Үнсээ хог биш мөнгө болгоё, ХОТЫН ДАРГА АА!

Хуучирсан мэдээ: 2020.01.23-нд нийтлэгдсэн

Үнсээ хог биш мөнгө болгоё, ХОТЫН ДАРГА АА!

Үнсээ хог биш мөнгө болгоё, ХОТЫН ДАРГА АА!

Түүхий нүүрс түлэхийг хориглож, шахмал түлш хэрэглэснээр Улаанбаатарын агаар цэвэршихгүй юм. Утаанаас гадна үнс, тоос, шороо агаарт дэгдэж, нийслэлчүүдийн эрүүл мэндийн "аранга" болдог. Нийслэлийн гэр хорооллынхны "үйлдвэрлэдэг" үнсний асуудлыг Улаанчулуутад аваачиж асгаснаар асуудал шийдэгдэхгүй.

Үнс хог хаягдлаа ил задгай хаяснаас болж, хавар саарал шуурга шуурч, газрын хөрсийг бохирдуулаад зогсохгүй элдэв өвчний нян тээгч болж хувирдаг. Амьсгалын замын халдварт өвчин, улаан хоолой, сүрьеэ, уушгины хорт хавдраар өвчлөх үндсэн шалтгаан үнс гэнэ. Өөрөөр хэлбэл, нүдэнд үл үзэгдэх нарийн ширхэгт РМ10 тоосонцор агаарт дэгдэж амьсгалын замаар дамжин хүний эрүүл мэндэд заналхийлсэн, чимээгүй дайсан нь болдог гэсэн үг.

Улаанбаатар хотын агаарт байгаа нарийн ширхэг РМ10 тоосонцрын эх үүсвэрийн 58.1 хувь нь гэрийн зуух, 19.2 хувь нь хог хаягдлаас үүдэлтэй аж.

Сайжруулах шахмал түлшийг түлснээр үнс их гарах болсныг гэр хорооллынхон баталж байна. Тэгвэл шахмал түлшний 20 гаруй хувь үнс буюу түлшний нийт жингийнх нь 20 гаруй хувьд шатдаггүй органик бус нэгдэл гэх тооцоо гарсан. Өөрөөр хэлбэл, шахмал түлшнээс гарах үнсний хэмжээ ердийн нүүрс түлснээс бага зэрэг илүү байдаг аж. Судалгаанаас харвал нэг өрх жилд дунджаар 3-5 тонн нүүрс түлдэг ба шаталтын үлдэгдлийг дээрх агууламжаар нь тооцоод үзвэл 100-160 мянган тонн үнс хаягдал болон гардаг байна.

Гэр хорооллын айл өрхүүдээс гарч буй хог хаягдлын 60-70 хувийг үнс эзэлж байгаа юм. Энэ хэрээр хогийн цэгүүд ч бас ачааллаа дийлэхгүйд хүрч, хог хаягдлын дийлэнх хувийг үнс эзлэх болжээ. Тодруулбал, Улаанбаатар хотод төвлөрсөн гурван том хогийн цэг байдаг. Морингийн даваа, Нарангийн энгэр, Улаанчулуутын хогийн цэгт дунджаар 300 мянга орчим тонн үнс цугларч, хог хаягдлыг 70 хувийг эзэлдэг аж.

Холбоотой мэдээ

Үнсэнд хордсон Улаанчулуутынхан

Үнсэнд хордсон Улаанчулуутынхан

Утаанаас илүү эрүүл мэндийн дайсан болсон үнсээ Улаанчулуутад аваачаад хог болгох уу, эсвэл мөнгө болгох уу. Хаягдал үнсээ эдийн засгийн эргэлтэлд оруулж, мөнгө болгох боломж бий. Гадаадын улс орнууд үнсийг мөнгө гэж хардаг бол Монголд хог хаягдал, агаар орчны бохирдлын гол эх үүсвэр болоод байгаа. Тиймээс нийслэлийн гэр хорооллоос "үйлдвэрлэж" буй олон мянган тонн үнсийг мөнгө болгох ямар боломж бийг сурвалжилсан юм.

ҮНС БОЛ МАШ ҮНЭТЭЙ ТҮҮХИЙ ЭД

Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал, Монгол Улсын зөвлөх инженер О.ЛХАГВАДОРЖ:

Аргалын, модны, нүүрсний, түлшний гээд үнс бүр ялгаатай ч барилгын материалд ашиглаж болдог. Хог хаягдал мэт боловч байгалиас бидэнд заяасан их үнэтэй түүхий эд. Цахилгаан станцуудаас гарч буй үнсийг тоосго, бетон зуурмаг, айл өрхүүдийн хашаа болох блок, цемент, хуурай хийц, керамзит зэрэг таван өөр чиглэлийн үйлдвэрт туршихад амжилттай болсон. Олон үйлдвэр үнс ашиглаж барилгын материал үйлдвэрлэж байна. Даанч цахилгаан станцуудаас гарч буй маш нарийн ширхэгтэй дэгдэмхий үнс маш бага гардаг. Жилдээ 300 мянган тонн үнс гаргаж байгаа нь үйлдвэрүүдэд хангалтгүй. Харин өвөл барилгын ажил зогсоход үйлдвэрүүд ч бас амралтын горимд шилждэг. Үүнээс болж цахилгаан станцууд өвөл ашигтай нарийн ширхэгтэй үнсээ хаядаг тул үнсэн сангууд дүүрэх маш том асуудал үүсч байна.

Гэтэл хоёр дахь үнсний асуудал гарч ирсэн. Энэ бол сайжруулсан шахмал түлшнээс гарч буй үнс. Гэр хорооллын айл өрхүүд дөрвөн төрлийн зууханд сайжруулсан түлшийг хэрэглэж байна.

Төслийн болон уламжлалт, монгол инженерүүдийн бүтээсэн зэрэг дөрвөн төрлийн зуухаас өөр, өөр үнс гардаг. Галлагаа, соролтоос болж гүйцэд болон дутуу шатдаг үнснүүдээс дээж авч ШУА-ийн Хими, технологийн хүрээлэн шинжилгээ хийсэн. Тус хүрээлэн үнсний химийн найрлага, цацраг, физик механикийн шинжилгээ хийж хариу нь гарсан байгаа. Энэхүү судалгааны дүнгээр айл өрхүүдээс гарч буй үнсийг эхний ээлжид зам талбайд хэрэглэж болно гэдгийг тогтоосон. Харин орон сууцанд ашигладаг блок үйлдвэрлэхэд үнс нь дутуу шаталт ихтэй, үнс дотор шатаагүй нүүрс явж байгаа тул даацын химийн элемент хэрэглэх асуудлыг хойшлуулсан.

Үнс гэхээр хүмүүс цацраг идэвхээс болгоомжилдог. Бүх материал тодорхой хэмжээний цацраг идэвхт бодис агуулдаг. ШУА-ийн Хими, технологийн хүрээлэнгээс хийсэн шинжилгээний хариугаар цацраг идэвхт бодис хамгийн бага хэмжээнд байгаа тул хүний эрүүл мэнд, байгаль орчинд нөлөө байхгүй гэсэн дүгнэлт гарсан. Үнсээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх "Монгол дээвэр" ХХК, "Нэмэх трейд" ХХК гэсэн хоёр үйлдвэр эрх олгосон. Харин айл бүр үнсээ зөв хадгалах менежмент хэрэг болж байна.

Үнсийг зөв хадгалах хамгийн боломжтой хувилбар нь чингэлэг. Дээр нь үнсээ яаж тээвэрлэх вэ гэдэг асуудалд нийслэлээс тээврийн хэрэгсэл гаргасан байна билээ. Бид өмнө нь явган хүний зам талбайг үйлдвэрлэж чаддаггүй байхад урд хөршөөс импортолдог байсан бол одоо дурын бетон үйлдвэр явган хүний зам хийнэ. Үнсээр хөдөө аж ахуйд бордоо болгож хэрэглэдэг, цэвэрлэх байгууламжийн лагийг дарах, ногоон байгууламж байгуулах, барилгын материал үйлдвэрлэж байна.

ИРГЭДЭЭС ЦУГЛУУЛСАН ҮНСИЙГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛАХ БҮРЭН БОЛОМЖТОЙ

Айл өрхүүдээс гарч буй үнсийг цуглуулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслийг энэ жилээс  анх удаа хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд нэгдүгээр сарын 1-ны өдрөөс сайжруулсан түлшний таван шуудай үнс тушаасан иргэн бүрт урамшуулалд нь нэг уут сайжруулсан түлш олгохоор болсон нь иргэдийн дунд хүлээлт үүсгээд буй. Энэ ажил ямар шатандаа хэрэгжиж буй талаар Нийслэлийн агаар орчны бохирдол хариуцсан Засаг даргын орлогч Д.Мөнхжаргалаас тодрууллаа.

-Агаар, хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын айл өрхүүдэд таван шуудай үнс тутамд нэг сайжруулсан шахмал түлш олгох ажлыг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн тухай мэдээлэл байна. Уг ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Агаарын бохирдлын 4-5 орчим хувийг үнс хог, хаягдал, замын тоосжилт бий болгож байгаа. Нэн ялангуяа хаврын улиралд үнс салхинд хийсч хүний эрүүл мэндэд ноцтой нөлөөлж буй агаар, хөрсний бохирдлыг үүсгэдгийг та бүхэн мэдэж байгаа. Тиймээс бид агаарын бохирдлын дөрөв дэх эх үүсвэр болсон замын хөдөлгөөний эрчмээс үүдэлтэй тоосжилтийг бууруулах зорилгоор 2020 оны үндсэн чиглэлд гэр хорооллын дундах хамгийн их хөдөлгөөнтэй замыг сонгон хатуу хучилттай зам тавих ажлыг төлөвлөсөн байгаа. Нөгөө талаар гэр хорооллын үнсийг тусад нь ангилан ялгаж, боловсруулах төслийг боловсруулан нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар дэмжүүлэн туршилтын төслийг Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн дөрвөн хороонд 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлүүлээд байна. Энэ жил Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолоор“Түүхийн нүүрсийг хориглох тухай” шийдвэр гарч, ахуйн хэрэглээнд сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж эхэлсэн.

Үнсийг ангилан ялгах туршилтын төсөл эхлэхээс өмнө судалгааны байгууллагатай хамтран сайжруулсан шахмал түлшний химийн, физикийн, цацраг идэвхт элементийн, уусгалтын гэх мэт нарийн шинжилгээг хийлгэсэн. Үнснийхээ дээжийг ч гэсэн 4 янзаар зөвхөн төслийн зуухны, уламжлалт зуухны, нам даралтын зуухны, холимог гэсэн байдлаар бэлтгэж шинжлүүлсэн. Судалгааны үр дүнгээс үзэхэд шахмал түлшний үнсний хүнд, хортой элементүүдийн агууламж Европын орнууд болон Энэтхэгийн үнсэнд агуулагдах дундаж хэмжээнээс хэтрэхгүй байна, мөн Монгол улсад хэрэглэгддэг барилгын материалын цацраг идэвхт элементийн MNS 5072:2001, MNS 6469:2014 стандартын дагуу сайжруулсан шахмал түлшний үнсийг иргэний болон үйлдвэрлэлийн барилга, зам талбайд шууд ашиглах боломжтой гэсэн дүгнэлт гарсан. /Цацраг идэвхжлийн хэмжээ 167-191 Бк/кг/

Хүнцэл, хар тугалга, цайр никель, хром зэрэг хүнд хорт металлууд агууламж босго түвшнээс бага байгаа учраас аюултай хог хаягдалд орохгүй, ус болон хүчлийн уусмалд хандлагдаагүй учраас газрын хөрсөнд дарж булшлахад байгаль орчинд хортой шүүрэл үүсэхгүй гэсэн учраас газрын нөхөн сэргээлтэнд ч ашиглах боломжтой байгаа.

Бас нэг чухал дүгнэлт бол цацраг идэвхт элементийн шинжилгээ. Хэрэв үнсэнд цацраг идэвхт элементийн хэмжээ их гарсан тохиолдолд үйлдвэрт болон ямар нэгэн барилгын материалд ашиглах боломжгүй. Сайжруулсан түлшний үнсний цацраг идэвхт элементийн хэмжээ барилгын материалын MNS стандартад заасан хэмжээнээс хэтрэхгүй байгаа учраас барилга, зам талбайд шууд ашиглаж болох юм.

-Иргэдийн дунд таван шуудай үнсээ тушаагаад урамшуулалд нь сайн түлшээ хэрхэн авах талаар тодорхой мэдээлэлгүй байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Үнсийг ангилан ялгаж боловсруулах ажил маш том бөгөөд анх удаа хийгдэж буй ажил. Бид ахуйн хэрэглээний хог хаягдлаас үнсээ ангилан ялгаж, эдийн засгийн эргэлтэд оруулах гэж байна шүү дээ. Нөгөө талаас монгол сэтгэлгээгээр үнс бол ариун дагшин зүйл гэж үздэг. Бидний өвөг дээдэс үнсээ хог хаягдалтай хольж хутгадаггүй байсан. Тиймээс энэ уламжлалаа сэргээж үнсээ ангилан ялгаж, савлах, дадал хэвшил болгоход сургалт мэдээлэл өгч, хамтран ажиллах чухал байна.

Одоогоор туршилтын төслийг Чингэлтэй, Сонгинохайран дүүргийн дөрвөн хороонд эхлүүлээд байна. Эдгээр хороодод 5-10 шуудай үнс дутамд 1 уут сайжруулсан түлш бонусанд олгоно. 5,7 байх уу, эсвэл 10 үнс дутамд 1 урамшуулал олгох уу гэдэг нь туршилтын төслөөс тодорхой болно. Сэтгэлийн хөөрлөөр 220 мянган айл өрхийн үнсийг ангилж, тусад нь тээвэрлэнэ гэж асуудалд хандаж болохгүй.

Бидний тооцоолж буйгаар галлагааны улирал дуустал буюу тавдугаар сарын 15 хүртэл туршилтын төслөө хэрэгжүүлж тооцоо, дүгнэлтээ гаргаад ирэх есдүгээр сарын 15-наас 202 мянган айл өрхүүддээ үнс цуглуулж авах, тээвэрлэх ажил хийгдэнэ.

-Төслийн туршилтад нийт хэчнээн айл өрх хамрагдаад байна?

-Төслийг хэрэгжүүлж буй хоёр дүүргийн дөрвөн хороонд нийт 7684 хашаа буюу 11.800 гаруй өрх хамрагдаж байна. Бид 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хороо, дүүргийн ажилтнууд, иргэдэд хэд хэдэн удаагийн сургалт явуулсан. Цаашид сургалтыг графикийн дагуу олон дахин явуулж, иргэдэд мэдээлэл өгч, ач холбогдлыг нь таниулж, хамтын оролцоо, дэмжлэгийг бий болгох хэрэгтэй байна. Энэ жил цэвэр агаартай хотын төлөө хүн бүр хүчин зүтгэсэн шиг эрүүл ая тухтай, аюулгүй орчныг бий болгоход иргэн бүрийн оролцоо маш чухал. Бидний төлөвлөснөөр тогтсон цагийн хуваариар, графикийн дагуу GPS төхөөрөмж бүхий ТҮК-ийн машинаар тээвэрлэлтийг хийж, ажлын зураг авалт хийнэ. Сайжруулсан түлшний хэрэглээ болон гарч буй үнсний хэмжээг бас бодит байдал дээр тооцоолж гаргаснаар дараа дараагийн шийдвэрүүдээ гаргах боломжтой.

-Төсөлд хамрагдсан айл өрхүүдээс судалгаа авч байв уу. Уг төслийг иргэд хэрхэн хүлээн авч байна?

-Судалгааны ажлууд хийсэн. Иргэдийн зүгээс эерэг хүлээн авч дэмжиж байна. Зөвхөн таван шуудай үнсээ ангилан ялгаж, урамшуулал авахаасаа илүүтэй Улаанбаатар хотоо амьдрахад таатай, аюулгүй, цэвэр, хоггүй хот болгох эх оронч сэтгэлгээ ахмад, залуу, үеийнхний дунд их байгаа учраас үнсний төслийг иргэдийн ихэнх нь дэмжиж байна.

-Айлуудаас үнс цуглуулах, урамшуулал олгох ажлыг туршилтаар хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах өдрөө товлосон уу. Иргэдийн хувьд хогоо ачуулах үедээ үнсээ өгөх юм уу гэдэг асуултыг тавьж буй?

-Энэ төслийн хүрээнд хог хаягдлын менежментийн асуудлыг цогцоор нь харж байгаа. Өөрөөр хэлбэл, хог хаягдлын менежмент учир дутагдалтай байгаа учраас алдагдалтай ажиллаж жил бүр нийслэлээс 20 гаруй тэрбум төгрөгийн татаас авдаг.Тиймээс хог хаягдлын менежментийг цогцоор нь сайжруулж, төлбөр хураамжийг нэмэгдүүлэх, санхүүгийн чадавхийг сайжруулах, хог хаягдлаа тогтсон хуваарийн дагуу цаг тухайд нь авдаг болгох, түүнийг нь удирдлагын ухаалаг системээр хянах, хог хаягдлын боловсруулалтын нэмэгдүүлэхэд Үнсний төсөл бүхэлдээ чиглэж байна. Өнөөдөр дүүргүүд хог хаягдлаа цаг хугацаанд нь авсангүй, хогондоо дарагдлаа гэсэн гомдол санал иргэдээс их ирдэг шүү дээ. Энэ нь нэгдсэн удирдлагын системтэй болох шаардлагатай гэдгийг л харуулж байна. Туршилтын дөрвөн хорооны тухайд сайжруулсан түлшний урамшууллыг ухаалаг системээр дамжуулан олгохоор төлөвлөж байна.

-Иргэдээс цуглуулсан үнсээр эко хавтан, явган хүний зам талбай үйлдвэрлэх төсөлд нийт хэдий хэр хөрөнгө шаардлагатай байна вэ?

-Дөрвөн хороонд хэрэгжиж буй туршилтын төслийн санхүүжилт Щвейцарийн Хөгжлийн агентлагийн буцалтгүй тусламжаар хэрэгжиж байна. Гэр хорооллын бүх хороонд хэрэгжих санхүүжилтийн тооцоо туршилтын төслийн явцад нарийвчилсан байдлаар гарах учраас одоогоор тодорхой тоо хэлэх боломжгүй байна.

Үнсээ тушаах ажил эхний нэг, хоёр жилдээ урамшуулал, мотивацитайгаар явах болов уу. Гадаадын улс орнуудад үнс бол мөнгө. Тиймээс цаашлаад үнсээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй компаниуд зах зээлийн зарчмаараа үнсээ эдийн засгийн эргэлтэнд оруулаад явна.

Үнс бол барилгын чухал материал. Үнсийг барилгын материалд ашиглаж, бүтээгдэхүүн болгож үйлдвэрлэснээр импортыг багасгаж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх боломжтой. Үнсээ ашиглаж эхэлснээр хог хаягдалд зарцуулах татаас хөрөнгийг багасгаж болно. Түүнээс илүүтэйгээр эрүүл мэнд, нийгмийн үр өгөөж талаас нь энэ төслийг харж байна.

-Нийгэм, эдийн засагт үр өгөөжөө өгөхөөс гадна агаар, хөрсний  бохирдлыг бууруулахад тодорхой үр дүн өгөх болов уу?

-Үнс хог хаягдлаа ил задгай хаяснаас болж, хавар саарал шуурга шуурч, газрын хөрсийг бохирдуулдаг. Үнсээ ангилж ялгаснаар гэр хорооллын дунд үүссэн 300 гаруй ил задгай хогийн цэгийг ч байхгүй болгоно. Нөгөө талаас хүний эрүүл мэндэд хамгийн ноцтой хохирол учруулж буй элемент нь стандартаас доогуур түвшинд байгаа SO2 хүхэр биш юм. Хамгийн гол нь PM2.5, PM10 гэдэг нарийн, бүдүүн ширхэгт тоосонцор хүний ам, хамраар орж, уушиг, улаан хоолой болон бусад төрлийн хорт хавдар, өвчлөлүүдийг үүсэх гол хүчин зүйл нь болж байна. Хэрэв бид үнсээ ангилж ялгаад боловсруулж эхэлбэл галлагааны бус улиралд агаарын бохирдлыг бууруулах боломжтой.

-Өнгөрсөн оноос эхэлж туршилтаар явган хүний зам талбайд зориулагдсан  эко хавтан үйлдвэрлэсэн. Өөр ямар туршилт хийсэн бэ?

-Бид явган хүний зам талбайд ашиглах эко хавтан, замын хавтан үйлдвэрлэх туршилтыг Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран хийлээ. Мөн бетон зуурмагийн үйлдвэрт түүхий эд болгох чиглэлээр үйлдвэрлэл явуулж  буй компанитай хамтран ажиллаж байна.

Үнс бол байгалийн эрдэс буюу барилгын чухал материал. Гаднын улс орнуудад бол цементтэй адилтгахаар үнэтэй байдаг юм байна. Өнгөрсөн зун НБОГ-тай хамтран цахилгаан станцын үнсэн сан дээр ногоон байгууламж байгуулах ажлыг туршиж, туршилт амжилттай болсон. Тиймээс газрын нөхөн сэргээлтэнд ашиглах ч боломжийг судлаж байна гэлээ.

Гэр хорооллын айл өрхүүдээс гарч буй үнсээр барилгын материал, явган хүний зам, эко хавтан үйлдвэрлэх нь хүний эрүүл мэндэд хор нөлөөтэй юу гэх асуудал урган гарч буй. ШУА-ийн Хими, технологийн хүрээлэнгээс сайжруулсан түлшнээс гарсан үнснээс дээж авч шинжилгээ хийхэд барилгын материал үйлдвэрлэхэд хор нөлөөгүй болох нь батлагджээ.  Иргэд үнсээ зөв хадгалж, ангилан ялгаж чадвал санхүүгээ ч хэмнэх боломжтой гэдгийг зарим иргэн баталж байв.

ҮНСЭЭ ЗӨВ АШИГЛАЖ ЧАДВАЛ ЭДИЙН ЗАСАГТ Ч ХЭМНЭЛТТЭЙ

СХД-ийн 28 дугаар хорооны иргэн Х.ӨГӨӨДЭЙ: 

-Сайжруулсан шахмал түлшнээс их үнс гардаг. Үнсээ тушаагаад урамшуулал авна гэдгийг дэмжиж байгаа. Үнсийг зөв ашиглаж чадвал хашаагаа ч тохижуулж чадна. Барилга дээр ч ашиглаж байдаг. Манайх үнсийг дулаахан гэдэг утгаар нь шавартай хольж блок хийж, дулаан гарааш барьсан. Үнсийг зөв ашиглавал бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадна. Өвөө маань блокны машинтай, манай аав мужаан учраас үнсээ хайрга, шавартай хольж блок гаргасан. Үнс ашиглаж гарааш барихад ч дулаахан. Дээр нь бат бөх. Хүмүүсийн хувьд үнсээ ихэвчлэн өглөөгүүр гудамжинд асгаж хаяж байгаа нь харагддаг. Энэ бол маш буруу.

Иргэн Б.ХАНХҮҮ: 

Үнсээ тушаагаад урамшуулалд нь түлш авахыг дэмжинэ. Ихэнхдээ үнсээ ахуйн хог хаягдалтайгаа цуг поошгинд хаяж, хогны машинд ачуулдаг.

Хэрэв урамшуулал олгоод эхэлбэл хэн ч үнсээ дуртайяа ангилан ялгана шүү дээ. Сайжруулсан түлшнээс их үнс гардаг болохоор хогны машин ирэх хүртэл үнсээ яах вэ гэдэг асуудал гардаг.

Иргэн Б.ЭРБОЛД: 

-Түлшнээс их үнс гардаг. Хавар гэхэд үнс бужигнаж шуураад  хэцүү байдаг л даа. Үнсээ тушаагаад түлш авна гэдгийг дэмжиж байгаа. Гэхдээ хэрэгжиж эхэлсэн үгүйг нь мэдэхгүй байна.

Манай энд лав айлуудаас үнс цуглуулж аваагүй. Гэхдээ хүмүүс ухамсартай байж аль болох гудамжинд үнсээ хаяхгүй байх хэрэгтэй гэж бодож байна. Гудамжинд үнсээ гаргаж хаях нь буруу гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж