Б.Баттөмөр: Монголд баялгийн менежмент маш буруу явж ирлээ | News.MN

Б.Баттөмөр: Монголд баялгийн менежмент маш буруу явж ирлээ

LiveБ.Баттөмөр: Монголд баялгийн менежмент маш буруу явж ирлээ

16 : 47
2020-1-23

УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө

Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ. Тогтоолын төслийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Оюун-Эрдэнэ танилцуулав. Үргэлжлүлэн УИХ-ын гишүүн П.Тогтохсүрэн тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэх тухай байнгын хорооны шийдвэрийг танилцуулж, хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсэв.

Б.Баттөмөр: -Баахан хэрэгтэй хэрэггүй бүтцүүдийг нэгтгэж байж Үндэсний геологийн алба байгуулах нь. Өмнөх албыг хэзээ татан буулгасан юм бэ? 2020 оны Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн бодлого гэж байна уу? Монголд баялгийн менежмент маш буруу явж ирлээ.

Д.Оюун-Эрдэнэ: -Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийг задална гээд бүх хэлтэс, газар, өмнөх уламжлалт системийг хэт задлах байдалтай явж ирсэн. Геологийн алба 7-9 болж хуваагдсан. Ажлын уялдаа, үр дүн төдийлөн сайнгүй. 30 жилийг бүхэлд нь дүгнэх, төсөөлөх урт хугацааны хөгжлийн цогц бодлогын баримт бичгийг найман сарын хугацаанд боловсруулаад, гурав дахийн Засгийн газрын хуралдаанаас УИХ-д өргөн барихаар болсон. Төрийн нэгж байгууллагуудын давхцалыг тодорхойлсон. Орлогын тэгш бус байдал үүссэнд дүгнэлт гаргаж, яаж иргэдэд баялгийг тэгш хүртээмжтэй байлгах вэ, жижиг дунд үйлдвэрийг хэрхэн хөгжүүлэх вэ, эрүүл мэндийн үйлчилгээ иргэдэд хүртээмжтэй байх вэ. Үүний нэг нь геологийн алба. Анх баялгийг бадруулах нэртэй явсан баримт бий.

УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын дарга Б.Мөнхтөр: -Геологийн алба байсан. Улсын хэмжээнд нэгдсэн бүх судалгааг үндсэн чиг үүрэгтэй байсан. Энэ чиг үүрэг дээр Геологийн алба улсын хэмжээний бүх судалгаа хийх чиглэлтэй ажиллана.

Б.Бат-Эрдэнэ: -Геологийн алба байгуулах нь зүйтэй. Баялгийн менемжент гэдэг зүйл их зөв зүйтэй явах ёстой юм. Монголын ард түмний эзэмшилд байдаг баялаг ард түмэндээ өгөөжөө өгөөгүй. Хамгийн гол нь Монгол Улсын хөгжлийн бодлого, загварыг зөв тодорхойлох ёстой юм.

Д.Гарамжав: -Үндэсний геологийн алба байгуулах талаар олон жил ярьж төлөвлөгдөж ирсэн. Өмнө нь хүрээлэн, институттэй байсан. АМХЭГ бүртгэлийн чиглэлээр ажиллаж байгаа харагддаг. УУХҮЯ мөнгөний үйл ажиллагааг дэмжсэн, өрөөсгөл. Геологи уул уурхайн яамны нэлээн том аппарат орж ирж хэлэлцүүлэг өрнүүлэх ёстой байсан. Хангалтгүй оролцож байна. Геологийн алба байгуулагсанаар Монгол Улс ямар эрдэс баялаг ашигт матлмалын нөөцтэй, хаагуур тархсан юм бэ. Дэлхийд байдаг минерал эрдэс бодис Монголд хэр байна вэ, хамгаалалтад авах тулгамдсан, нөөц нь шавхагдсан ямар эрдэс баялаг байна вэ гэдгийг анхаарах ёстой. Уул уурхайн ашиглалт талдаа голчлоод явсан. Нөөц баялаг тодорхой бус байгаа. Хичнээн хүний бүрэлдэхүүнтэй алба байгуулагдах вэ? Боловсон хүчин хангалттай бэлтгэгдсэн. Ийм чухал асуудал хэлэлцэж байхад салбар яамныхан маш хариуцлагагүй хандаж, УИХ-ыг үл тоож байна.

Б.Мөнхтөр: -Эхний ээлжинд 68 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулна. Урсгал зардлын нэмэлт шаардлагагүй. Төрийн албаны тухай хуулийн дагуу мэргэжлийн боловсон хүчнийг татаж оролцуулна. Газрын тосны агентлагууд чиг үүргээрээ үлдэнэ. Судалгааны ажил геологийн албандаа харъяалагдана. Эрүүл мэндийн шалтгаанаар зарим хүмүүс ирсэнгүй.

Д.Сумъяабазар: -Хариуцлагагүй уул уурхайн эхлэл 1996 оны дараа тарааж хаяснаас эхэлсэн. Тухайн үед улсын төсвөөр хийсэн байсан бүх талбай байхгүй болсон. Тагнуулын 200-гаад ажилтныг халсан. Тусгай зөвшөөрлийг дурын хүн авдаг болсон. Үүнийг хумихаар ажиллаж, 137 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Одоо хуулийн дагуу тусгай зөвшөөрлөө авч байна. Үндэсний геологийн алба байгуулах зайлшгүй чухал. Алтны салбарын хариуцлагыг өндөржүүлж, нөхөн сэргээлт хийдэг, тэргүүний техник технологи ашиглах зэргээр бүх юмыг цэгцэнд нь оруулахын тулд Үндэсний геологийн алба байгуулахаар ажиллаж байна. Бүх салбарт ихээхэн ач холбогдолтой үндэсний хэмжээний байгууллага байх юм. 

Я.Содбаатар: -Геологийн алба танин мэдэхүй, шинжлэх ухааны талаасаа ач холбогдолтой байх ёстой. Геологийн албыг бие даалгахгүй бол Уул уурхайн албанд аваачаад наачихсан. Мэдээллийн сангийн байдал ямар байна вэ? Хайгуулаар олдсон бүхнийг авч чадаж байна уу? Чанар үзүүлэлт муу байна. Тайлангаа бүрэн мэдээлэхгүй байна. Газрын тосны хайгуулаа энэ хуультай оруулж ирэх нь зөв үү? Тусдаа хуультай шүү. 100 мянганы атлас гарсан уу? Одоо 50 мянганы зураглал хэдэн хувьтай байна вэ? 50 мянганы зураглалаа хийж чадаагүй байгаа учраас бид доор юу байгааг мэдэхгүй байна. Түүнийгээ мэдэж байж гадныхантай юм ярина. Геологийн салбар өөрөө шинжлэх ухаан.

Д.Сумъяабазар: -Газрын тосны хайгуулын асуудлын гарц гаргалгааг мэргэжлийн улсуудтай ярилцаж оруулъя. Геологийн чанар үйл ажиллагаа тааруу байгаа гэдэгтэй санал нэг байна.

Б.Мөнхтөр: -1:200 мянганы масштабтай зураглалаар нутаг дэвсгэрээ бүрэн бүрхсэн байгаа. Геологийн албаны чиг үүрэгт газрын тосны эрэл хайгуулыг оруулж өгөөгүй байгаа.

Гишүүд асуулт асууж, хариултаа авч дуусав.

“Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад 40 гишүүн оролцож, 23 нь зөвшөөрч, 57,5 хувийн саналаар дэмжигдлээ. Иймд үзэл баримтлалын хүрээнд дэмжих нь зүйтэй гэж тооцон, Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.

15 : 56
2020-1-23

Хуулийн төслүүдийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлэв

Үргэлжлүүлэн Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлж өгөхийг хүсэв.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

-Хуулийн этгээдийг хянан шалгах хугацааг яагаад 10 байсныг 20 болгон өөрчлөв?

П.Сайнзориг:

-Аливаа асуудлыг зохицуулахдаа аюулгүй байдлыг авч үздэг. Хуулиар тавигдсан шаардлагуудыг хангаж байна уу гэдгийг хянан шалгахад 10 хоног хүрэлцдэггүй. Яг 20 хоног биш, 20 хоногийн дотор шалгаж тусгай зөвшөөрөл олгох уу, үгүй юү гэдэг байдлаар оруулж ирсэн.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

-Төр өөрт байгаа мэдээ, мэдээллийг иргэн, аж ахуйн нэгжээс шаарддагаа болих хэрэгтэй.

П.Сайнзориг:

-Экспортын тусгай зөвшөөрөл олгоход 10 хоног байсныг 20 болгон оруулж ирж байгаа. Бусад нь ямар нэгэн хугацаа заагаагүй байсан.

УУХҮЯ-ны шинжээч Т.Зууннаст: -Тусгай зөвшөөрөл авахдаа хуулийн дагуу тагнуул, цагдаа, онцгой байдлын газраас санал авч байгаа. Зөвлөлийн хуралд асуудлыг хэлэлцүүлье гэсэн тодорхой бус санал ирүүлдэг. Түүнийг тодорхой болгохын тулд 20 хоног болгож байгаа.

Гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа зарчмын зөрүүтэй болон найруулгын саналын томъёоллоор санал хураав.

Гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа зарчмын болон найруулгын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураав. Мөн байнгын хороо, ажлын хэсэг дэмжсэн саналын зөрүүтэй томъёоллоор санал хурааж дууслаа. 

Ийнхүү хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

14 : 40
2020-1-23

Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлэв

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт үргэлжилж байна. 

Чуулганы хуралдаанд оролцож буй гишүүд ирцээ сайн бүрдүүлж, тус хуулийн төслийг сайтар хэлэлцэх ёстой гэсэн байр суурь илэрхийлэв. УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан өглөө бүртгүүлсэн ч хуралдаа суухгүй байгаа гишүүдийн нэрийг уншиж танилцуулав. Тэрбээр Н.Амарзаяа, Д.Оюунхорол, Н.Болорчулуун, Г.Солтан, Л.Элдэв-Очир, Н.Энхболд, Ө.Энхтүвшин нарыг хуралдаандаа суухыг анхаарууллаа. 

Байнгын хорооны дэмжсэн зарчмын зөрүүтэй 97 саналын томъёоллоор санал хурааж, цөөн тооны саналыг зөвшөөрсөнгүй. Үргэлжлүүлэн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд дэмжээгүй зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулав.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: -Иргэд УИХ болон орон нутгийн сонгуульд бие даан нэр дэвших эрх нь нээлттэй. Тэднийг дэмжээд оролцохыг хуулиар хориглосон хязгаарлалт, заалт зохицуулалт байхгүй. Байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжиж өгөхийг хүсэв.  

Байнгын хорооны ажлын хэсгийн дэмжсэн саналын томъёоллоор санал хурааж дэмжлээ.

Ийнхүү Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байгын хороонд шилжүүллээ.

12 : 15
2020-1-23

Х.Нямбаатар: Орон нутгийн сонгууль улс төрийн сонгууль биш

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа танилцуулж, хуулийн төслийг дагалдах хуулийн төслүүдийн хамт баталж өгөхийг хүсэв.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

-Тавдугаар сарын 15-наас Үндсэн хууль мөрдөгдөж эхэлнэ. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар статус өөр болно. Одоо тосгон нэртэй байгаа, одоо суман дээр баг болж орж ирнэ. Арван сард ямар байдлаар орж ирэх вэ? Хоёрдугаарт, орон нутгийн улс төржилтийг яаж тооцож байна вэ? Би хуучин хуулиас ялгагдахааргүй болж гэж харж байна. Гуравдугаарт, нэр дэвшигчийг Сонгуулийн хууль зөрчсөн гээд бүртгэдэггүй. Сонгуулийн дараа бүртгэх нь зөв байна гэсэн шийдвэр гардаг. Эндээс эцэс төгсгөлгүй маргаан гарч байна. Үүнд хэн буруутай нь мэдэгддэггүй. Маргаан шийдвэрлэхтэй холбоотой зохицуулалтаа хэр нарийвчлан оруулсан бэ? Нэр дэвшигчийн хувьд тодорхой шалгууруудыг өндөрсгөх үү?

Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар:

-Орон нутгийн сонгууль угтаа улс төрийн сонгууль биш, нутгийн өөрөө удирдах ёсны төлөөллөө сонгож байгаа. 25-аас дээш насны байх гэсэн санал оруулж ирсэн. Нэр дэвшихээр хүсэлт гаргаж буй хүн найман шалгуур хангасан байна. Сонгуулийн үр дагавар дараа нь гардаг. Нэр дэвшигч хохирдогийг болиулах зорилготой.  

Бусдыг гүтгэсэн, хууль бус сурталчилгаа явуулсан нь тогтоогдсон тохиолдолд нэр дэвшигчээр бүртгэхгүй. Улс төржилтийг яаж багасгах вэ, өмнөх хуулиасаа илүү гараагүй юу гэлээ. Баянзүрх дүүрэг сүүлийн дөрвөн жил засаг даргагүй бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах боломжгүй байна. 

Сонгуулийн хугацаа 15 хоногт явагдана. Энэ удаагийн сонгуулийн хуульд сонгуулийг эрт явуулъя гэсэн зарчимтай. Бид ялгаагаа сайн ойлгох ёстой. Бид засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх сонгуулийн тухай ярьж байна. Хот, тосгод аль аль чиг үүргийг хэрэгжүүлж явах гэсэн хоёр тусдаа зүйл байгаа.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

Тосгоныхоо статусыг яаж хараад байгаа юм бэ? Хамтын удирдлагын шинжтэй явах юм уу?

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар

 -Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуулийг шинэчлэн боловсруулах ажлын хэсэг ажиллаж байна. Зарим чиг үүрэг нь хот тосгон руу орж болохгүй. Нэг сумыг бид нэг сумын төвөөр төсөөлөөд байгаа. Сум бол хот тосгоны чиг үүргийг хэрэгжүүлэх чиглэлд явна.

УИХ-ын гишүүн М.Энхболд:

-Энэ хууль бол нэлээн хариуцлагатай хууль, төдийлөн анхаарал тавихгүйгээс болоод маргаан гарах явдал гардаг. Ажлын дэд хэсэгт орон нутагт ажиллаж буй хүмүүсийг оруулах санал олон удаа тавьсан. Ядаж нэг Иргэдийн хурлын даргыг оруулаад, тулгарч буй асуудлыг нь шийдэхийг авч үзэх боломж байсангүй юү. Орон нутгийн ИТХ-д сум, аймаг, дүүрэг нийслэлд дахин нэр дэвшиж болдоггүй болгож зохицуулж болоогүй юм уу? Улстөржилтийг багасгахын тулд төрийн байгууллагаас шууд нэр дэвшүүлж болдоггүй юм уу? Үндсэн хуулийн асуудлыг ярьж байхад Дархан, Эрдэнэтийг ярьж байсан. Улсын зэрэглэлтэй хот байгуулах тухай яригдаад ирэхэд өөрөө удирдах ёсны байгууллагыг сонгох асуудлыг хамтад нь шийдэж болохгүй юм уу.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

-Төслийн 33.1.6 дээр дүүргийн болон сумын иргэдийн хуралд давхар нэр дэвшихийг хориглосон. Нэгээс илүү тойрогт давхар нэр дэвшсэн бол татгалзах үндэслэл болно гэж төсөл дээр суусан байгаа.   Нэг гэр бүл, эсвэл гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд олонхийг бүрдүүлэх боломжтой учраас намууд бие даагчдаа нэр дэвшүүлэх эрхтэйг зааж өгсөн. Анхны хэлэлцүүлэг дээр 33.1.6-г унагаачихвал хүссэн нэр дэвшигч гарч ирэх боломж хэвээр үлдэнэ. Дараагийн сонгуульд оролцоод, улс төрийн хариуцлагаа хүлээдэг болох асуудлыг би ярьж байна. Янз бүрийн төрийн бус байгууллага, хамаатан саднаараа нийлээд гажуудсан ардчилал бий болно. 

УИХ-ын гишүүн С.Жавхлан:

-Сум, баг хороон дээр сонгууль болоход туйлгүй зөрчил үүсдэг. Гэрээ улаан, цэнхэрээр бүрэх тохиолдол ч үүсч мэдэхээр байна. Худаг дээр нөгөө намынханд үйлчлэхгүй гэж байна. Сайтар зохицуулахгүй бол маш том хагацал, талцлыг цааш үргэлжлүүлэх байдал харагдаж байна. "Манай сумын дарга" зохиолыг Их хурлын дарга бүгдэд нь уншиж өгмөөр байна. Черчелийн үг гэж байхаар малчин Чимидийн үгийг сонсооч ээ. Өргөн олны 80 хувь нь нам сонгохгүй гэсэн байна. Түмэн олонтойгоо энэ асуудлыг зөвшилцөөд явбал маш зөв шийдвэр гарах гээд байна. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Орон нутгийн сонгуулийн тухай хууль хугацаатай, бид батлах ёстой. Бид тойрог дээрээ очиж ард иргэдтэйгээ уулзан, аймаг, сум, нийтийн хуралд яаж санал өгөх вэ гэдэг дээр санал авсан. 350-аад санал ирсэн. Улс төрийн нам, эвслүүдтэй хоёр ч удаа хэлэлцүүлэг хийсэн. Хөдөөгийн, баг, сумын иргэдийн хурлын сонгууль дээр аль болох талцалд цэг тавья гэдэг дээр бид анхаарч ажиллаж байна. 

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

-Туршлагагүй залуусыг олноор нь нэр дэвшүүлж болж байна уу? 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

-Бүх сонгуулийн сурталчилгааны хугацааг багасгаж байгаа. Их хурлын сурталчилгаа 22 хоног, орон нутгийнх 15 хоног гэж богиносгосон. Нутгийн өөрөө удирдах ёсны удирдлагад нэр дэвшигчид насны хязгаар тавиагүй. Бид хандлагаа өөрчилмөөр байгаа юм. Энэ бол улс төрийн сонгууль биш. 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Х.Нямбаатар: -Төслийн 33.1.6 дээр дүүргийн Иргэдийн хурал, сумын иргэдийн хуралд давхар нэр дэвшихийг хориглосон. Нэгээс илүү толйрогт давхар нэр дэвшсэн бол татгалзах үндэслэл болно гэж төсөл дээр суусан байгаа.  

Д.Эрдэнэбат: -Бид энэ хуулийг яаран дааран батлах гээд байгаа. Хугацааг багасгаснаас өөр өөрчлөлт гараагүй байна гэж харж байна. Улс төрийн сонгууль биш гэж ярьдаг ч хамгийн их улс төрждөг сонгууль. Сум, аймгийн иргэдийн хуралд хоёуланд нь сонгогдох бололцоогүй болгох зарчмын зөрүүтэй саналыг дэмжээд өгөөрэй. Сумын нэгж бол баг гэдэг зарчмын зөрүүтэй санал ороод унасан. Х.Нямбаатар гишүүн ярихдаа амны алдаа гаргасан нь үнэн шүү. Зүүнхараагийн хулгайчууд гэж хэлж, Төрийн байгуулалтын байнгын хороон дээр гаргасан араншиндаа та уучлалт гуйх ёстой шүү.

Х.Баделхан: -Төрийн албан хаагч нэр дэвшихэд ямар нэгэн шалгуур байна уу? Шилжилт хөдөлгөөнийг яаж зохицуулсан бэ?

Х.Нямбаатар: -Төсөл таван сарын 1 гэж орж ирсэн. Өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороон дээр 10 сард сонгуульд оролцох гэж байгаа хүн бүхэл бүтэн 6 сарын хугацааны өмнө ажлаа өгнө гэдэг байж болохгүй гэж үзсэн, дэмжигдсэнгүй.

Төрийн бүх албан хаагчийг ажлаа өгөхөөр зохицуулсан төсөл явж байна. Шилжилт хөдөлгөөнийг зогсоохгүй бол царцаа гэдэг хэдэн мянган хүнийг зөөдөг байдал үргэлжилнэ. Санал хураахаас 60 хоногийн өмнө шилжилт хөдөлгөөнийг зогсоож, сонгууль дуусмагц хэвийн болгохоор төсөлд тусгасан. 

Камер харахаараа бүгд орон нутгийн сонгуулийг улстөржилтгүй явуулъя гэж ярьж байгаа ч бүгд цаанаа өөр зүйл бодож байгаа.

Зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хурааж байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжсэн саналаар санал хурааж, 47 гишүүн оролцож, 24 нь дэмжиж, 51.1 хувийн саналаар баталлаа.

Ц.Нямдорж: -Гишүүдийн ирцээ бүрдүүлэх хэрэгтэй. Ялангуяа сонгуулийн тухай хууль ярьж байхад. Арай дэндэж байна. Тэр ширээ бүхэлдээ атомын бөмбөг хаячихсан юм шиг байна шүү дээ. Одоо арваадхан хоног байна. Чуулганы хуралдаантай үед ажил төрлөө зохицуулаад явмаар байна. Арчаагүй байдалтай байна. Энд суухгүй юм бол яах гэж сонгогдсон юм бэ.

Л.Энх-Амгалан: -Өглөөний ирцээрээ хуралдаан үргэлжилж байна.

Зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт үргэлжилж байна.

Чуулганы хуралдаан түр завларлалаа.

11 : 29
2020-1-23

Хүний эрхийн үндэсний комисс унтаа байдлаар ажиллаж болохгүй

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхэллээ. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Хүний эрхийн үндэсний комиссын хуулийг анхны хэлэлцүүлгийг хийж байхад зарчмын зөрүүтэй санал ороод дэмжигдсэн. Хэрвээ эрүүдэн шүүсэн байж болзошгүй байвал хуулийн байгууллагын албан тушаалтныг Хүний эрхийн комисс шууд үүрэгт ажлаас нь түдгэлзүүлнэ гэсэн. Эрүүдэн шүүсэн гэдэг нь хэн тогтоох нь болон болзошгүй гэдэг нь ойлгомжгүй. Хамгийн гол нь хэрэг бүртгэл мөрдөн байцаах ажиллагаа явуулж буй этгээдэд гомдол гаргахад мөрдөн байцаалтын нууц гэж юм байхгүй болчихож байгаа юм. Энэ асуудлыг шүүмжилсэн. Энийг яаж оруулж шийдсэн бэ?

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

-26.1.7-д эрүү шүүлт явуулсан байж болзошгүй албан тушаалтныг албан тушаалаас нь түдгэлзүүлэх асуудлын эцсийн шийдвэрийг Улсын ерөнхий прокурор гаргахаар орж ирж байгаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан зарчмын зөрүүтэй санал хоёр байв. Эхний саналаар үг хэлэх гишүүн байсангүй. Хоёр дахь зарчмын зөрүүтэй саналын талаар О.Баасанхүү, Р.Болд, Т.Аюурсайхан нар үг хэллээ.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

-Саналыг дэмжиж байна. Маш чухал ач холбогдолтой нэртэй мөрдлөө ХЭҮК хуулиа барьж ажиллахгүй байна. Ажлаа хийхгүй учраас аргагүйн эрхэнд хуульд чинь өөрчлөлт оруулаад явж байна. ХЭҮК Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгээр заасан үйл ажиллагаагаа хангалтгүй биелүүлж байна. Ийм унтаа байдлаар ажиллаж болохгүй. Хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй. Эрх баригчдын шийдвэр хүний эрхийг зөрчиж байна уу гэдэгт анхаарал хандуулж ажиллах ёстой. Ямар засгийн газар байгаагаас үл хамаарч, хэн эрх барьж байгаагаас үл хамаарч энэ түгээмэл эрхээ хэрэгжүүлэхээр юу хийж байгаа вэ? Өөр өөрсөддөө дүгнэлт хийж, иргэд болон иргэний нийгмийн байгууллагатайгаа хамтарч маш идэвхтэй ажиллах хэрэгтэй.

Энэ асуудлаар санал хураалт явуулахад 53 гишүүн оролцож, 31 нь дэмжиж, 58,5 хувийн саналаар батлагдлаа. 

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн бүхэлд нь баталъя гэсэн саналын томъёоллоор санал хураахад 53 гишүүн оролцож, 31 нь дэмжин, 58.5 хувийн саналаар батлагдлаа. 

Мөн хамт өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийг тус тусад нь дэмжин батлав.

 

11 : 16
2020-1-23

Барааны тэмдгийг барьцаалж зээл авах боломж бүрдэнэ

УИХ-ын гишүүд Оюуны өмчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

-Оюуны өмчийг айлын шоовдор хүүхэд шиг үзээд өнөөдрийг хүрсэн. Эдийн засгийг төрөлжүүлэхэд хамгийн гол түлхэц болдог салбар. Тийм учраас гадаадын хөрөнгө оруулагчид хамгийн түрүүнд орж ирээд "Та нар манай оюуны өмчийг хамгаалж чадах уу?” гэж асуудаг. Энэ хууль эцсийн хэлэлцүүлгээр батлагдавал материаллаг бус баялгийг барьцаанд тавих, оюуны өмчийн мэргэжлийн үнэлгээчид бий болж, барааны тэмдгийг барьцаалж зээл авах боломж бүрдэнэ. Оюуны өмчийн биржийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгоод хийх боломжтой.

УИХ-ын гишүүн Н.Болорчулуун:

-Монгол Улсаас жилд хичнээн бүтээл, шинэ санаа Дэлхийн Оюуны өмчийн гэрчилгээ авч, бүртгэгддэг вэ? Дэлхийд хичнээн оюуны бүтээл бүртгэгдсэн тоо байдаг вэ?

Оюуны өмчийн газар н.Урангэрэл:

-Жилд 180 орчим бүтээл бүртгэгддэг. Ашигтай тэмдэгт 300 гаруй бүртгэгддэг. Олон улсад 10-аад шинэ бүтээл бүртгэгдсэн байдаг. Монгол Улсын 20-иод барааны тэмдэг олон улсад бүртгэлтэй.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Хуулийн төслийг харахад бүтэц зохион байгуулалт, маргаан шийдвэрлэх асуудлыг түлхүү оруулсан байна гэж харж байна. Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд ахална гэсэн байна. Ерөнхий сайдгүй үндэсний зөвлөл байхгүй боллоо. Зөвхөн үндэсний зөвлөл ахалдаг болчихвол ажил нь хэцүүднэ. Салбарын сайд нь ахлаад явахад болохгүй зүйл байхгүй. Энэ асуудлыг эргэж хараач ээ.

Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг:

-Оюуны өмчийн салбар нь дан ганц хууль зүйн асуудал гэхээсээ илүү эрүүл мэнд, боловсрол гэх мэт хөндөгдөхгүй салбар байхгүй учраас бүгдийг уялдуулах үүднээс Ерөнхий сайдаар ахлуулъя гэсэн. Оюуны өмчийн эдийг засгийн эргэлтэд оруулах татвар, үйл ажиллагаа нь тодорхой байхаас гадна гарч буй маргааныг шүүхийн бус журмаар шийдвэрлэх бүтцийг тодорхой болгож байгаа юм. Монгол Улс оюуны өмчийн чиглэлээр 16 гэрээ, конвенцэд нэгдэн орсон. Оюуны өмчийн байгууллагад бүртгүүлсэн зүйл нь аль нэг улсад зөрчигдөх зүйл гарвал гэрээ конвенцэд нэгдэн орсны дагуу манай оюуны өмчийн бүтээлийг хамгаалах үүрэг хүлээдэг. Эдийн засгийг солонгоруулах, гадаадын байгууллагуудын оюуны өмчийг хамгаалах боломж бүрдэнэ.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

-Оюуны өмчийн асуудал өнгөрсөн хугацаанд суурь хуульгүй байсан. Нэг яаманд харъяалуулах боломжгүй асуудал. Ерөнхий сайдаар ахлуулснаар оюуны өмчийн асуудлыг илүү үндэсний хэмжээнд анхааруулъя гэсэн юм.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Олон улсын гэрээ конвецтэй нэгдсэнтэй уялдан ямар хэмжээний зохион байгуулалт хийгдэх вэ? Миний шавь Өсөхжаргал олон улсад монгол нэртэй сунгалтын дасгалын төрөл бий болгосон. Дэлхийн 20 гаруй улсад уригдаад хичээл заадаг, Монголд байгуулсан клуб дугуйланд нь хүмүүс хамрагддаг. Гэвч оюуны өмчийг патентаа авч чаддаггүй юм байна.

УИХ-ын гишүүн Н.Учрал: 

-Манай улс 1979 онд Дэлхийн оюуны өмчийн байгууллагын гишүүнээр элссэн. Гишүүн орны хувьд утга зохиол, урлагийн бүтээлийг хамгаалах конвенц, бүтээгдэхүүний ашигтай загвар, шинэ бүтээгдэхүүнийг баталгаажуулж буй Парисын хэлэлцээрт нэгдсэн орон гэдэг утгаар шинэ патент зөвшөөрөл баталгаажаад явдаг. Шинэ төрөл дасгал гаргаж байгаа бол тэр онцлогоо харуулсан бүтээлээ Оюуны өмчийн газар, Дэлхийн оюуны өмчийн газарт бүртгэлээд явах боломжтой. Дэлхийн оюуны өмчийн газраас "Танай улсын хоёр эрдэмтэг шинэ технологио явуулсан. Америкийн хоёр компаниас хөрөнгө оруулах хүсэлт ирүүлсэн. Монгол Улс инновацийн индексээр 14 байр урагшилсан. Танай төр засгийн удирдлагууд баярлаж байгаа  биз дээ гэсэн. Баярлаж байгаа гэсэн, энэ ч утгаараа хуулийг баталж өгч байгаа.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

-Инновацийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төсөл санаачлагч татаж авъя гэсэн. Манай байнгын хороон дээр энэ хууль дэмжлэг аваагүй. Хуулийн зөрчил гарах вий анхаараарай.

Нэг зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураахад 57 гишүүнээс 38 гишүүн зөвшөөрч, 68,6 хувийн саналаар батлагдлаа. Мөн хамт өргөн баригдсан хуулийн төслүүд 63.5 хувийн саналаар батлагдлаа.

10 : 44
2020-1-23

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

чуулган-УИХ-5

Улсын Их Хурлын чуулганы Пүрэв гариг (2020.01.23)-ний нэгдсэн эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд: Үүнд,

  1. Оюуны өмчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;
  2. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;
  3. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  4. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
  5. “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  6. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  7. Монгол Улсын “Эрдэнэсийн сан”-гийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2020 оны төсвийн тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Хаалттай/;
  8. “Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл багтсан юм.

Пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асуулаа. Т.Аюурсайхан гишүүн хэлэхдээ, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлуудыг хуулийн хугацаанд нь хэлэлцэх ёстой. Хууль ноцтой зөрчигдөөд байхад Их хурлын удирдлагууд ямар байдлаар хандаж байна? Яагаад хуулийг өөр өөрийнхөөрөө зөрчөөд байдаг юм бэ? гэж асуув.

УИХ-ын дэд дарга А.Энх-Амгалан УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлдзүүлэх тухай асуудлыг эхлээд УИХ-ын Халдашгүй байлын дэд хороо, дараа нь Хууль зүйн байнгын хороо хэлэлцэж, эцэст нь Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэх ёстой. Халдашгүй байдлын хороо 48 цагийн хуулийн хугацаандаа асуудлыг эхэлсэн. Бүрэлдэхүүнийг бүрэн байхад энэ бичгийг өгөх ёстой гэсэн үндэслэл хэлж байгаа” гэж хариуллаа.

Б.Бат-Эрдэнэ гишүүний асуултад хариулахдаа “Ёс зүйн дэд хорооны дүрмийг батлах эрх нь танд өөрт байгаа. Ирцээ бүрдүүлээд, дэд хорооны дүрмээ батлах ёстой. Ёс зүйн дүрэмтэй байна. Хаврын чуулган завсарлахаас өмнө УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг батлах асуудлаар хэлэлцэх шийдвэрлэх боломжтой” гэв.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ИХ ЗӨВ 2020-01-23 119.40.98.177

Х.НЯМБААТАР – Орон нутгийн сонгууль угтаа улс төрийн сонгууль биш, нутгийн өөрөө удирдах ёсны төлөөллөө сонгож байгаа. М.ЭНХБОЛД – Улстөржилтийг багасгахын тулд төрийн байгууллагаас шууд нэр дэвшүүлж болдоггүй юм уу?
Хамгийн их улс төрждөг сонгууль бол орон нутгийн ИТХ-ын сонгууль.

Avatar

ИХ ЗӨВ 2020-01-23 119.40.98.177

Орон нутгийн сонгууль улс төрийн сонгууль биш юм бол намуудаас нэр дэвшүүлэхгүй ээ. Хамгийн их улс төрждөг сонгууль гэж М.Энхболд зөв хэлжээ. Иймд ИРГЭД ТӨЛӨӨЛӨГЧӨӨ СОНГОХЫН ТУЛД БАГ, ХЭСГИЙН ХОРООНЫ ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ЭХЛЭН СОНГОХ БА ТЭД ДУНДААСАА СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ХУРЛАА СОНГОХ, ТҮҮНЧЛЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ХУРЛААС АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ХУРЛЫГ СОНГОХ ХЭРЭГТЭЙ. МАНДАТЫН ТООГ СОНГУУЛИЙН НАСНЫ ИРГЭДИЙН ТООНООС ХАМААРУУЛАН ТОГТООЖ ӨГВӨЛ ЗӨВ БОЛНО ДОО.

Avatar

Зочин 2020-01-23 124.158.107.35

урагшгүй шаарнууд шүү шинэчлэл хэрэгтэй энэ хуралд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж