Ц.Нямдорж бараг л шударга хүн!

Хуучирсан мэдээ: 2020.01.23-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж бараг л шударга хүн!

Ц.Нямдорж бараг л шударга хүн!

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Австралид төрийн айлчлал хийж явахдаа казино тоглосон гишүүдийн талаарх асуултад “Хэн ч гэсэн ороод гардаг шүү дээ” гэж өмөөрөнгүй дуугарчээ.

Ц.Нямдорж сайдын бараг л зөв. Хувийн шугамаар, хувийн мөнгөөрөө Австралид очиж казинод ороод гарсан бол тэднийг буруутгах үндэслэл байхгүй. Хуулийн сайдын хэлдгээр мөнгөтэй бөгөөд завтай хүний “ороод л гардаг” газар.  Гол нь төсвийн мөнгөөр төрийн айлчлал хийж явахдаа мөрийтэй тоглосон нь  гэмт үйлдэл биш ч ёс зүйн хувьд шүүмжлэх асуудал мөн. Тэр тусмаа “Казино орж туршлага судалсан” гэх тайлбарыг манай улстөрчид хийж чадна.

Ц.Нямдоржийн найз нөхөд, үр хүүхэд, ойр дотныхон юу ч хийсэн зөв болдог нь түүний зөв. Өмнөд Солонгост зүй бус үйлдэлд нэр холбогдож, нэг нэр хоёр хочтой болж үлдсэн Үндсэн хуулийн цэцийн дарга асан Д.Одбаярыг хайцаалж ядахдаа  “Та нар хөгшин эхийг нь бод” гэж сэтгүүлчдийг загнаж, “Эрдэнэт”-эд тендерийн шахаа хийсэн хүүгээ “Эцэг хүний хувьд утсаар ярьж өгсөн” хэмээн ичиж айхгүй өмөөрч ганцхан тэр л чадна. Чадаж байгаа юманд арга байж уу.

Хууль зүй, дотоод хэргийн яам 626 сая төгрөгөөр дотоод засал хийсэн гэх асуудлаар “Бид уучлахгүй” хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхцэлмэг Ц.Нямдорж сайдад ханджээ. Сайд өөдөөс нь “Чамтай яриад байх зүйл байхгүй” гэсэн нь бараг л зөв.

Төрөх эмнэлгүүд ашиглалтад орох эсэх, түмний хүүхдүүд газар хэвтэх үгүй нь Хууль зүй, дотоод хэргийн сайдад ямар хамаа байна вэ. Тэгээд ч Ц.Нямдорж сайдын халааснаас гарч байгаа мөнгө биш. Төсвийн мөнгө шүү дээ. Төсвийн мөнгө хэзээ “дуусч” байлаа даа.

Монгол Улс саарал жагсаалтад орсны хариуцлагыг олон хүн Ц.Нямдорж сайдаас нэхсэн. Сайд хариулахдаа “Парисаас сайн ажилласан гэж талархлын захидал ирүүлэхээр нь гайгүй юм байна гэж бодтол саарал жагсаалтад оруулчихсан. Би саарал жагсаалтад оруулаагүй, З.Энхболдын баталсан Ил тод байдлын тухай хуулиас болсон” гэж байв. Ц.Нямдорж сайд Монгол Улс яагаад юунаас болоод саарал жагсаалтад орсны шалтгааныг одоо хүртэл ойлгоогүй яваа. Түрээсийн байранд амьдардаг, зурагтгүй сайд ФАФТ-аас ямар сануулга ирснийг нь яаж мэдэх билээ. Тэгэхээр түүний бараг л зөв.

ФАФТ-аас өгсөн зөвлөмжийг харсан тэнэг хүн ч Ц.Нямдорж сайд ажлаа хийгээгүйг уг нь ойлгохоор. Нэн ялангуяа Монгол Улс авлига, албан тушаалын хэрэгтнүүдтэйгээ тэмцэж чадахгүй байгааг ФАФТ сануулсан байдаг.  Гэвч, Ц.Нямдорж гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаагаар Ш.Батхүүг өргүй ялгүй үлдээж, намынхаа ЖДҮчдын асуудлыг нам дарж чадаж байвал улс орны эдийн засаг, нэр хүнд, саарал жагсаалт цаашаа. Хямрал Ц.Нямдоржид ямар нөлөөлөх биш.

Ц.Нямдорж цагтаа Х.Баттулгад хамгийн их “харшилтай” ханддаг улстөрч байлаа. Ямар сайндаа л  “Х.Баттулгын тарьсан олон балгийг ард түмэнтэйгээ хамт үүрнэ. Х.Баттулга бол үргэлж далдуур муу зүйл хийдэг. Энэ засгаас зайлж байгаад чинь баяр хүргэе. Энэ хүний хийсэн бузар, булайг олон таниулж зайлуулах ёстой” гэж байв. Харин өнөөдөр Х.Баттулгад хамгийн хайртай МАН-ынхны нэг болсон. Ц.Нямдоржийн бараг зөв.

Хүү Н.Анхбаяраа Австралид Элчин сайдаар явуулахын тулд Ерөнхийлөгчид тал засах нь эцэг хүний үүрэг. Засгийн газраас өнгөрсөн онд Н.Анхбаярыг Австралид сууж Элчин сайдаар томилохоор болсон ч Ерөнхийлөгч өнөөдрийг хүртэл хүүг нь “судалсаар” байгаа. Ерөнхийлөгч Х.Баттулга Н.Анхбаярыг Австралид Элчин сайдаар явуулах эсэх эцсийн шийдвэрийг гаргана. Ерөнхийлөгч итгэмжлэх жуух бичгээ гардуулахгүй бол Н.Анхбаяр Элчин болж чадахгүй.  Ц.Нямдорж эрх ашгийнхаа төлөө чөтгөртэй ч нөхцөж чадахаа илэрхийлж байсан, тэгэхээр түүний бараг л зөв.

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханаас ирүүлсэн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг 48 цагийн дотор хэлэлцэх ёстой Халдашгүй байдлын дэд хорооныхон хуралдалгүй долоо хоног хууль зөрчив. Энэ тухай Ц.Нямдорж сайд тайлбар өгөхдөө "Хурал хойшлох үгүйг Н.Номтойбаяр мэддэг юм уу" гэж адарчээ. Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдоржийн бараг  л зөв. Хурлыг хойшлуулах үгүйг, бүр хуралдахгүй хууль зөрчихийг Ц.Нямдорж  мэднэ. Хуулиа зөрчөөд ч болтугай  Н.Номтойбаярыг хамгаалах том эрх ашиг түүнд байгаа, тэр бол Монголын бараг л ганц шударга хүн.

Өнгөрөгч Мягмар гаригт Ц.Нямдоржийн хурандаа нар хэрхэн хөрөнгөжиж, яаж хуулийг гууль болгодог тухай, авлигажсан цагдаа нарын талаар "Бавгар" компанийн гүйцэтгэх захирал Х.Оюун мэдээлэл хийж баримт дэлгэсэн.

 Х.Оюун шиг хуулийнхны сүрдүүлэгт автаж, цагдаа нарын дарамт шахалтад орж авлига өгсөн бизнесменүүд ар, араасаа уг нь дуугардаг, тэмцдэг цаг. Даанч манай бизнесийнхэн Ц.Нямдоржоос айгаад чадахгүй биз. Аймхай, амиа хичээсэн бизнесийнхэн өөрсдөө авлигачдад өгөөш болдог. Тиймээс Ц.Нямдоржийн цагдаа нарын бараг л зөв.

Цагдаагийн 376 орон сууц барих ажлыг гүйцэтгэж буй "Бавгар" компаниас хоёр тэрбумын үнэтэй хоёр пентхаус, 30 ширхэг байр нэхсэн хурандаа Б.Цогтбаяр төрийн хувцсаар бусдыг айлган сүрдүүлж, албан тушаалаа урвуулан ашиглаж авлига авдаг цагдаа нарын ганцхан жишээ. Ц.Нямдоржийн салбарт ийм үзэгдэл мянга түмээрээ байгаа. Юун миний цагдаа намайг хамгаалах. Ц.Нямдоржийн цагдаа нар ард түмнээ айлган сүрдүүлж авлига авна, мөрийтэй тоглоомын газар ажиллуулна, иргэдээ зодно, дээрэмдэнэ. Цагдаа, шорон хоёр бол Ц.Нямдоржийн хариуцдаг салбар. Шударгуу сайдын хариуцдаг салбарын булай, бузрыг ухвал далай болно.

Гэвч, Ц.Нямдорж сайд бараг л шударга хүн. “Эрдэнэт”-ийн 49 хувийг асуудал  болон  С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтнүүдийг суллаж, захиалагчийн хэргийг задлах тухайд тэр сүүлчийн ганц цамцаа урагдтал зүтгэж буй. Түүний бараг  л зөв. С.Зоригийн амь насыг хөнөөсөн захиалагчийг зарлах нь Ц.Нямдоржид ямар нэгэн байдлаар халтай учраас.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
6
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж