зохимжтой юм бол. Хамгийн сүүлд татварын өршөөлийн хуулийг хэдэн онд гаргалаа?

 

-Хамгийн сүүлд татварын өршөөлийн хуулийг 2008 онд батлан гаргасан. Тэр үед дэлхийн эдийн засгийн хямралтай уялдан манайх ч хүндхэн байдалтай байсан. Тэр татварын өршөөлийн хуулийн хуулийн дараа манай дотоодын нийт бүтээгдэхүүн өссөн. Энэ нь тэр удаагийн татварын өршөөлийн хуулийн сайн тал нь болсон.

 

Нөгөө талдаа нийгэмд буруу хүлээлт үүсгэдэг нь үнэн. Яагаад гэвэл долоогоос найман жил болоод л татварын өршөөлийн хууль батлагдах нь гарцаагүй гээд аж ахуйн нэгжүүд татвараа нуун дарагдуулах, бултуулах гээд буруу тийшээ яваад байдаг. Харин  нөгөө талдаа татвараа цаг хугацаанд нь үнэнчээр төлсөөр ирсэн аж ахуйн нэгжүүд нь хохирч үлдээд байдаг.

 

-Өнөөдөр Монголд татвар төлдөг хэдэн мянган аж ахуйн нэгж байдаг вэ. Хэд орчим хувь нь татвараа үнэнчээр төлдөг бол?

 

-Өнөөдөр Монголд 70 мянган аж ахуйн нэгж байдаг. Тэднээс байнга татвараа үнэнчээр төлдөг нь 20 мянга хүрэхгүй шахуу байдаг юм билээ. Үлдсэн 50 мянга нь цаасан дээр хуурамч тайлан гаргадаг, хоёр гурван данстай аж ахуйн нэгжүүд болчихоод байгаа юм. Үнэн хэрэгтээ эдгээрийн ихэнх нь ихээхэн хэмжээний хөрөнгө, мөнгөтэй  баян компаниуд мөртлөө шал худлаа данс үзүүлээд байх жишээтэй. Хөрөнгөө нууж байгаад дараагийн татварын өршөөл хүлээгээд суугаад байдаг муу аргатай болчихоод байгаа. Тийм учраас өнөөдөр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 70 мянган аж ахуйн нэгжид тэгш боломж олгох ёстой гэдэг үндэслэлээр Эдийн засгийн өршөөлийн хуулийг батлан гаргасан юм.

 

Ер нь татвар төлөгчдийн хүсч хүлээдэг зүйл бол татварын болон хууль эрхзүйн орчин нь л тогтвортой байгаасай гэдэг л юм. Түүнээс жил болоод л орлогын албан татвар нь хөдлөөд байдаг, эсвэл жил бүхэн нийгмийн даатгалын шимтгэл нь нэмэгдээд байх юм бол тэсч үлдэх аж ахуйн нэгж цөөхөн л дөө.

 

Татвар шударга байх ёстой, хүн бүхэнд ижил тэгш үйлчилдэг байх ёстой л гэсэн гол зарчим байдаг. Энэ зарчим дээр л татварын өршөөлийн хууль явагдах ёстой. Түүнээс биш байсхийгээд л өршөөгөөд, толгойг нь илээд байж болохгүй. Миний хувьд энэ удаагийнх бол сүүлчийн татварын өршөөлийн хууль байх болов уу гэж бодож байна. Монгол шиг жижиг эдийн засагтай улсад байсхийгээд л ийм хууль гаргаад байж яагаад ч зохилдохгүй.

 

-Өртэй компаниудыг Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар өршөөх үү, татварын өршөөлийн хуулиар өршөөх юм уу?

 

-Эдийн засгийн өршөөлийн хуулиар одоо хууль, хяналтын байгууллагуудад шалгагдаж байгаа эсвэл тодорхой өр зээл үүсчихсэн компаниуд хамрагдах юмуу, ер нь яг ямар аж ахуйн нэгжүүд хамрагдах вэ гэдэг нь одоо боловсрогдож байгаа журмаар зохицуулагдах юм. Татварын ерөнхий газар дээр хувийн хэвшлүүдтэйгээ хамтраад татварын өршөөлийн хуульд ямар ямар зүйлүүдийг яаж хамруулах вэ, салбар бүрийг хэрхэн хамруулах юм гээд нарийн зохицуулалтууд явж байгаа.

 

-Гадны жишээ гээд ярьлаа. Гадны яг ямар орнууд иймэрхүү өршөөлийн хууль гаргадаг юм бол?

 

-Гадны тийм ч олон оронд гаргаад байдаг юм биш. Иймэрхүү Эдийн засгийн өршөөлийн хуулийг голчлон зүүн Европын төлөвлөгөөт эдийн засагтай, социалист системтэй байж байгаад чөлөөт эдийн засагт шилжсэн орнууд л ихэвчлэн зарладаг юм. Жишээлбэл Англид ч юмуу, Америк, Япон, Солонгост иймэрхүү хууль зарлагдаж байсан түүх ер нь ховор. Хуучин социализмын орнууд, ОХУ, Болгар, Чех зэрэг орнууд л байнга зарладаг. Энэ орнуудад бизнес эрхлэгчид хөрөнгөө ихээхэн нууж, гадагш нь гаргаад байгаа болохоор л байн байн иймэрхүү хууль гаргадаг.

 

-Одоо хоёулаа гол яриандаа орьё. Таны хувьд “чингис”, “Самурай” бондын зарцуулалтад шалгалт хийсэн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Хоёр долоо хоног өнгөрчихөөд байхад яагаад дүгнэлтээ танилцуулахгүй байгаа юм бэ?

 

-Энэ талаарх мэдээллийг ирэх долоо хоногт албан ёсоор хэвлэлийн бага хурал зарлаж олон нийтэд өгнө. Одоогоор тодорхой зүйл ярих боломжгүй.

 

-Ажлын хэсэгт орж ажилласан хоёр гурван гишүүн дүгнэлтэн дээр гарын үсгээ зурахгүй байгаа юмуу. Та тэдгээр гишүүдийнхээ нэрийг хэлэхгүй юу?

 

-Үгүй, үгүй энэ талаар би одоо ямар ч мэдээлэл өгөхгүй. Албан ёсоор ирэх долоо хоногт бүх мэдээллийг өгнө. Тэгээд ч ажлын хэсгийн албан ёсны тайлан эцэслэж гараагүй байгаа. Энэ тайлан гарахаар ажлын хэсэгт орсон бүх гишүүдэд тараана. Өнөөдөр аждын хэсэгт орж ажилласан гишүүдэд энэ тайлан албан ёсоор тараагдаагүй байгаа. Энэ тайлан бол Аудитын ерөнхий газраас хийсэн тайлан шүү дээ. Сангийн яамнаас Хөгжлийн банкыг шалгасан тайлан бас байгаа. Энэ хоёр тайлан дээр үндэслэж л УИХ-ын ажлын хэсэг ажилласан. Тийм болохоор ажлын хэсгийн дүгнэлт эцэслэж гараагүй байна. Энэ долоо хоногтоо багтаад ажлын хэсгийн гишүүдэд тараагдаж, ирэх долоо хоногт албан ёсны мэдээлэл хийнэ, ийм л байна.

 

-Танай ажлын хэсгийн дүгнэлт хүлээлт үүсгэчихээд байна. Удаашраад байгаагийн ард ямар нэгэн хуйвалдаан, хэн нэгний нөлөөлөл ороод байгаа юм биш үү?

 

-Хамгийн гол нь нийт Хөгжлийн банкыг шалгаж байгаа шалгалтын ажилд маш их цаг зав, хүч хөдөлмөр орж байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Тухайлбал 1.5 тэрбум ам. доллартай тэнцэх хэмжээний бондын санхүүжилт, мөн 290 сая ам. долларын “Самурай” бондын зарцуулалтууд чухам юунд, хэчнээн хэмжээгээр яг очиж вэ гэдгийг нягтлан тогтоох маш чимхлүүр ажил шүү дээ. Эдгээр бондын мөнгийг маш олон аж ахуйн нэгжид тарааж олгосон байгаа.

 

Жишээлбэл ямар зээлийн хорооны шийдвэрээр, ямар ажил, үйлчилгээний зориулалтаар хэзээ өгсөн юм гээд маш их ажилтай нь ойлгомжтой. ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжөөр нэг ам. долларыг хоёр ам. доллар болгох төсөлд өгөгдөж үү, үгүй юу гээд үнэндээ маш нарийн шалгалт хийгдэж байгаа шүү дээ. Тэгтэл Аудитын ерөнхий газрын дүгнэлт жишээлбэл дөнгөж сая л гарлаа. УИХ-ын гишүүд шууд очоод л аль нэг аж ахуйн нэгжийг шалгах эрхгүй л дээ. Зайлшгүй Аудитын ерөнхий газраар дамжих шаардлагатай байдаг. Тэдний тайлан дээр үндэслэж л манай ажлын хэсгийн дүгнэлт гарна.

 

-Таныг албан ёсоор мэдээлэл өгнө гэсээр байтал Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, “Хөгжлийн банк”-ны Гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нар эдгээр бондын мөнгөнөөс хэд хэдэн тэрбумаар нь зувчуулсан болох нь эхнээсээ илэрчихээд байгаа юм биш үү?

 

-Тодорхой эрх мэдэлтэн, албан тушаалтан холбогдсон байхыг үгүйсгэхгүй. Гадуур тийм яриа яваад байгааг ч сонссон. Гэхдээ одоогоор ажлын хэсгийн дүгнэлт эцэслээгүй болохоор би урьдчилж ганцаараа ярьж яагаад ч болохгүй. Манай ажлын хэсгийн дүгнэлт эцэслэн гарахад одоо долоогоос 10 хоногийн хугацаа шаардлагатай. Манай ажлын хэсэгт Төсвийн байнгын хорооны гишүүд ч багтсан.

 

-Таны томоохон хувьцааг нь эзэмшдэг “МСS” компани “Чингис”, “Самурай” бондоос хэдэн тэрбумын зээл авсан бэ?

 

-Ямар ч зээл аваагүй. Гадуур яваад байгаа хардлага, сэрдлэгийн улмаас би өөрийгөө АТГ-аар шалгуулсан. АТГ нягтлан шалгасны эцэст “УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ашиг сонирхлын зөрчилгүй. “МСS” компани “Чингис”, “Самурай” бондоос ямар ч зээл аваагүй байна” гэсэн энэ албан бичгийг өнгөрсөн зургаадугаар сарын 26-нд ирүүлсэн. Тэр байтугай миний хувьцааг нь эзэмшдэггүй компанийг хүртэл надтай холбож “Энэ компани нь зээл авчихсан учраас Энх-Амгалан дуугарч чадахгүй байна” гэж хүртэл гүтгэсэн л дээ. Тийм зүйл огтхон ч байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

 

-Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мөнхбат өөрийг нь “Бондын мөнгөнөөс хэдэн тэрбумаар нь хулгайлсан” гэж бичсэн “Өглөөний сонин”-ыг цагдаа, шүүхэд өгчихөөд байгаа. Энэ нь та бүхний дүгнэлт удааширч байгаатай холбоотой юм л даа?

 

-Тэр бол та бүхний хоорондын асуудал. Би хөндлөнгөөс ямар нэгэн тайлбар хэлэх нь зохисгүй.

 

ЭХ СУРВАЛЖ: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж