Конор МакГрегорын дараагийн өрсөлдөгч хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2020.01.23-нд нийтлэгдсэн

Конор МакГрегорын дараагийн өрсөлдөгч хэн бэ?

Конор МакГрегорын дараагийн өрсөлдөгч хэн бэ?

Орчин цагийн холимог тулааны урлагийн тод оддын нэг бол яахын аргагүй онгироо, сагсуу Ирланд залуу “The Notorius” хочит Конор МакГрегор билээ. 15 сарын дараа октагондоо эргэн ирж буй тэрбээр UFC-246 дээр Америк тулаанч Дональд Серронег 40 секундын дотор буулган авч өөрийгөө эргэн ирснийг дэлхий даяар зарласан.Өмнөхөөсөө илүү ухаалаг, илүү туршлага суусан түүний дараагийн өрсөлдөгч хэн бэ гэдэг асуулт олон нийтийн анхаарлыг татаж байна.

Тэгвэл түүний хуучин дасгалжуулагч Жон Каванах хэлэхдээ Конорыг ирэх зунаас өмнө нэг том тулаан хийнэ гэсэн. Үүнийг нь ч UFC-ийн тэргүүн Дана Уайт баталж Ирланд эрийг энэ жил гурван тулаанд оролцуулахаар болсон гэдгээ зарлалаа. Дана Уайт “Би Конорыг энэ жил дахиад гурван тулаан хийгээсэй гэж хүсч байна. Би Конорын эсрэг Масвидал гэсэн тулааныг харахыг хүсч байгаа ч Конорын эсрэг Хабиб гэсэн тулаан илүү их үзэгч фэнүүдийн сонирхлыг татах байх. Мөн тэрбээр өөрийгөө Флойд Мейуэтэртэй ирээдүйд болох тулааны тухай ярьснаа баталжээ. “ Флойд бид хоёр хоёулаа бие биенийхээ төлөвлөгөөнд байгаа.Бид хоёр энэ жил нэг юм хийнэ. Хүн болгон л Конорын ямар баяныг гайхаад байх юм.Хабибд ч гэсэн 50 сая гаруй доллар байгаа шүү дээ” хэмээжээ.Флойдын хувьд ч өөрийн Инстаграм хуудсаараа дамжуулан Конортой тулалдах хүсэлтэй байгаагаа зарласан.Гэвч Конорын хувьд одоохондоо Хабиб, Флойд хоёрын оронд Камару Усман, Жорже Масвидал хоёртой тулалдахыг хүсч байгаа мэт харагдаж байна. Ямартай ч бид та бүхэндээ Конор МакГрегорын дараагийн өрсөлдөгч байх боломжтой тулаанчдыг танилцуулья.

 

  • ХАБИБ НУРМАГОМЕДОВ

Тиймээ Хабиб, Конор хоёрын дунд үл тасрах мөнхийн өрсөлдөөн бий. Яг л Хаглэр болон Хеарнс шиг эсвэл Мохаммед Али, Жое Фрайзер хоёр шиг. UFC-ийн тэргүүн Дана Уайтын үзэж буйгаар хоёр тулаанчийн хоёрдох тулаан UFC-ийн байж болох бүхий л мөнгөний рекордуудыг эвдэнэ хэмээн харж байгаа ажээ. Конорын хувьд өнгөрсөн арваннэгдүгээр сард Москва хотод зочлон тус хотод хариу тулаанаа хийхийг хүсч байгаагаа илэрхийлсэн. Гэвч үүнийг нь Дана Уайт зөвшөөрөөгүй. Дана Уайт хэлэхдээ “ Хариу тулаан Москвад болохгүй.Үүнд олон олон шалтгаан байгаа. Харин үүний оронд Англи, Нью-Йорк эсвэл Даллас хотуудад зохион байгуулах боломжтой. Лас-Вегас хот тулаан хийх хамгийн тохиромжтой хот боловч Хабибын хувьд хамгийн сүүлд Вегас хотод хийсэн хэргээс болж тэр энэ хотод дургүй болсон.Миний хувьд тэр хоёрыг Английн Лондон хотын 90 мянган хүний суудалтай Уэмбли цэнгэлдэхэд тулалдуудах хүсэлтэй байгаа” хэмээжээ. Харин Конорын хувьд Ирланд улсад гэртээ тулалдахыг эртнээс мөрөөдсөн учраас Дублин хотын 82 мянган хүний суудалтай Кроке Паркт тулалдахын хүсч байгаа гэжээ. Цоо шинээр өөрийгөө олж нээсэн гэгдээд буй  Конор МакГрегор , мэргэжлийн тулаанчийн замналдаа нэг ч ялагдаагүй байгаа Хабиб Нурмагомедовыг ялж чадах болов уу ? Хабибын хувьд Конороос өмнө Фергусонтой тулалдах чухал тулаан түүнийг хүлээж байна.

  • ФЛОЙД МЕЙУЭТЭР

 

Мэргэжлийн боксын замналдаа нэг ч ялагдалгүй хүлээлгүй 50 ялсан агуу Флойд Мейуэтэр Конортой ахин тулалдахыг хүсч байгаа зарласан. Тэрбээр өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан Флойдын эсрэг Конор гэсэн зургийг нийтэлсэн билээ. 2017 оны наймдугаар сарын 26-ны өдөр Лас-Вегас хотод боксын рингэнд учраа таарсан Флойд, Конор хоёрын тулаан 25 минут үргэлжилж энэ жил 42 настай Флойд ялсан билээ. Энэхүү тулаанаас Флойд Мейуэтэр 275 сая ам.доллар олсон бол Конор МакГрегор 85 сая ам.доллар олсон. Конор МакГрегор саяхан өгсөн ярилцлагадаа яагаад Флойдод ялагдсан учраа олсон тухайгаа ярьжээ. Хэрвээ энэ хоёрын дараагийн тулаан зарлагдвал асар их хэмжээний мөнгө эргэлдэх нь дамжиггүй. Мөн Конортой хамт бэлтгэл хийдэг Артем Лобов Конорын эсрэг Флойд гэсэн тулааныг ирэх тавдугаар сарын 5-нд зохион байгуулагдана хэмээн өөрийн твиттер хуудсан дээрээ жиргэжээ.

  • ЖОРЖЕ МАСВИДАЛ

Одоогийн байдлаар Конор МакГрегортой тулалдах хамгийн боломжтой хүн. Жорже Масвидал саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “ Конор надтай тулалдахыг хүсэхгүй байгаа.Би ч түүнд анхаарал хандуулмааргүй байна. Харин Конорын оронд Камару Усмантай тулалдмаар байна. Энэ нь ч хамаагүй дээр.” хэмээжээ. Одоогоор Конор МакГрегор UFC-ийн хүнд жингийн эрэмбэнд 14-рт бичигдэж байгаа бол Жорже Масвидал гуравдугаарт бичигдэж байна. Дана Уайт энэхүү тулааныг зохион байгуулахад асуудалгүй гэдгээ илэрхийлсэн. Гол асуудал нь одоо хоёр тулаанч маань л тохиролцох хэрэгтэй болж байна.

  • КАМАРУ УСМАН

Сүүлийн үед холимог тулааны урлагт цахиур хагалан гарч ирсэн Нигерийн бахархал Камару Усман өдгөө UFC-ийн хүнд жингийн аваргын бүсийг эзэмшиж байна. Тэрбээр хамгийн сүүлд UFC-246 дээр Конор МакГрегор болон Дональд Серронегийн тулааныг үзэж сонирхон түүнтэй тулалдмаар байгаагаа илэрхийлсэн Конорыг шоолон сууж байгаа харагдсан.Тэрбээр өөртэй нь тулалдах хүсэлтэйгээ илэрхийлсэн Конор МакГрегорийн тухай “ Миний сэтгэл хөдөлсөн шүү. Гэхдээ тэр дэндүү хөөрөөд байна. Би түүнтэй тулалдаж болно. Гэхдээ энэ тулаанд хүчний асар их зөрүү үүснэ. Би түүнийг үнэхээр , бүр үнэхээр муухайгаар өвтгөх байх гэж бодож байна. Би түүний карьерыг үгүй хиймээргүй байна” хэмээжээ. Үүнийг нь сонссон Конор хариуд “Яаж ? Миний хөлнөөс барьж уу ? Алив ээ залуу минь энэ бол тулаан биш. Би чамд яаж тулалдах ёстойг харуулна” гэсэн хариуг барьсан байна. UFC-ийн хүнд жингийн бүсний төлөөх тулаан гал гарах нь дамжиггүй.

  • МЭННИ ПАКЬЯО

Дөрвөн арван дамжин мэргэжлийн боксын аваргын бүсийг эзэмшсэн цор ганц боксчин Филиппиний Мэнни Пакьяо ч Конортой тулалдах магадлалтай хүмүүсийн нэг. Конор МакГрегор ч хэвлэлд өгсөн ярилцлагадаа Пакьяо тэр хоёрын тулаан гэрээ хэлэлцээрийн шатандаа явж байгааг дурдсан. Мөн саяхан Пакьяогийн менежер Шон Гиббонс The Sun сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Пак-Мэнийг 2020 онд Флойд Мейуэтэр болон Конор МакГрегор нартай тулалдах төлөвлөгөөтэй байгааг дуулгажээ. Тэрбээр хэлэхдээ “Пакьяо ирэх дөрөвдүгээр сард эргэн ирэх төлөвлөгөөтэй байгаа. Одоогоор түүний боломжит өрсөлдөгч гэвэл Данни Гарсиа, Эррол Спенс, Шавн Портер нар л байна. Харин сүүлийн үед Конорыг Пакьяотой тулалдах тухай их ярьж байна. Хэрэв фэнүүд хүсвэл Пакьяо ч тулалдах тухай бодолцож үзэх байх" гэжээ. Харин Конор МакГрегор Мэнни Пакьяотой Лас-Вегас хотод задгай цэнгэлдэхэд боксын рингэн дээр тулалдах хүсэлтэй байгаа ажээ.

  • НЭЙТ ДИАЗ

Нэйт Диаз болон Конор МакГрегор хоёрт хайнаагаа хагалах тулаан үлдсэн.Энэ тухай UFC-ийн амьд домог Майкл Биспинг ийнхүү ярьжээ. Тэрбээр” Би Нэйт Диазыг Конорын дараагийн өрсөлдөгч гэдгийг баттай хэлж чадна.Хабиб Конортой тулалдахгүй ээ.Тэр эхлээд дөрөвдүгээр сарын 18-нд Тони Фергусонтой тулалдана тэгээд Рамадан сар нь эхлэж байгаа.Харин Тони тус тулаанд ялвал тэр хэсэг хугацаанд хэнтэй ч тулалдахгүй байх.Харин Нэйт Диаз, Конор гэсэн тулаан л бизнессийн талаасаа ч тэр, үзэгч фэнүүдийн талаасаа ч тэр үзүүштэй тулаан байх болно.Гэхдээ энэ зөвхөн миний таамаг шүү” хэмээжээ. Хэрэв энэ тулаан бүтвэл бас нэгэн сонирхолтой ривалын ганган тулаан болох нь гарцаагүй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж