Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилга энэ сарын 7-нд буюу XVII жарны модон хонь жилийн намрын дунд хөхөгчин тахиа сарын 25-ны билэгт сайн өдөр Цэцээ гүний оргилд болсон билээ. Тухайн өдөр цас орж, цаг агаар таагүй байсан. Гэсэн ч Монгол Улсын төрийн тэргүүнээс эхлээд бусад хүмүүс Цэцээ гүн рүү алхаж гарсан билээ. Гэтэл тахилгын дараа НИТХ-ын дарга болон ажлын албаны хүмүүс Цэцээ гүний оргилд нисдэг тэрэг хөлөглөн очсон гэх мэдээлэл цацагдсан. Харин тахилгад оролцохоор явсан зарим хүмүүс НИТХ-ын дарга Д.Баттулгыг Цэцээ гүн рүү алхаж очсоныг батлах гэрэл зургийг дэлгэжээ. Энэ нь нисдэг тэрэг хөлөглөн төрийн тахилгад оролцоогүй гэдгийг нь батлах баримт юм. Харин нисдэг тэргээр тахилгын ёслолд ном хурах лам нар, идээ, шүүсээ авч гарсан аж.
Д.ЖАГАР