“Капитал” банкны Цахим банкны газрын захирал В.Буянмөнхтэй ярилцлаа.
-Таныг Монголын програм үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгчийн хувиар мэдэхээс банк санхүүгийн салбарт олон жил ажилласан шилдэг мэргэжилтэн гэж төсөөлсөнгүй. Манай уншигчдад банк санхүүгийн салбартай холбогдсон түүхээсээ танилцуулахгүй юу?
-Би 1987 оноос хойш буюу тавдугаар ангийн сурагч байхаасаа компьютертай холбогдож, одоог хүртэл мэдээллийн технологи тэр дундаа цахим банкны салбарт ажиллаж байна. Энэ чиглэлээрээ Монголбанкинд 11 жил ажилласан туршлагатай. Анх 2000 онд программ зохиогчоор орж, системийн админ, өгөгдлийн админаар есөн жил ажиллаад 2009 оноос Азийн хөгжлийн банкны санхүүжилттай Банк хоорондын төлбөр тооцооны Ар Ти Жи Эс /RTGS/ буюу их дүнтэй төлбөр тооцооны системийг нэвтрүүлэх есөн сарын хугацаатай төсөл дээр ажилласан. Банкны салбарт дэвшил авчирсан, маш амжилттай төсөл болсон. Энэ үеэс эхлэн мэдээллийн технологийн салбараас цахим банкны салбар луу шилжсэн дээ.
-Дэлхий нийтийн чиг хандлага хөгжил дэвшилтэй хөл нийлүүлж ажиллахын тулд “Капитал” банк энэ жил “Цахим банкны газар”-ыг шинээр байгуулсан. “Капитал” банкны удирдлагын багийн гишүүн болсон танд баяр хүргэе. Ирээдүйд маш их итгэл хүлээлгэж байгаа салбарыг удирдаж байгаагийн хувьд, цахим банкны газар цаашдаа ямар бодлого баримталж ажиллах вэ?
-“Капитал” банк нь цахим хэлбэрээр Интернет банк, Смарт банк, Мобайл банк, Онлайн хадгаламжийн данс нээх зэрэг үйлчилгээг харилцагчдад хүргэж байгаа боловч эдгээр бүтээгдэхүүнээ харилцагчдад илүү үр өгөөжтэй, амар хялбар хүргэдэг болоход анхаарна. Өөрөөр хэлбэл, цахим үйлчилгээг чанартай, найдвартай, үр ашигтай байх тал дээр илүү анхаарал тавьж ажиллана. Цахим банкны үйлчилгээ нь харилцагч талдаа хялбархан байдлаар банкны бүтээгдэхүүн үйлчилгээг авах, мэдээж цаана нь зардал хэмнэх бололцоог бүрдүүлж байдаг. Одоо үед цахим банкны үйлчилгээг хэдхэн бүтээгдэхүүн үйлчилгээгээр төсөөлөн харж, “Цахим үйлчилгээнүүд манайд байгаа” гээд суугаад байлгүй илүү хөгжүүлэлтүүдийг хийж, илүү ойрхон, ямар нэгэн алдаагүй, амар байдлаар хүргэхийг Цахим банкны газар зорилгоо болгон ажиллах болно.
-Дэлхийн жишиг цахим хэрэглээг дэмжсэнээр ямар ач холбогдолтой вэ?
-Цахим хэрэглээ гэдэг маань банкны бүтээгдэхүүнүүд гадагшаагаа цахим байхаас гадна дотооддоо ашиглаж буй хэрэгсэлүүд нь өөрөө цахим байхыг шаарддаг. Мэдээж цахим хэрэглээг өдөр тутмын үйл ажиллагаанд нэвтрүүлж автоматжуулснаар бизнесийн хурд нэмэгдэж, мэдлэгийг хуримтлуулах боломжийг бий болгодогоос гадна цаасаа хэмнэх боломжууд гарч ирдэг давуу талуудтай.
-Та бүхэн цаашдаа ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?
-Бид одоо эхлүүлж байгаа ажлуудынхаа цар хүрээг цаашид улам өргөжүүлж, иргэд харилцагчдад цахим банкны дэвшилтэд техник технологийг улам ойртуулж, цаасны хэрэглээг багасгасан “Цахимжсан ногоон банк” байх зорилтоо шат дараалалтайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
-Цахим банкны бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх ирээдүйн төсөөлөл, Монгол Улсын арилжааны банкуудын цахим үйлчилгээний түвшин дэлхийн хөгжилтэй харьцуулахад ямар түвшинд явж байгаа талаар?
-Хүн төрөлхтөн анх нүүр тулсан харилцааг илүүд үздэг байсан. Гэвч техник технологийн хөгжил хүмүүсийн амьд харилцааг байхгүй болгож байна. Тэгэхээр, ирээдүйн хөгжлийн чиг хандлага бол техник технологи дээр хуучин нүүр тулсан харилцааг сэргээн хамтад нь хөгжүүлэх шинэ хөгжлийг эрэх явдал юм. Цахим технологийг ашиглан нүүр тулсан харилцааг харилцагчдад бий болгох тал дээр бид бүхэн ажиллаж, технологийн хөгжүүлэлтийн шинэ гарцыг нэвтрүүлэх тал дээр судалгаа хийх нь оновчтой юм.
-“Капитал” банкны ирээдүйг хэрхэн харж байна вэ. Мөн хийж бүтээхээр зорьж, мөрөөдөж байгаа ямар ажлууд байна вэ?
-Капиталчууд бид ололт амжилт, алдаа оноо хосолсон 25 жилийн түүхэн хугацаанд үйл ажиллагаа нь төлөвшиж, Монгол улсын банкны салбарын нэгэн багана болж чадсан. Бидний өмнөө тавьсан зорилт “Жижиг, дунд бизнесийг дэмжсэн, байгаль орчинд ээлтэй, үндэсний хэмжээний, цахим банк байх”. Энэ зорилгодоо тодорхой хэмжээнд хүрээд байна. Гэвч амжилтдаа сэтгэл ханалгүй, улам ахиулахын төлөө ажиллах нь бидний үүрэг. Иймээс миний ажил мэргэжилтэй холбоотой хувийн мөрөөдөл, хүсэл бол “Капитал банкны Цахим банк үнэхээр чанартай, өөр дэвшилтийг бий болгож чадсан шүү” гэж хүлээн зөвшөөрөгдөх явдал. авах явдал. Үүний төлөө л ажиллаж, мөрөөдөж, хүсэж явна даа.