SOS: Үхлийн вирусийн хохирогчид хоногийн дотор хоёр дахин нэмэгдэв

Хуучирсан мэдээ: 2020.01.23-нд нийтлэгдсэн

SOS: Үхлийн вирусийн хохирогчид хоногийн дотор хоёр дахин нэмэгдэв

SOS: Үхлийн вирусийн хохирогчид хоногийн дотор хоёр дахин нэмэгдэв

Хятад улс үндэсний их баяр “Цагаан сар”-аа тэмдэглэх гээд бужигнацгааж байна. Хоёрхон хоногийн дараа эхлэх баярын уур амьсгалаас илүүтэйгээр айдас түгшүүр дагуулсан үхлийн вирусийн тархалт тус улсыг нөмрөөд байна.

“2019-nCoV” хэмээн нэрлэж буй шинэ төрлийн коронавирусын халдвар хурдацтай тархаж, нэгхэн хоногийн дотор хохирогчдийн тоо хоёр дахин өслөө. Өчигдөрхөн 340 байсан халдвар авсан хүмүүсийн тоо өнөөдөр /2020.01.23/ даруй 500 давж, нас барагсдын тоо наймаар нэмэгдэж 17 болжээ. Гэвч энэ бол зөвхөн албан ёсоор бүртгэгдсэн хүмүүсийн тоо юм. Эрдэмтэн, шинжээчид халдвар авагсдын бодит тоо зөвхөн Үхань хотод л гэхэд 4,000 орчим байх боломжтой гэж үзэж байна.

Энэхүү халдвар нь анх Үхань хотын төвд байрлах “Хуанань” далайн амьтны захад гарсан бөгөөд одоо тус захын үйл ажиллагааг зогсоож, битүүмжлэн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм.

Халдварын голомт Хэбэй мужийн Үхань хот өвчний тархалтыг зогсоохын тулд бүхий л нислэг, галт тэрэг, автобус, метро гээд нийтийн тээврийн салбараа тэр чигт нь зогсоох шийдвэрийг гаргажээ. Түүнчлэн олон нийтийг хамарсан томоохон арга хэмжээнүүдийг цуцалж, Үхань хотын есөн сая орчим оршин суугчдыг хотоос гарахгүй, бусад хотын ард иргэдийг Үхань хот руу зорчихгүй байхыг анхааруулж байна.

Одоогоор Хятадын 24 хотод вирус илрээд байгаа бол хилийн чанадад АНУ, Өмнөд Солонгос, Тайланд, Япон улсуудад халдвар авсан нэг нэг тохиолдол бүртгэгдсэн. Мөн ОХУ болон Мексик улсад тус бүр нэг, нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна.

ДЭМБ-аас урьд нь дараах шалтгаануудын улмаас "Global Health Emergency" нөхцөлийг зарлаж байжээ. Үүнд,

  • 2009 онд H1N1 swin flu.
  • 2014 онд Polio and Ebola outbreak.
  • 2016 онд Zika virus.
  • 2019 онд Ebola outbreak.

Уг халдварт өвчин нь зөвхөн Хятад улсын асуудал байхаа больж ДЭМБ-ийн Онцгой байдлын хороо энэ асуудлаар өчигдөр яаралтай хурал зарлан хуралдсан юм. Түүнчлэн улс орнууд ард иргэддээ Хятад улс руу зорчихгүй байхыг анхааруулж, хил гаалийн хяналтаа ч чангатгаж байна.

Азийн орнуудад тэмдэглэдэг Хятадын “Цагаан сар”-ын баяраар Хятад улсын дотоодын аялал жуулчлал жилийн хамгийн оргил түвшинд хүрдэг. Энэ үеийг хүн төрөлхтний хамгийн том шилжилт хөдөлгөөн ч гэж нэрлэх нь бий. Тиймээс уг шилжилт хөдөлгөөн нь өвчний тархалтыг улам нэмэгдүүлэх эрсдэлтэй байгаа учир улс орнууд Хятад улс руу зорчихгүй байхыг ард иргэддээ уриалж, Хятадын хотууд ч мөн хүмүүсийг аль болох ийм тийшээ аялахгүй байхыг сэрэмжлүүлж багаа юм. Энэ нь Хятадын төдийгүй олон улсын аялал жуулчлалын салбарт хүндхэн цохилт болох төлөвтэй байна.

ДЭМБ-ын Онцгой байдлын хорооны хуралдаанаар “2019-nCoV” вирус нь олон улсын хэмжээний түгшүүр зарлах хэмжээнд хүрсэн үгүйг шийдэх ёстой байсан бөгөөд тэд асуудлыг илүү нухацтай авч хэлэлцэхийн тулд өнөөдөр дахин хуралдахаар болжээ. Вирусийн дэгдэлтийн байдлын талаар дахин дэлгэрэнгүй мэдээлэл авах шаардлагатай ба хил дамнасан үзлэг, тандалтыг сайтар нягтлах хэрэгтэй гэж үзсэн байна.

Коронавирус нь ихэвчлэн амьтанд тохиолддог бөгөөд маш ховор тохиолдолд амьтнаас хүнд дамждаг бүлэг вирус юм. Энэхүү вирус нь энгийн ханиадны нэгэн адил амьсгалын дээд болон дунд замын өвчинд амархан өртдөг хүмүүст халдах магадлал өндөртэй. Шинж тэмдэг нь нус гоожих, хоолой өвдөх, ханиалгах, амьсгал давчдах, халуурах, толгой өвдөх гэх мэт энгийн ханиадтай төстэй шинж тэмдэгүүдийг үзүүлдэг. Дархлаа султай хүмүүсийн хувьд энэ вирус нь уушгины хатгалгаа, бронхит болж хүндэрдэг байна.

Тархалтын хувьд амьтнаас хүнд, хүнээс хүнд ахуйн болон амьсгалын замаар дамжих боломжтой. Одоогоор энэ вирусыг дарах тодорхой эмчилгээ, вакчин байхгүй байгаа бөгөөд  “MERS” халдварын вакциныг турших ажил явагдаж байна.

Халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд халдвар авсан байж болзошгүй шинж тэмдэгтэй хүмүүсээс хол байж, гараа аль болох удаан сайтар савандаж угаах, олон нийтийн газраар явахдаа амны хаалт байнга зүүх, нийтийн ариун цэврийн өрөөг ашиглахгүй байх, ашигласан тохиолдолд ариун цэврийг дээд зэргээр сахих, төстэй шинж тэмдэг илэрсэн тохиолдолд аль болох гэрээсээ гарахгүй байж, эрүүл мэндийн байгууллагад даруй мэдэгдэх зэрэг арга хэмжээг авах шаардлагатай. Түүнчлэн үхсэн болон амьд амьтанд хүрэхгүй байхыг анхааруулж байна.

Коронавирус нь 2002 онд мөн л Хятадад анх дэлгэрч, дэлхийн 40-өөд оронд тархан 8,000 орчим хүнд халдварласан амьсгалын замын цочмог цочмог хамшинж (SARS)-ийн бүлгийн вирус бөгөөд тухайн үед SARS-ын халдвар авсан хүмүүсээс 700 гаруй нь нас барж байжээ. Хятад улсын хүн амын нягтаршил, далайн болон амьтны гаралтай хоол хүнс их хэрэглэдэг зэрэг нь төрөл бүрийн халдварт өвчин тархах үндэс болдог байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
80
ХарамсалтайХарамсалтай
7
ХахаХаха
7
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж