Шүүхийн төсвийн асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, профессор Н.Лүндэндоржоос зарим асуултад хариулт авснаа хүргэж байна.
-2016 оны Төсвийн тухай хуулийн төсөлд Шүүхийн төсөв, шүүгчдийн цалинг Засгийн газар маш их хасч, УИХ-д өргөн мэдүүллээ. Шүүхийн төсөв, шүүгчийн цалинг хамгаалсан хуулийн заалтуудыг хүчингүй болгохоор хуулийн төсөл өргөн мэдүүллээ. Энэ асуудлыг хариуцсан байгууллагын хувьд одоо яах вэ? Шүүх эрх мэдэл бие даасан, хараат бус байна энэ тэр гээд шүүхийн шинэтгэлийн хүрээнд яригдаад байсан бус уу?
-Байдал хүнд байна. Гэвч итгэл найдвараа бүрэн алдаагүй байна. Монгол улс олон улсын нийтээр дагах хэм хэмжээ, зарчим, Үндсэн хуулийг дээдлэх, дагаж мөрдөх үүрэгтэй. Бид саран дээр очоод суучихаагүй байна. Дэлхий дээр байна. Тийм учраас дэлхийн дэг журам үйлчлэх ёстой. Жишээ нь, шүүгчийн цалингийн хэмжээ ямар байх, хуулиар хэрхэн хамгаалах, зохицуулах асуудлыг "Шүүхийн хараат бус байдлын НҮБ-ын үндсэн зарчим"-д шүүгчийн цалин хүрэлцэхүйц хэмжээнд байна. Түүнийг хуулиар хамгаалсан байна гэж заасан. Энэ дагуу Шүүхийн тухай хуулийн 28.5, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23.1-ээр тус тус шүүгчийн цалинг хуулиар тогтооно, цалингийн хэмжээ нь эдийн засгийн хувьд бусдаас хараат бус ажиллах, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байна гэж тов тодорхой хуульчилсан. Мөн Үндсэн хуульд шүүхийн бие даасан эрх мэдэл, үйл ажиллагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангах талаар тодорхой заасан. Эдгээрийг хэн ч байсан биелүүлэх үүрэгтэй.
-Засгийн газар эдгээрийг мэдэхгүй байна уу, эсвэл мэдсэн мөртлөө эдийн засгийн хүнд байдлаас болоод ийм шийдвэр гаргаж байна уу?
-Мэдэх ёстой л доо. Яагаад шүүхийн эдийн засгийг олон улсын болон үндэсний хууль тогтоомжоор ийнхүү тусгайлан хамгаалдаг вэ гэвэл эдийн засгийн болон бусад хүнд үед ингэж болзошгүй гэж хамгаалсан хэрэг л дээ. Тийм учраас төр засаг хууль биелүүлэх, дээдлэх үүрэгтэй тул хуулийн талд парламентыг зогсоно гэж найдаж байгаа.
-Засгийн газрын төслөөр шүүгчийн цалинг яг хэд болгохоор төлөвлөсөн бэ?
-Хүний цалин, тэр тусмаа шүүгчийн цалингийн хэмжээ нууц байх ёстой. Бид нэг нь асууж, нөгөө нь хэлж суудаг. Төслөөр бол шүүгчдийн 80 гаруй хувийн цалин 63 хувь буурна. Одоо шүүгчдийн 98 хувь нь 1-3 төрлийн зээлтэй. Зээлийн дүн маш том тоо байгаа. Хэлж болох эсэхийг би мэдэхгүй байна. Хэлэхгүй байсан нь дээр байх. Хугацаа 20 хүртэл жил. Хэрэв шүүгчийн цалин буурвал хараат бус шүүгчийн тухай бус өр зээлд баригдсан хүний тухай ярихад хүрнэ. Үр дагаварыг урьдчилан хэлэхийн аргагүй. Тийм учраас шүүхийн төсөв, шүүгчийн цалинг аль нэг байгууллага, хэн нэг хүн хуруу гарын үзүүрээр шийддэг жижиг асуудал биш. Энэ бол ноцтой үр дагавартай маш том асуудал.
-Монгол улс мөнгөгүй болоод арга буюу ийм байдалд хүрсэн учраас өөр арга зам байхгүй болсон хэрэг бус уу?
-Үгүй дээ. Эх сурвалж асуудал биш. УИХ дээр ил тод нэг зүйл ярьж байгаа. Хүний цалин руу хуруу дүрэхдээ Монгол улс тулаагүйг 100 гаруй шинэ объект барихаар төлөвлөсөн нь үүнийг гэрчилнэ гэж. Энэ үнэн юм.
-Тэгвэл энэ чинь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг зориуд дордуулах гэсэн бодлого гэж ойлгож болох нь ээ?
-Тэгж ч бодоод яахав. Ардчилалд суралцаж, алдаж онож яваа биз. Гэхдээ шүүгчийн цалинг үзэн яддаг цөөн хүн байсан шүү. Тэд л их баярлаж суугаа байх. Уул нь шударга ёс үнэтэй, түүнийг цатгалан хүнээр мануулах ёстой энэ тэр гээд түмэн үг байдаг билээ.
-Дэлхийн улс орнуудад шүүхийн төсөв, шүүгчийн цалинг ингэж бууруулж байсан баримт байдаг юм уу?
-Ардчилсан, Үндсэн хууль дээдэлдэг оронд их ховор байсан үзэгдэл. Гэхдээ гарч байсан. Харамсалтай нь тэдгээр улсын шүүгчийн цалин бууруулан тогтоож байсан шийдвэрийг Үндсэн хуулийн шүүхүүд нь Үндсэн хуульд нийцээгүй гэж тогтоож байсан.
-Тэгвэл манай Үндсэн хуулийн Цэц бас тэгж тогтооно гэж үзэж болох уу?
-Шүүхийн шийдвэрийг хэн ч урьдчилан хэлж мэдэхгүй, тэгэх ёсгүй. Гэхдээ Олон улсын жишиг, Үндсэн хуульт ёсны үүднээс тийм шийдвэр гарах магадлал тун өндөр.
-Хуульчдын холбоо мэдэгдэл гаргасан байна. Шүүгчдийн холбоо энэ талаар ямар байр суурьтай байгаа юм бол? Шүүгчид төвийг сахих үүднээс өөрсдийнхөө эрх ашгийн үүднээс дуугарч, тэмцэж болдог юм уу?
-Хуульчдын холбоо соргог ажиллаж байна. Шүүгчдийн холбоо ч бас мэдэгдэл гаргах байх. Дуу хоолойгоо одоо гаргахгүй юм бол хэзээ гаргах билээ. Шүүгчид дуугарах тухайд бололгүй яахав. Тийм эрхтэйг НҮБ-ын суурь зарчимд заасан. Софигийн тунхагт бүүр тодорхой заасан. Тухайлбал, шүүгчид улс төрийн маргаантай асуудлаар чимээгүй байх ёстой гэсэн уламжлалт хандлага шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал аюул занал учирсан нөхцөлд үйлчлэх ёсгүй гэж заасан шүү.
-Жил бүр л шүүхийн төсөв шүүгчийн цалин гэсэн асуудал төсөв хэлэлцэх үед босч ирэх юм. Үүнийг нэг мөр шийдэж болдоггүй юм уу?
-Өөрөө ёстой чухал асуудал хөндлөө. Үндсэн хууль, хууль муухан дээдэлдэг, биелүүлдэг манайх шиг бүү хэл хууль дээдэлдэг, хөгжсөн орнууд шүүхийн төсвийг маш тодорхой зохицуулдаг. Ийм зохицуулалт монголд алга. Шүүхийн төсвийн хараат бус байдал хуулиар хамгаалагдаагүй байна. Хамгаалсан ганц нэг зохицуулалтыг одоо хүчингүй болгох гэж байна. Энэ бол хүчирхийлэл мөн. Цаашид энэ талаар хийх зүйл их байна. Бодлого, арга зам тодорхой. Хууль болгон батлах нь асуудал байна. Сайн цаг ирнэ биз ээ. Ром хотыг нэг өдөр бариагүй гэдэг байх аа.
-Таны яриад байгаа орнууд яаж зохицуулсан байх юм?
-Бүгдийг яаж ярих вэ. Санаанд буусан зарим нэгийг хэлье. Бидний ярих дуртай АНУ-д Шүүхийн захиргаа нь боловсруулж, Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьснаар Конгресс баталдаг. Замд нь засдаг хянадаг ёс үгүй гэдэг. Орос улсад Засгийн газар, шүүхийн захиргаа нь хамтарч боловсруулдаг. Зөрүүтэй санал гарвал Төрийн Дум тасалдаг. Ер нь манайх шиг Засгийн газар нь шүүхийн төсвийг дангаар мэддэг, шүүхийн захиргааны байгууллагын саналыг авч хэлэлцдэггүй улс дэлхийд ховор. Цаашид энэ асуудлыг шийдэхгүйгээр шүүх ямагт бусад эрх мэдлээс хараат байх болно.
Г.ЦОЛМОН
ЭХ СУРВАЛЖ: "ӨНӨӨДӨР" СОНИН