УИХ-ын дарга Элчин сайд Женифэр З.Гаалтыг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2015.10.19-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга Элчин сайд Женифэр З.Гаалтыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.10.19/ Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифэр З.Гаалтыг хүлээн авч уулзав.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд 2015 онд Худалдаа, хөрөнгө оруулалтын ерөнхий хэлэлцээрийн ээлжит хуралдаан, Монгол, Америкийн Эдийн засгийн бодлогын зөвлөлдөх уулзалтын анхны хурал болсон. Энэ оны 9 дүгээр сард Монгол Улсын Гадаад хэргийн яам, Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департамент хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалт  зохиогдсон болохыг онцлоод хоёр талын идэвхтэй хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн Монгол, АНУ, Японы гурван талт уулзалтыг НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы үеэр амжилттай зохион байгуулсан болохыг дурдаад цаашид гурван талт уулзалтыг тогтмолжуулахын чухлыг онцлон тэмдэглэсэн юм.

Элчин сайд Женифэр З.Гаалт, Улсын Их Хурлын даргыг цаг гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлсэн юм. Мөн тэрээр, Америкийн Нэгдсэн Улс, Монгол Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт амжилтай хөгжиж байгааг дурдаад, Элчин сайдаар ажиллах хугацаандаа хүчин чармайлт гарган ажиллах болно гэлээ.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Америкийн парламентийн бүлгийн гишүүн О.Баасанхүү болон албаны бусад хүмүүс оролцов хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж