Кувейттэй хөдөлмөрийн салбарт хамтрах боломжтой

Хуучирсан мэдээ: 2015.10.19-нд нийтлэгдсэн

Кувейттэй хөдөлмөрийн салбарт хамтрах боломжтой

 

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан Кувейт улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Халид Иатим Аль Фадлиг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтын эхэнд Г.Баярсайхан сайд олон жилийн баялаг түүхтэй Кувейт, Монголын харилцааны гүүр болж буй Элчин сайдад талархал илэрхийлээд Булангийн орнуудаас Монголтой хамгийн ойр, хамгийн том түнш болсон Кувейт улс хүнд хэцүү цаг үед үргэлж халуун сэтгэлээр гар сунган тусладагт баярлаж явдгаа хэлсэн юм. Мөн тэрбээр “Өмнөх парламентад Монгол-Кувейтийн парламентын бүлгийн гишүүнээр ажиллаж байсны хувьд танай сайхан оронд айлчилж, хөгжил цэцэглэлт, их бүтээн байгуулалтыг тань нүдээр үзэх завшаан тохиосонд баяртай явдаг. Танай улсаас бидэнд суралцах зүйл олон бий. Хамгийн наад зах нь газрын тосны баялаг нөөцөө ард түмэндээ, улс эх орондоо өгөөжтэй зөв зарцуулж чаддаг туршлагаас бид суралцах ёстой юм. Кувейт улс Монголд ялангуяа дэд бүтцийн салбарт олон чухал төсөл хөтөлбөр хэрэгжүүлснийг бид мэднэ. Цаашид хамтын ажиллагаагаа зөвхөн зээл тусламжаар хязгаарлах биш хөрөнгө оруулалтыг дэмжих замаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглүүлэх сонирхолтой байна” гэсэн юм. Г.Баярсайхан сайд хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлэхийн тулд Монголын Хөдөлмөрийн яам, Кувейтийн Нийгэм, хөдөлмөрийн яамны хооронд холбоо тогтоон хамтран ажиллах боломжтой гэдгийг хэлж байлаа.

 

Кувейт улс нь 1962 оноос эхлэн Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангаар дамжуулан дэлхийн 84 улсад хөрөнгө оруулалт тусламжийн ажлыг хийж ирсэн байна. Монгол Улс ч тэдний нэг. Кувейтийн хөгжлийн сангийн санхүүжилтээр дөрвөн том төсөл хэрэгжүүлсний гурав нь замын бүтээн байгуулалттай холбоотой, харин нэг нь Тайширын усан цахилгаан станцын төсөл гэдгийг Элчин сайд яриандаа онцолсон. Мөн парламентын ордон барихад зориулан хөрөнгө гаргахаар болсон ч Монголын талаас шалтгаалан өнөөг хүртэл асуудлаа шийдэж чадаагүй байгааг ч уулзалтын үеэр дурдаж байлаа.

 

Элчин сайд Халид Иатим Аль Фадли “Кувейт-Монголын харилцаа олон салбарт амжилттай хөгжиж байна. Таны тэргүүлж буй Хөдөлмөрийн яамтай бүхий л түвшинд хамтран ажиллах боломж мөн сонирхол ч манайханд байгаа. Хэдийгээр Кувейт 18 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтай, хүн ам цөөтэй жижиг улс ч бүтээн байгуулалтын ажлууд зогсолтгүй үргэлжилж, дэлхийн 120 үндэстэнг эх орондоо урьж бүтээн байгуулалтын ажилдаа оролцуулж байна” хэмээн мэдээлэл өгсөн юм.

 

Г.ДАРЬ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж