“Экобус” шаардлага хангасан, хангаагүй

Хуучирсан мэдээ: 2015.10.19-нд нийтлэгдсэн

“Экобус” шаардлага хангасан, хангаагүй

“Улаанбаатар автобус нэгтгэл” компанийн зүгээс өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэдний зүгээс нийтийн тээврийн шинэчлэл нэрийдлээр шаардлага хангахгүй “Экобус”-ыг хууль бусаар худалдан авах гэж байгаа талаар мэдээлэл хийсэн юм. Тэд энэ асуудлаар Авлигатай тэмцэх газарт хандана гэдгээ ч энэ үеэр мэдэгдэв.

Тэдний мэдээлж буйгаар нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд 40 хүртэлх тооны угсраа автобус, их багтаамжийн 120, дунд багтаамжийн 40 хүртэлх автобусыг авч нэвтрүүлэхээр болсон гэв. Ингээд тендер зарлаад “Экобус” ХХК-ыг шаардлага хангахгүй хэмээн материалыг нь буцаасан ч нийслэлийн Тээврийн газраас гэрээ байгуулан автобуснуудыг нь нийлүүлэхээр болсон хэмээн мэдээлсэн юм. Тэдний зүгээс “Эко бус” ХХК-ийг хууль бусаар шалгаруулсан гэх үндэслэлээ ийнхүү тайлбарлав.

Тэд “Экобус” ХХК шаардлага хангахгүй гэдэг үндэслэлээ дараах шалтгаануудаар тайлбарлаж байна.

1-т, Дэлхийн зах зээлийн жишгээс өндөр үнэтэй.

2-т, Хүн тээвэрлэх олон улсын стандартаар баталгаажаагүй.

3-т, Нийтийн тээвэрт явж болох аюулгүй ажиллагааны туршилт хийгдээгүй хэмээн тайлбарлав.

“Улаанбаатар автобус нэгтгэл” компанийн зүгээс нийслэлийн Тээврийн газар ямар нэг тендэргүйгээр “Эко бус” ХХК-ийн их багтаамжийн автобусыг нийлүүлэх шийдвэр гаргасан хэмээн мэдээлж байна.

Мөн “Улаанбаатар автобус нэгтгэл” компанийнхны зүгээс “Цахилгаан тээвэр” компанид 2013 онд хийсэн аудитын шалгалтын дүгнэлтийг үзүүлсэн юм. Энд дурьдсанаар троллейбусны цахилгаан хангамж, контактын сүлжээ, барилга байгууламжуудад огт шинэчлэл хийгээгүй, тээврийн хэрэгслийн тоо нэмбэл дэд станцын хүчин чадал хүрэхгүй зэрэг хэд хэдэн зөрчил илэрч байсан талаар дурьдсан юм.


Мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга О.Түшигээс тодруулсан юм.

О.Түшиг: Сайн мэдэхгүй байна

“Засаг даргын захирамж гарсан. Худалдан авалтын үйл ажиллагаа зохион байгуулах үнэлгээний хороо байгуулагдсан. Ингээд Тээврийн газар, Худалдан авах ажиллагааны газарт үнэлгээний хороо байгуулсан. УИХ-ын тогтоол, Засгийн газрын шийдвэрийг үндэслээд үнэлгээний хороо шийдвэр гаргасан юм билээ. Миний хувьд энэ үнэлгээний хороонд байгаагүй учраас сайн мэдэхгүй. Ямар процесс явсан гэдгийг нарийн мэдэхгүй байна. Үнэлгээний хороонд Худалдан авах ажиллагааны газраас орсон. Тэндээс илүү мэдээлэл авах хэрэгтэй” гэв.

Ү.Энхтайван: “Экобус” стандарт хангасан

Тэгвэл үнэлгээний хороог ахалж ажилласан Худалдан авах ажиллагааны газрын орлогч дарга Ү.Энхтайванаас дараах тодруулгыг авсан юм.

-“Эко бус” ХХК-ийг тендэрт шалгараагүй, материал нь буцаагдсан байхад хууль бусаар автобусыг нь шууд нийлүүлэх шийдвэр гарсан хэмээн мэдээлж байна. Гэтэл “Экобус”-нд үнэлгээ хийж нийтийн тээвэрт явахад шаардлага хангасан гэх хариуг үнэлгээний хорооноос гаргасан юм байна. Ямар шалгуураар ийм хариуг гаргасан бэ?

-Монгол Улсын засгийн газрын тогтоол гарсан. Үүнд дурьдсанаар Монгол Улсад үйлдвэрлэж, угсарсан аливаа бүтээгдэхүүнийг худалдаж авах тухай заасан. Энэ нь дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэн Засгийн газрын тогтоол юм. Мөн Засгийн газраас дотооддоо үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийг нэрлээд үүнийг худалдан авах ёстой гэсэн жагсаалт гаргасан. Энэ тогтоолыг баримтлан нийслэлийн Засаг дарга дотоодод үйлдвэрлэсэн автобусыг парк шинэчлэлийн хүрээнд нийслэлийн хэрэгцээнд авъя гэх захирамжийг гаргасан. Ингээд үнэлгээний хороо байгуулагдаж дотооддоо автобус угсардаг ганцхан компани дээр судалгаа хийж эхэлсэн. Судалгаа шинжилгээ хийсний дүнд 20 автобусыг “Эко бус” ХХК-иас авч болох шийдвэр гаргасан. Харамсалтай нь энэ асуудалтай холбоотойгоор аж ахуйн нэгжээс шүүхэд гомдол гаргасан учраас энэ захирамжийг түр түдгэлзүүлсэн.

-Гол нь энэ автобусыг стандартын шаардлага хангаагүй, хүн тээвэрлэх туршилт хийгдээгүй гэж мэдээлээд байна?

-Хятадын “Вольво” компанийн үйлдвэрээс үндсэн эд ангийг Монголд оруулаад хайрцгийг нь угсардаг. Гол нь аж ахуйн нэгжүүдийн зүгээс олон улсын стандарт шаардлага хангасан эсэх дээр гомдол гаргаж байна.

Мэдээж нийтийн тээврийн үйлчилгээнд явах учраас олон хүний амь настай холбогдоно. Тиймээс нэн тэргүүнд стандарт шаардлага хангасан байх учиртай.

Энэ бүтээгдэхүүнийг Монголд угсраад нийтийн тээвэрт явуулахад үндсэн аюулгүй ажиллагааны процессыг тооцож үзсэн. Авто тээврийн үндэсний төвд оношлогоонд оруулаад шаардлага хангасан гэж үзсэн. Ингээд нийтийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, улсын дугаар олгосон. Өөрөөр хэлбэл, ингэснээр хөдөлгөөнд оролцох боломжтой гэж дүгнэсэн.

Мөн Стандарт хэмжилзүйн газраас Монгол Улсад энэ төрлийн стандарт бий эсэх, байгаа бол үүнд нийцэх үү гэдэг дээр баталгаа гаргуулсан. Стандарт хэмжилзүйн газраас стандартын дагуу үйлдвэрлэгдсэн гэж хариу ирүүлсэн. Үүнээс харахад, Монгол Улсын стандарт шаардлагыг хангаж байгаа юм.

НҮБ, НҮБ-ын Европ эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг ерөнхий стандартыг тогтоосон байдаг. Үүнд автобуснууд 66 дугаар зүйлд заасан аюулгүй ажиллагааны дүрмийг хангасан байх ёстой гэж заадаг. Энэ дүрмийг хангаж байгаа эсэх дээр маргаан гараад байх шиг байна. НҮБ-ын Европ эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг ерөнхий стандартын 66 дугаар зүйлээр баталгаажиж чадаагүй. Энэ дүрмийг олон улсад туршихдаа тухайн автобусыг 80 см-ийн өндрөөс унагадаг. Хажуунаас, дээрээс, дороос нь мөргөлдүүлж туршдаг. Ингээд доторхи зорчигчийн аюулгүй байдлыг хангаж байгаа эсэхийг үздэг. Манай нөхцөлд энэ туршилтыг хийхэд хэцүү. Энэ төрлийн үйлдвэрлэл дөнгөж хөгжиж эхэлж байна. Нэг бүтээгдэхүүний өртөг өндөр зэргээс үүдээд шууд ийм туршилт хийхэд хэцүү. Тиймээс олон улсад 66 дугаар зүйлийг мөрдөхдөө симуляци байдлаар туршилт хийж болно гэдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байдаг. Бид ч тэр туршилтыг хийсэн.

БЭЛТГЭСЭН: Б.ЗОЛЗАЯА, Ц.АРИУНБОЛД

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж