Ажил, хичээл орох, тарах үеэр хамгийн эрэлттэй унаа бол такси байдаг. Гэвч, Монголд таксины үйлчилгээг ихэвчлэн хувийн унаатай "халтуурчид" гүйцэтгэнэ. Тэдгээр халтуурчид голдуу хөдөө орон нутгаас нийслэлд ирсэн ажил, мэргэжилгүйчүүд. "Хаашаа явах вэ" гэж зүг нийцүүлэн шалгаах нь халтуурчид олон. Дээр нь очих газрын хаяг байршлыг мэдэхээсээ мэдэхгүй нь дийлэнх нь. Сүхбаатарын талбайгаас өөр газар мэдэхгүй халтуурчид таксинд явж л байдаг. Энэ бол нийслэлийн такси үйлчилгээний нийтлэг төрх. Халтуурын таксины хувьд үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, тав тухын талаар ярилтгүй. Угааж цэвэрлээгүй машиндаа суулгаж аваад замын хөдөлгөөний зөрчихийг ёстой л утгаар нь үзүүлнэ.Үйлчилгээний хөлс гэж амандаа орсон мөнгөө нэхэхээс гадна үйлчлүүлэгчээ дээрэмдэнэ, зодно.
Уг нь нийслэлд такси үйлчилгээний албан ёсны арван компанийн 585 гаруй такси иргэдэд үйлчилдэг. Гэвч, тэд үнэ ихтэй учраас нийслэлчүүдийн дийлэнх нь хувийн халтуурчдаар үйлчлүүлэхийг хүсдэг. Тэдгээр хувийн халтуурчдын тоо 30-40 мянгад хүрсэн гэх албан бус тоо бий. Тиймээс албан ёсны такси үйлчилгээний компаниуд дампуурахад ойртсон.
Тухайлбал, 2012 онд манай улсад нийт 17 такси компани үйл ажиллагаа явуулж байсан бол 2017 оны байдлаар 10 компани энэ салбарт амь тээн "үлджээ". Албан ёсны таксины компаниуд эрэлт хэрэгцээгээ хангаж чаддаггүй учраас үлдсэн рон зайг нь хувийн таксичид буюу “халтуурчид” дүүргэсээр ирсэн.Энэ бол тэдний буруу ч биш.
Харамсалтай нь, халтуурчдад тавих хяналт сул гэмт хэрэг, дээрэмт өртөх нь элбэг. Хамгийн сүүлд гэхэд энэ сарын 19-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн товчоо орчмоос 23 настай эмэгтэй таксинд суухад жолооч нь цохиж унаган, хүчирхийлж улмаар хоёр ширхэг гар утас, бэлэн мөнгө зэргийг дээрэмдсэн хэрэг гарсан. Дээрх хэргийг Сонгинохайрхан дүүргийн харьяат 29 настай Г гэгч байсныг тогтоосон бөгөөд сэжигтэнд Эрүүгийн хэрэг үүсгэж, цагдан хориод байгаа юм.
2019 оны оны хоёрдугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн цагдаагийн алба хаагчид шөнийн цагаар таксинд явж байхдаа ганцаараа яваа эмэгтэйчүүдийг хүний хөл багатай харанхуй гудамжинд аваачин гар цүнх, бэлэн мөнгө, үнэт эдлэлийг дээрэмддэг бүлэг этгээдүүдийг илрүүлсэн. Мөн таксигаар үйлчлүүлсэн 19 настай эмэгтэйг жолооч нь хүчиндэхийг завдсан тохиолдол ч гарсан. Энэ мэтчилэн “халтуурчид”-тай холбоотой үйлдэгдсэн гэмт хэргийн жишээ олон бий.
ИРГЭД БАТАЛГААТАЙ ТАКСИГААР ҮЙЛЧЛҮҮЛЭХ НЬ ХАМГИЙН ЗӨВ СОНГОЛТ
Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Л.АМАРМӨРӨН: –Нийтийн тээвэртэй холбоотой гэмт хэрэг 2019 онд 214 бүртгэгдсэнээс 54 тохиолдол нь хувиараа такси эрхлэгчидтэй холбоотой. Таксинд үйлдэгдсэн гэмт хэрэг өнгөрсөн 2018 онд 157 хэрэг бүртгэгдсэн бол 2019 онд 103 хэргээр буурсан. Дээрх 54 тохиолдлын 40 орчим хувийг таксинд явж байгаад эд зүйлээ мартаж буух, жолоочид дээрэмдүүлэх тохиолдол эзэлж байгаа бол үлдсэн хувийг мөнгө төгрөгөөс болж хоорондоо муудалцах, жолооч хэл амаар доромжлох, хүч хэрэглэх тохиолдол эзэлж байна. Таксины жолооч иргэнийг хохироож дээрэмдсэн эсхүл хохирогч үйлчлүүлэгч өөрөө таксины жолооч дээрэмдсэн тохиолдол хоёр бүртгэгдсэн. Ер нь цагдаагийн байгууллагад баталгаатай компанийн таксигаар үйлчлүүлээд эд зүйлээ хулгайд алдлаа, хүчирхийлэлд өртлөө гэх өргөдөл, гомдол бараг байдаггүй.
Иргэд баталгаатай таксигаар үйлчлүүлэх нь хамгийн зөв сонголт. Дараа нь буух эзэнтэй. Буцах хаягтай. Ялангуяа охид, эмэгтэйчүүд таксинд суух бол албан ёсны зөвшөөрөлтэй такси дууд.
Хувийн таксинд сууж байгаа бол машины урд, ардах дугаарыг нь заавал харах шаардлагатай. Цагдаагийн байгууллага 2018 оны сүүлээр “Улаанбаатар такси” компанитай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Тус компани 200 гаруй жолоочтой. Нэг ээлжид 50-60 жолооч гардаг. Тэдгээр жолоочид цагдаагийн туслах хүчин болж гэмт, хэрэг зөрчилтэй холбоотой мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 утас руу өгдөг. 2019 онд 50 орчим дуудлага мэдээллийг таксины жолооч нар өгсөн. Жолоочдын өгсөн дуудлага мэдээллийн ихэнх хувийг зам тээврийн осол, хулгай, дээрэм эзэлж байгаа. Иргэдийн мэдээлэл хурдан ирснээр цагдаагийн байгууллагын үйлчилгээ хурдан шуурхай хүрнэ.
АВТОМАШИНЫ ЛИЗИНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТЭРЧ, ХУУЧИН МАШИН ОЛНООР БОРЛУУЛЖ ЭХЭЛСНЭЭР ТАКСИНЫ ҮЙЛЧИЛГЭЭ ХУМИГДСАН
2006 оноос өмнө такси үйлчилгээний компаниуд үйл ажиллагаагаа хэвийн явуулж байжээ. Харин Монголд автомашины лизингийн үйлчилгээ нэвтэрч, хуучин машин олноор борлуулж эхэлснээр такси үйлчилгээ хумигдсан талаар тээврийн цагдаагийнхан ярьж байна. .
Өөрөөр хэлбэл, бензин бага иддэг машин авах иргэдийн тоо олширч, ажилгүй иргэд хувиараа үйлчилгээ эрхлэх халтуур хийх болсон байна.
Үнэндээ халтуурчдыг өөгшүүлж байгаа хүмүүс нь үйлчлүүлэгч бид. Хэн дуртайд нь гар өргөж суучихаад өөрийгөө эрсдэлд оруулах нь цөөнгүй.
"Монгол Улсын хууль, дүрэм, стандартын дагуу зүүн талдаа жолооны хүрдтэй автомашиныг лизингийн үйлчилгээнд хамруулах, мөн таваас дээш жил унасан автомашинд дээрх үйлчилгээг олгохгүй байх зохицуулалт хийх хэрэгтэй байна. Ингэж чадвал хувиараа зорчигч тээвэрлэж байгаа иргэдийг цөөлж, компаниуд өргөжих боломж бүрдэнэ” гэж тээврийн цагдаа нар үзэж байна.
Такси үйлчилгээ нь хүүхдийг хичээлд хүргэх, авах, жуулчдад зориулсан тусгай такси, нисэх буудлын тусгай чиглэл, хот доторх бараа бүтээгдэхүүний хүргэлт гэх мэт бизнес төрөлжин хөгжих боломжтой. Мөн энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг технологийн шийдэл бүхий такси дуудлагын аппликэйшн, тусгай дугаарын утас ажиллуулах гэх мэт шийдлүүд байна.
Онгоцноос буугаад хаашаа, яаж явахаа мэдэхгүй ганц, нэг жуулчдыг манайхан хөнгөхөн “холгочихдог” нь нууц биш. Үүний цаана хувийн халтуурчдын нэр хүн биш Монгол Улсын нэр хүнд л яригдана.
Нэгэн жишээ дурдахад, Улсын их дэлгүүрээс Баянзүрх дүүргийн “Тэнгэр” худалдааны төв хүртэл үйлчлүүлсэн гадаадын иргэнээс 27 мянган төгрөг нэхсэн тухай мэдээлэл цахим орчинд шуугисан. Төлбөр их гарсанд эсэргүүцэхэд нь хамт явсан эмэгтэйг нь элдвээр хэлж, ачаа тээшийг нь өгөхгүй гэж айлгаж байж мөнгөө бүтнээр нь авсан байсан.
Ажлын байр, амьжиргааны түвшинг л өөрчлөхгүй бол одоогоор халтуурыг зогсоох арга байхгүй хэмээн үзэх хүмүүс олон бий. Тэгвэл хувийн машинаараа таксинд явах иргэдийг бүртгээд, татвар төлбөрийг нь авч, сургалтад суулгасны эцэст такси үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг нь олгож байвал хаана, хаана ашигтай биш гэж үү?
Э.БУРАМ
Холбоотой мэдээ