Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас угаарын хордлогын үед авч хэрэгжүүлсэн ажлын явцын талаар өнөөдөр /2020.01.23/ мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Өнөөдрийн байдлаар угаарын хийн мэдрэгчийг 4321 айл өрхөд суурилуулж ажлын гүйцэтгэл 82.4 хувьтай байна. Өнөөдөр нэмж 50 мянган өрхөд тараана. Өчигдөр шөнө угаарын хийн хөнгөн хэлбэрээр хордсон нийт зургаан өрхийн зургаан дуудлагаас тав нь хүүхэд, есөн том хүн хандаж эмнэлгийн тусламж үйлчилгээ зөвлөмжийг авсан” гэв.
УГААРИЙН ХИЙ МЭДРЭГЧИЙГ ДУУГАРААД ЧИМЭЭГҮЙ БОЛОХООР НЬ ГАЙГҮЙ БОЛЧИХЛОО ГЭЖ БОДОЖ БОЛОХГҮЙ
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас сар бүр “Тавантолгой” түлш компаниас гарч байгаа бүтээгдэхүүн дээр шинжилгээтэй хяналт тавин ажиллаж байгаа. Өнгөрсөн 12 сарын шинжилгээний дүнгээр ямар нэгэн асуудал гараагүй. Стандартын шаардлага хангасан гэж гарсан. Нэгдүгээр сарын шинжилгээний дүн хараахан гарч амжаагүй байна.
НМХГ-аас түүхий нүүрс түлж байгаа зөвшөөрөл бүхий аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавин ажиллаж байна. Хяналт шалгалтын явцад Баянзүрх дүүрэгт гурван аж ахуй нэгжийн үнс баригч нь ажиллаагүй зөрчил илэрсэн. Эдгээр аж ахуйн нэгжид Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу 1.5 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Мөн Сүхбаатар дүүрэгт 2, Сонгинохайрхан дүүрэгт түүхий нүүрс түлэх зөвшөөрөлгүй түлсэн зөрчил гарсан. Түүхий нүүрс өмнө нь түлсэн зөрчлөө дахин гаргасан газар ч байна. Энэ шалгалт бол дулааны улирал эхэлтэл үргэлжилнэ.
Угаарын хийн мэдрэгч суурилуулсан эхний ээлжийн айлууд мэдрэгчээ зөвлөмжийн дагуу ашиглахгүй бол өчигдөр орой утаа мэдрэгч нь 37 pm заагаад, дуугараад байхад 7 сартай жирэмсэн эмэгтэй тоохгүй агаар сэлгэлт хийгээгүй улмаас хөнгөн хордсон.
Ер нь цаашид иргэд утаа мэдрэгчийг тарааж өгсөн гарын авлагын дагуу ашигламаар байна. Ингэж ач холбогдол өгөхгүй бол нэг дуугараад болихоор нь тэр чигт нь хаячихдаг. Дуугараад чимээгүй болохоор нь гайгүй болчихлоо гэж бодож болохгүй.Угаарын хий мэдрэгч дуугарахаа болих юм бол аюултай. Нэгэнт мэдрэгч тавьсан тохиолдолд хэн хэн нь хариуцлагатай байцгаая.
Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал “2020 оны нэгдүгээр сарын 13-19-ны хоорондох агаарын чанарын мэдээг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад Pm 10 хэмжээтэй тоосонцор36 хувиар буурсан, pm 2.5 тоосонцор 42 хувиар буурсан.Бусад бохирдуулагч бодисын хувьд өнгөрсөн оны мөн үеийнхтэй ижил түвшинд байна. Өнгөрсөн он агаарын дундаж температур -18.5 градус байсан бол энэ оны хувьд -19.1 буюу 0.6 градусаар хүйтэн байна. Агаарын чанарын үзүүлэлт өмнөх оныхоос 42 хувиар буурсан” гэлээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ