Монголын эрчим хүч, Азийн орнуудтай холбогдох эхлэл тавигдлаа

Хуучирсан мэдээ: 2015.10.19-нд нийтлэгдсэн

Монголын эрчим хүч, Азийн орнуудтай холбогдох эхлэл тавигдлаа

Өмнөговь аймгаас БНХАУ-ын хил хүртэлх өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам 96 километр урттай, хоёр хэлхээт 220 кВ-ын өндөр хүчдэлийн шугамыг 2011 онд “Оюутолгой” компани өөрийн хөрөнгөөр барьсан. Тэгвэл өнөөдөр "Оюутолгой" компани дээрх цахилгаан дамжуулах томоохон дэд бүтцийг төрийн өмчлөлд албан ёсоор шилжүүллээ. Тодруулбал, Өмнөговь аймаг дахь “Оюутолгой” уурхайн цогцолбороос Монгол Улс болон БНХАУ-ын хил хүртэл 96 километр үргэлжилсэн цахилгаан дамжуулах агаарын шугамыг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн өмчлөлд шилжүүлэх, ашиглалт засвар үйлчилгээг хариуцах хоёр гол гэрээнд талууд гарын үсэг зурсан юм. Ингэснээр “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ”, "Оюутолгой" компанитай хамтран Өмнөговь аймгийг эрчим хүчний найдвартай сүлжээнд холбох стратеги, бодит ажил хэрэг болох эхний алхам бүрдсэн гэж салбар яамныхан үзэж байна.

"Оюутолгой компани" тус өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамыг 2012 оны долоодугаар сараас ашиглаж эхэлсэн. Өнгөрсөн хоёр жил гаруй хугацаанд цахилгаан дамжуулах шугам 100 хувь бүрэн хүчин чадлаараа ажиллаж, найдвартай байдал нь 99.8 хувьд хүрчээ. Ингэснээр Өмнөговь аймгийн хэрэглэгчид найдвартай цахилгааны эх үүсвэрт холбогдож, ашиг тусыг нь хүртэх боломж нээгдсэн тухай “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан тодотгон ярив.

96 километрийн урттай, хоёр хэлхээт 220 кВ-ын өндөр хүчдэлийн уг шугам нь Монгол Улс, БНХАУ-ыг холбосон эрчим хүчний найдвартай байдлыг дээшлүүлэхэд чухал нөлөөтэй. Мөн Монголын цахилгаан эрчим хүчийн шугам Азийн улсуудтай холбогдох эхлэл нь болжээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж