Алт тушаалт буурах уу? | News.MN

Алт тушаалт буурах уу?

Алт тушаалт буурах уу?

2020 ОНЫ ЭХНИЙ УЛИРАЛД УНЦИ АЛТ 1600 АМ.ДОЛЛАР ДАВЖ ӨСӨХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

АНУ-ын эдийн засаг дэлхийн эдийн засаг, алтны ханшийн чиглэлийг тодорхойлж байгаа ч алтны урсгал тус улс руу бус, Хятад руу аажмаар шилжиж байна. Хоёр том гүрний “худалдааны дайн” нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг сааруулж, улмаар алтны ханш өсөхөд нөлөөлж буй юм. ОУВС-гаас өнгөрсөн 2019 онд дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаглалыг бууруулсан. Энэхүү таамаглал өмнөх оны санхүүгийн зах зээлийн хямралаас хойшхи хамгийн бага түвшинд хүрсэн билээ. 2009 оны хямралаас өмнө буюу АНУ-ын хөрөнгийн зах зээл өсөлттэй, бодлогын хүү өндөр байх үед ам.долларын ханш чанга байсан тул төв банкууд алтны нөөцөө бууруулсаар ирсэн.

“BNP Paribas”-ын таамагласнаар, АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ бууруулсан нь алтны ханш өсөхөд нөлөөлж, 2020 оны эхний улиралд унци нь 1600 ам.доллар давж өсөх төлөвтэй байгаа ажээ. Түүхий эдийн шинжээчдийн үзэж буйгаар, энэ оны зургаадугаар сар хүртэл Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ дөрвөн удаа 0.25 хувиар бууруулж, алтны ханшийг дэмжих магадлалтай юм байна.

Өнгөрсөн оны долоодугаар сард АНУ-ын Төв банкны бодлого тодорхойлогчид хямралын үеэс хойш анх удаа буюу 10 гаруй жилийн дараа бодлогын хүүг бууруулахаар шийдвэрлэсэн. Үүний улмаас хөрөнгө оруулагчдын хувьд алтанд хөрөнгө оруулах сонирхол нь нэмэгджээ.

Өнөөдрийн байдлаар, олон улсын зах зээлд алтны ханш 1550 гаруй ам.долларт хэлбэлзэж байна. Энэ нь он гарснаас хойш 20 хувиар өссөн үзүүлэлт юм.

ЭНЭ ОНД АЛТ ТУШААЛТ БУУРЧ МАГАДГҮЙ

Өнгөрсөн оны сүүлийн саруудад 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 128,002.45 төгрөг байсан бол 2020 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар алт худалдан авах үнэ 136,896.98 төгрөг байна.

Монголбанк дотоодын зах зээлээс худалдаж авах алтны үнийг Лондоны үнэт металлын зах зээлд хамгийн сүүлд зарлагдсан үнээр (London Gold Fix PM, London Silver Fix)  тогтоож байх шийдвэр гаргасан нь алт тушаалтыг нэмэгдүүлэх оновчтой арга байсныг эдийн засагчид өгүүлдэг.

Монголбанкнаас өнгөрсөн 2019 оны дөрөвдүгээр сарын 08-нд “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аян эхлүүлсэн. Уг аянаар иргэн, аж ахуйн нэгжийн олборлосон алтыг Монголбанкинд болон арилжааны банкуудад худалдах явцыг идэвхжүүлэх замаар алт худалдан авалтыг нэмэгдүүлэх, иргэд, олон нийтийн дунд алт худалдан авах үйл ажиллагааны талаар сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх, холбогдох хууль, журмыг таниулахад төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллаж буй.

Үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн уналтыг тогтоон барихад алт тушаалт гол үүрэг гүйцэтгэсэн хэвээр байна. Энэ онд алтны тушаалт буурч магадгүй гэсэн “айдас” бийг эдийн засагчид мэдээлж буй юм.

Манай улсад:

-1991 онд “Алт” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн.

-1994 онд Ашигт малтмалын тухай хуулиар АМНАТ-г 1.5-12.5%-иар тогтоосон

-1997 онд “Алт 2000” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн.

1997 онд АМТХ-иар АМНАТ-г алтны үндсэн ордод 2.5%, шороон ордод 7.5%-иар тогтоосон.

-2006 онд АМТХ-иар АМНАТ-ыг 5%-иар тогтоосон.

-2006 онд ЗБҮӨАТТХ-иар алтны үнэ 500$/унциас илүү бол 68% татвар ногдуулсан.

-2008 онд ЗБҮӨАТТХ-иар алтны үнэ 850$/унциас илүү бол 68% татвар ногдуулсан.

-2009 онд ГМУБЭОСУСБГХБАМХАХТХууль (Урт нэртэй) батлагдсан.

-2010 онд АМТХ-иар алтны үнэ 900$/унциас илүү бол 5% хүртэл нэмэлт АМНАТ тогтоосон.

-2011 оноос ЗБҮӨАТТХ (68%) хүчингүй болж, 2014-2019 онд АМТХ-иар АМНАТ-ыг 2.5% болгосон.

-2017 онд “Алт-2” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн бол

-2019 онд АМНАТ-ыг нэмэлтгүйгээр 5% болгосон билээ.

УИХ өнгөрсөн оны гуравдугаар сард алтны роялти татвар 2.5 хувь байсныг 5 хувь болгох шийдвэр гаргасан. Монголбанкны хувьд АМНАТ-ыг 2.5 хувь хэвээр байлгая гэсэн байр суурьтай байв. Хэдийгээр АМНАТ 5 хувь байхаар батлагдсан ч Монголбанкны худалдан авах алтны хэмжээнд сөргөөр нөлөөлөхгүй гэж Төв банк үзсэн билээ.

Улсын хил гаалиар хууль бусаар алт нэвтрүүлэх үйл ажиллагааг бууруулах чиглэлээр Төв банк сүүлийн 2-3 жил хууль хяналтын байгууллагуудтай тогтмол хамтран ажиллаж байгаа ажээ. Монголбанкинд хураагдан улсын орлого болсон алтны хэмжээ жилд 10 орчим килограмм, сүүлийн таван жилд 100 гаруй килограмм байгаа аж.

АЛТ, МӨНГӨН ГУЛДМАЙ ЗЭРЭГ ЦЭВЭРШҮҮЛСЭН БҮТЭЭГДЭХҮҮН ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛНО

Уул уурхай, хүнд үйлдэврийн сайд Д.Сумъяабазар популист маягийн шийдвэрүүд эдийн засагт урхагтай байгааг саяхан “Ил тод уул уурхай” мэдээллийн үеэр онцолсон. Тэрбээр алт тушаалт хэмжээндээ байгааг онцлоод, алтны салбарт бодлого алдагдаж, 30 хувийн алдагдалтай байгаа тул 2020 онд энэ дүнгээ буулгахгүйг хичээж ажиллаж байгаагаа дуулгасан. Мөн алт цэвэршүүлэх үйлдвэрийг зайлшгүй байгуулах шаардлагатай, удахгүй энэ чиглэлээр хууль өргөн барихаа мэдэгдсэн юм.

Манай улс ОХУ, Их Британи, Япон зэрэг улсад алтаа цэвэршүүлж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд Швейцарь улсад цэвэршүүлж буй. Ийнхүү цэвэршүүлж байгаа алтны боловсруулалт, тээвэр, даатгал, хамгаалалтын зардал өндөр байхаас гадна дотооддоо олборлон баяжуулж байгаа алт нь дунджаар 85.0 хувийн агуулгатай, түүнийг олон улсын зах зээлд борлуулахын тулд 99.99 хувийн цэвэр алт болгох шаардлага тулгарч буй юм.

Олон жилийн турш “Алт” хөтөлбөр хэмээн ярьж хэрэгжүүлж ирсэн ч цэвэршүүлэх үйлдвэртэй болоогүй л байгаа манай улсын хувьд уг үйлдвэр эдийн засгийн төдийгүй үндэсний аюулгүй байдлын ач холбогдолтой. Тухайлбал, Монгол Улсын Эрдэнэсийн санг арвижуулах, гадаад валютын улсын нөөц нэмэгдүүлэх, төгрөгийн ханш тогтворжуулахад чухал үүрэгтэй. Мөн өнөөдрийг хүртэл гадаадын улс орнуудад алт, мөнгө цэвэршүүлж, боловсруулж, тээвэрлэж, даатгуулж байгаа зардлыг цогцоор нь хэмнэх, улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зэрэг стратегийн өндөр ач холбогдолтой. Тиймээс ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс 2019 оны 2 дугаар сард зөвлөмж гаргасны дагуу стратегийн ач холбогдол бүхий төслийн жагсаалтад оруулсан билээ.

Алт цэвэршүүлэх үйлдвэрийн ТЭЗҮ-ийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн Боловсруулах үйлдвэрийн салбар зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулсан.

Монгол Улс урьд өмнө Алт цэвэршүүлэх үйлдвэр барьж байгуулж байсан удаагүй учраас туршлага хомс тул өнгөт металлургийн салбарын хамгийн сүүлийн үеийн, инновацийн технологи болох “Үнэт металл цэвэршүүлэх инновацийн технологи”-ийн патент эзэмшигч “Даниель М” ХХК алт цэвэршүүлэх үйлдвэрийн ТЭЗҮ-ийг  боловсруулжээ.

Манай улсад ашиглагдах алт цэвэршүүлэх арга нь мөнгийг вакумд нэрэх технологи, үнэт металл цэвэршүүлэх электрохимийн технологи зэрэг цогц технологи ашигладаг бөгөөд уг арга нь 10-90 хувийн алтны агууламжтай үндсэн болон шороон ордын түүхий эдийг боловсруулж, үйлдвэрийн процессийг богино хугацаанд, бага өртгөөр эцсийн бүтээгдэхүүн гаргаж авдгаараа бусад технологиос ялгардаг гэдгийг мэргэжилтнүүд хэллээ.

Одоогоор Швейцарь улсын Argor – Herous, Япон улсын Тонако, ОХУ-ын ЭЗЦОМ, Австрали, Итали зэрэг дэлхийн тэргүүлэгч үнэт металл боловсруулах үйлдвэрүүд дээрх технологийг үйлдвэрт амжилттай нэвтрүүлэн ашиглаж байгаа аж.

Алт цэвэршүүлэх үйлдвэрийг дотооддоо байгуулж ашиглалтад оруулснаар Монгол Улсын газрын хэвлий доорх  алт, мөнгө, үнэт металлыг өөрсдөө боловсруулж, дэлхийн стандартад нийцсэн алтан болон мөнгөн гулдмай, бэлэг дурсгалын гулдмай, үрэл, ялтас зэрэг цэвэршүүлсэн бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлэж эхлэх юм. Үйлдвэрийг барьж байгуулахад 81,9 сая ам доллар шаардлагатай хэмээн ТЭЗҮ-д тусгасан бөгөөд 2020 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн билээ.

Б.ЖАРГАЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ИРГЭН 2020-01-23 139.5.218.211

Алт олборлоод гадагш гаргаж зараад байгаа юм байхгүй ээ ! Валюттай больё, алт тушаалтыг нэмэгдүүлье гэж бодож байгаам бол хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа ААН-дийг дарамталж, үйл ажиллагааг нь поопорч зогсоодог асуудлаа болих хэрэгтэй !!!
Эсвэл бүр бүгдийг нь хууль гаргаж нөхөн төлбөрийг нь өгөөд, тусгай зөвшөөрлүүдийг нь хурааж нэгмөсөн шийдэх хэрэгтэй !

Avatar

Зочин 2020-01-23 43.228.131.45

алтыг улсдаа өгдөггүй хууль биелүүлдэггүй муу байна?? татвар их гэж шалтаглах хэрэгүй улсын газар доор эрдэнэсийг улсдаа тушаах ёстой?? олборлодог компануудаа үндэсний Монгол компанууд болгоод тоог нь 10 дотор оруулж Төрийн хяналтанд оруулаач ээ?? татвар ноогдуулахаар гадагш нь хулгайгаар гаргаад байдаг вм бишүү???

Avatar

Зочин 2020-01-23 64.119.27.161

chi ch gesen tatvar ihesgevel orlogoo nuuh baih daa tee kk. hugiin garuud

Avatar

Зочин 2020-01-23 202.9.40.75

Хил гаалийнханд улсынхаа төлөө хүн байдаггүй юм даа

Avatar

Зочин 2020-01-23 103.111.68.3

ХУЛГАЙЧУУДААР ХУУЛИА ХИЙЛГЭЭД БАЙХААР ЯАЖ ӨӨДЛӨХӨВ ДЭЭ ЧААВААС.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж